Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын олон нийтийн мэдээллийн төвд  авлигатай тэмцэх судалгааны ажлуудын үр дүнг танилцуулах хурал өнөөдөр боллоо. 

 Хурлын үеэр Монгол Улсын авлигын төсөөллийн индекс системийн динамик загварын талаар Системийн динамик загвар ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор дэд профессор Б.Ууганбаяр танилцууллаа. 

Тэрбээр "Манай баг Монгол Улсын авлигын индексийн төсөөллийн прогноз хийсэн. Авлигын индекс буурах нь муу, өсөх нь сайн байдаг. Цаашдаа авлигын индекс хэрхэх талаар математикийн магадлалын аргаар тооцоолоод хэд хэдэн суурь бүлэгт хуваасан. Жишээлбэл эмнэлэг, сургууль дээр яагаад авлига гардаг вэ? Нэгдүгээрт, боловсролын чанар, хүртээмж муу учраас хүүхдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд өгдөг. Тиймээс боловсролын чанар хүртээмжийг сайжруулах ёстой.

Хоёрдугаарт, авлига авч байгаа хүмүүс юм. Тэр хүмүүс цалин хөлс хангалтгүй, ил тод байдал байхгүйгээс болж аваад байна. Энэ тогтолцоог өөрчилсний дараа авлигын индекс өснө. 

Авлигын индекс ойрын нэг хоёр жилдээ буурна. Яагаад гэвэл олон нийтийн санал асуулгаар авлигын индексийг бодож гаргадаг. Нүүрс, ЖДҮ-тэй тэмцэж байна гэдгийг иргэд сонсоод эхлэхээр авлига гүнзгийрсэн байна гэсэн сэтгэгдлээр судалгаагаа өгдөг. Тиймээс гурван жилийн дараа одоо хийж байгаа ажлын үр дүн гарч цаашдаа гайгүй болно гэсэн төсөөлөл харагдаж байгаа.  

Иргэдийн санал асуулгаар боловсролын салбар авлигын индексээр тэргүүлсэн. Гэхдээ том хэмжээний авлага огт байхгүй. Мөн эрүүл мэнд, шүүх, гааль татварын газар тэргүүлж байгаа" хэмээн ярилаа.