Шүүх бол засаглал, уг нь. 1992 оны, одоо мөрдөж буй Үндсэн хууль дахь засаглалын ойлголтоор шүүх эрх мэдлийг ийн өргөмжилсөн.

Өөрөөр хэлбэл, Монголын төр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн засаглалын тулгын гурван чулуутай. Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “...Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “...Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, “...Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна” гээд заачихсан.

 

Нэг үгээр хэлбэл, шүүх нь УИХ-тай, Засгийн газартай тэнцэхүйц хэмжээний эрх мэдэл юм. Гэвч шүүхэд засаглалын зангараг алга болчихсон. Шүүх яагаад ийм байдалд хүрсэнтэй холбоотой олон талын дүгнэлтүүд байдаг. Улс төр нөлөөлдөг. Шүүх байгууллага, шүүгч нар ч тэр нөлөөллөөс ангид байж чаддаггүй. Бас шүүгч нарын ёс суртахуун, итгэл үнэмшлийн үнэ цэнэ засаглалаа унагахад нэлээд жин дардаг.  Энэ талаар 2020 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ itoim.mn мэдээллийн сайтад ярихдаа “...Шүүхэд итгэх иргэдийн итгэл, хараат бус шүүхийн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн үндсэн эрх болж баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэн бүхэн хараат бус, шударга, итгэл дүүрэн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрхтэй. Шүүхэд итгэх иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд нэлээд буурч байгаа талаар энд тэндгүй их ярьж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байх магадлалтай.

 

Нэгдүгээрт,  шүүгчдийн дотоод хараат бус байдал алдагдсанаас үүдэж байна.

Хоёрдугаарт, шүүхийн нээлттэй, ил тод ажиллагаа дутмаг байдлаас үүсч байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шүүх хэдий чинээ иргэдэд нээлттэй үйлчилж чадна төдий чинээгээрээ иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ.

 

Тэгэхээр шүүхийн байгууллагууд, иргэд, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагууд хаа хаанаа шүүн таслах ажиллагааг иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ юм шүү гэдэг ухамсар сэтгэлгээнд суралцах ёстой” гэсэн.  Ер нь бол шүүх засаглал үүргээ хэрхэн, ямар дүнтэй гүйцэтгэж байгаагийн хамгийн том илэрхийлэл нь иргэдийн шүүхэд итгэх итгэл юм. Шүүх засаглахуйн тулах цэг нь энэ гэхэд болно. Тиймээс ч улстөрчид шүүхтэй холбоотой хуулиудад гар хүрэхдээ, шүүхийнхэн өөрсдийн эрх зүйг дээрдүүлэхдээ “Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд...” хэмээн бамбай хийдэг. Юу үнэн, энэ үнэн. “...Шүүхэд итгэх итгэл” гээчээр улстөрчид ч, шүүхийнхэн ч “улс төр” хийдэг гэсэн үг. Гэтэл нөгөөх “итгэл” улам суларсаар...

 

Тухайлбал, 2019 онд өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “...Хуулийн төсөл батлагдсанаар ...иргэний шүүх эрх мэдэлд итгэх итгэл сэргэж, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх хангагдана” гэж байгаа юм. 

 

