Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьжээ.

Гэмт этгээд нь бусад руу "Ямар утасны дугаартай вэ?", "Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана", "Орой болтол мөнгө зээлэх үү?", "72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой" гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.

Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү "Мөнгө байвал түр зээлээч" гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1,000,000 төгрөгийг залилжээ.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, зарын цахим сайтуудад тавигдсан мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.