Мөн ШЕЗ-ийн даргын 2017 оны тушаалаар “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” сэдэвт олон нийтийн санал асуулгыг жилд хоёроос доошгүй удаа явуулдаг болсон. Лав тэр намар нь ШЕЗ-өөс уг судалгааны дүнг танилцуулахдаа “...Иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарлаа. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан. 2015 оны байдлаар 60-80 хувь болж өссөн. Мөн иргэдийн 47.4 хувь нь “...Шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн” гэсэн хариулт өгсөн” гэж байв. Гэсэн хэдий ч үүний дараа шүүгч нар, тэр дундаа ШЕЗ-ийн дарга нь “...Иргэдийн шүүхэд итгэл итгэл сайжраагүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн яриаг хэвлэлүүдэд өгсөөр байгаа юм. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 2019 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “...Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан. Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм. Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна” гэсэн. Ажлаа өгснийхөө дараа, 2021 онд мөн л тус сонинд “...Шүүх бие даасан эрх мэдэл болж чадаагүй байгаа. Эдийн засгийн хараат бус байдал арилаагүй үед шүүх эрх мэдэл болохгүй. Иргэдийн шударгаар шүүлгэх эрх бүрэн хэрэгжихгүй шүү” гэсэн. Мөн “...Шударга ёсыг ганц шүүх тогтоодог юм биш. Тэгж андуурч, булзайруулж, бултуулж болохгүй. Шударга ёсны тухай хамгийн их судалж, сургаал айлдсан цор ганц хүн бол Аристотель. Шударга ёсны талаарх ном зохиолыг судлахад түүний сургаалыг давсан нь нэг ч байхгүй. Харин ч түүн дээр л эргээд бууж байх жишээтэй. Аристотель шударга ёсыг эцсийн эцэст хуваарилалтад оршдог, түүгээр илэрдэг, хэмжигддэг гэсэн шүү. Гэтэл Монголд хуваарилалтын шударга ёс шиг алдагдсан зүйл байхгүй. Ард түмэн үүнийг мэддэгүй. Ард нь хуваарилагчид шударга бусын хонгил барьж суух жишээтэй” гэж ярьсан байгаа юм. 

 

ШЕЗ-ийн шинэ дарга Р.Онончимэг ч сар хагасын өмнө gogo.mn мэдээллийн сайтад “...Бид нэг л зүйлийн төлөө зорьж байна. Тэр нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгох. Шүүх хүний зөрчигдсөн эрхийг л хамгаалах гээд байгаа шүү дээ. Үүнийг яаж зөв, ойлгомжтой байлгах вэ гэдэг ажил чухал байна” гэж ярьжээ. 

 

Түүнчлэн Дээд шүүхээс 2023 оны гуравдугаар сарын 2-нд иргэн С.Эрдэнэд зориулж мэдэгдэл гаргажээ. Түүндээ “...Дээд шүүхийн шүүгчдийн  талаарх энэхүү худал мэдээлэл нь жилд нэг зуун мянган хэрэг маргаан шийдвэрлэж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийх... явуургүй, бусармаг, хорон үйл ажиллагаа болно” гэжээ. 

 

Үүнээс гадна манай шүүх засаглалд дэмжлэг үзүүлж, элдэв төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг гадныхан ч энэхүү “иргэдийн итгэл”-тэй холбоотой асуудлаар үнэлгээ, зөвлөмжөө өгч байдаг.

 

Тухайлбал 2022 оны аравдугаар сарын 21-нд  Монголын шүүгчдийн холбооноос “Шүүгч ба олон нийт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тэр арга хэмжээнд АНУ-ын давж заалдах шатны дөрөвдүгээр тойргийн шүүгч Жэймс Эндрю Винн оролцжээ. Тэрбээр “...АНУ болон Монгол Улсын хувьд адилхан ардчилсан тогтолцоотой. Гэхдээ хоёр улсын иргэдийн шүүхэд итгэх итгэл харилцан адилгүй байна. АНУ-ын хувьд иргэд нь шүүхдээ итгэдэг. Гэхдээ манай улс одоогийн шүүхийн тогтолцоог бий болгох гэж багагүй хугацааг зарцуулсан. Тиймээс Монгол Улс иргэдийн итгэлийг олохын тулд хугацаа шаардлагатай байна гэж харж байна.  Монгол Улсын иргэд шүүх шударга шүүнэ гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Тиймээс бусдын халдлагад автахгүй байж иргэдийн итгэлийг олох чухал юм. Шүүхийн сахилгын асуудал, ажлаа нэр хүндтэйгээр хийхийн тулд шалгах ажиллагааг чөлөөтэй явуулж, бодит нотолгоогоор шийдэх нь чухал. Аль ч улсад шүүхийн тогтолцоонд улс төрийн нөлөө бий. АНУ-ын шүүхийн үйл ажиллагаанд ч бас улс төрийн нөлөө байдаг. Тиймээс шүүгч бусдын нөлөөнд автахгүй байж иргэдтэй ойлголцох нь хамгийн чухал юм. Мөн прокурор, улстөрч нотолгоо байна гэж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролддог. Тиймээс нөлөөнд автахгүй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг олох арга зам” гэсэн байдаг.

 

 

Үнэхээр ч ШЕЗ-ийн үе үеийн дарга нар, гадаад дотоодын экспертүүдийн хэлээд байгаачлан шүүх засаглалын гол хэмжүүр болох иргэдийн итгэлийг олж авах нь чухал. Гэвч энэ тал дээр амжилтгүй байгаа нь үнэн аж.Энэ нь улам бүр нотлогдож байна. Монголын томоохон судалгааны байгууллагуудын хамгийн сүүлийн судалгаагаар “..Шүүхэд итгэдэг үү” гэсэн асуултад оролцогчдын 90-94 хувь нь “...Тааруухан”, эсвэл “...Үгүй” гэж хариулжээ. Арван хүний ес нь ийм хариулт хэлсэн гэсэн үг. Мөн уг судалгаагаар шударга ёсны хүсэмжлэл эрс нэмэгдсэн дүн гарчээ. Бас “...Авлигын хэрэг илрэхэд шүүх саад болдог” гэж оролцогчдын 51 хувь нь хэлсэн байна. Энэ маш ноцтой. Судалгааны байгууллагуудын ийм дүгнэлт тун удахгүй нийтийн хүртээл болох гэж байна.  Угаасаа 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгаагаар авлига хамгийн их тархсан институцийн хоёрдугаарт шүүх гарч ирсэн. “Максима” судалгааны байгууллагын саяхны “Шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаан дахь авлигын түвшин болон тэдгээрийн авлигын чиглэгдсэн байдлын үнэлгээ”-гээр шүүх, хууль хяналтын байгууллагын авлига бусад уул уурхай, ашигт малтмалын салбар руу хамгийн өндөр буюу 4.38 үнэлгээний үзүүлэлттэй гарсан байна. 

 

Шүүхийн ийм байдал нь явсаар авлигын индексийн уналттай ч шууд холбогдож таарна.  Ер нь монголчууд яагаад шүүх засаглалдаа итгэхээ больчихсон бэ. Шүүхэд итгэх итгэл ямар учраас жилээс жилд унаад байгаа вэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн 90, түүнээс дээш хувь нь ямар учраас “...Шүүхэд итгэхгүй” гэх болсон бэ.  Яг үнэндээ энэ бүхний хариулт болчихоор жишээнүүдийг бид байнга л сонсож байдаг. 

 

Тухайлбал, олон нийтийн сүлжээг шуугиулаад авсан нэг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 6-нд шийдэж, дахиад л шуугиулав. Иргэн М нь 2022 оны аравдугаар сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Landcruiser-200” автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг зөрчсөн. Үүний улмаас замын урсгал сөрж, долоон автомашиныг мөргөсөн. Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснааряллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Харин шүүх иргэн М-д автомашин жолоодох эрхийг нь гурван жил, зорчих эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оноосон байна. 

 

Баянзүрх дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү уг хэргийн шийдвэрлэлтийн талаар “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай хүсэлт зэргийг харгалзан түүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв. Мөн хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.7 сая төгрөгийг гаргуулан ЭМДЕГ-т олгох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв” хэмээн тайлбарлалаа.

 

Хэдийгээр шүүх хуулиа барьж шийдвэр гаргасан гэсэн ч уг хэрэг буюу 12 настай хүүхдийг ноцтой гэмтээсэн нь тухайн үедээ нийгмийн анхааралд орсон. Мөн иргэн М нь автомашин жолоодох эрхгүй талаар хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлж байв. Гол нь энэ мэтээр нэгэнт ил болсон хэргийн шийдвэрлэлтэд иргэд эргэлзэж үлддэг нь нөгөөх итгэлийг үгүй хийхэд нэмэр болдог нь нууц биш юм. 

 

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны дүүгээс баахан мөнгө туучихсан гэх “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох өдгөө Америкт амьдарч байна. Түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун хилийн хоригийг нь цуцалсан. Энэ шийдвэрийн маргааш нь Д.Буянтогтох Америк руу ниссэн гэх мэдээллийг хэвлэлүүд нийтэлсэн байна. Гэхдээ түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрах бололтой. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын зарласан 92 “шувуу”-ны жагсаалтад Д.Буянтогтох байгаа юм. Нэг үгээр хэлбэл, зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд шүүгчийн ийм үйлдэл шууд нөлөөлөл үзүүлдэг гэдгийг холбогдох байгууллагууд шууд хэлдэг. Энэ нь дахиад л иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бууруулж байдаг юм.

 

За тэгээд, Салхитын мөнгөний ордыг булаацалдсан хоёр хятадын талд насаараа шүүгчээр ажилласан хүмүүс ажиллаж байсан. Хоёр талд хоёуланд нь шүү. Энэ хэрэг эмгэнэлтэйгээр дууссан. Нэмээд баахан шүүгч холбоотой болох нь илэрч, зарим нь ял шийтгэл эдэлсэн. Дээд шүүх Сангийн сайд асан Б-гийн хэрэг дээр хүчингүй болсон хууль ашиглаж, тусгай санал гаргах замаар “хэрэгсэхгүй” болгосон.

 

Энэ асуудал Цэц дээр “шүүгдэх” гэж байна. Хэдэн сарын өмнө, улстөрч, бизнесмэн, шүүгч гурав хамт сууж байгаад бусдыг дарамталсан гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр нийтлэгдсэн. Эдгээрээс гадна шүүхийн боловсон хүчний томилгоо гэдэг зүйл маш их асуудал дагуулна. Шулуухан хэлэхэд, шүүхийн сүүлийн үеийн томилгоог нүүрсний хулгайд ямар нэг байдлаар холбоотой улстөрчид, улс төртэй холбоотой нөхдүүд хийдэг болжээ. Ийм томилгоогоор хэн хэн хаана очсон нь ч нууц биш. “...Монгол жижигхэн” гэж бид ярьдаг даа. Цөөхүүлээ болохоор хэн маань хэнтэй хамааралтай, хаана хэнийгээ “түрээд” явж байна вэ гэдгийг бүгд л мэдэж байдаг. Энэ талаарх баримт фактууд удахгүй сөхөгдөхөөр болоод байна.   

 

Ингээд жишээ баримтуудыг дурдаад байвал дуусахгүй. Товчхондоо, зарим хүний зарлаад, яриад байдагчлан “...Шүүх гэмт хэргийн бирж болчихсон уу” гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна. Хардах шалтгаан ч энэ мэтээр хангалттай байгаа юм. 

 

Тэгэхээр шүүх жинхэнэ утгаараа засаглах гарцыг олох нь чухал болоод байна. Гарц ч гэж дээ, цагаан дээр хараар бичсэн хуулийг хэрэгжүүлж, шүүгч нар нь ёс зүйтэй, тангарагтаа үнэнч байх ёстой. Бас “ашиг сонирхол”-той улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд шүүгчийн томилгоонд оролцдог, томилгоогоор нь барьцаалдаг явдлыг халах учиртай. Ингэж л энэ мухардлаас гарна гэдгийг учир мэдэх хүмүүс яриад эхэллээ дээ. 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин