V-Dem хүрээлэнгээс улс орнуудын ардчиллын үзэл баримтлалыг тодорхойлж, хэмжих зорилгоор Ардчиллын тайланг 7 дахь жилдээ гаргаж буй. Тэдний 2023 оны тайлангаас харахад Монгол Улс ардчиллын индексээр 0.43 оноо авч 179 орны жагсаалтаас 77-д жагсжээ.

  • Индексийн талаар: Ардчиллын индексийг сонгууль, улс төрийн нам, гүйцэтгэх засаглал, шүүх, иргэний эрх чөлөө, бие даасан хараат бус байдал, хэвлэл мэдээлэл зэрэг судалгаа, асуулга хосолсон 71 үзүүлэлтээр үнэлдэг аж.

Ардчиллаас нүүр бууруулсан Монгол

Ардчиллын индексийн жагсаалтыг Дани тэргүүлж буй. Харин Монголын хувьд 2012 оноос хойш ардчиллын индекс нь эрчимтэй буурсан Орос, Беларус, Киргиз зэрэг 7 улсын нэгд багтаад буй. Цаашлаад,

  • Дордолт: Бид 179 орноос 77-д жагсаж байгаа нь өмнөх тайлангийн үр дүнгээс 16 байр ухарсан үзүүлэлт юм.
  • Шалтгаан: Мэтгэлцээнгүй сонгууль, нэг намын хэт ноёрхол, хүний эрх, ардчиллын үндэс суурьтай зөрчилдсөн хууль, дүрэм журмууд энд хүргэж буй нь ойлгомжтой биз ээ.

Тайлангийн гүнд…

Дэлхийн ардчиллын дундаж түвшин 1986 оны түвшин рүү буурсан аж. Тухайлбал өнгөрсөн жил дарангуйлал руу шилжсэн улсын тоо 42 болж шинэ дээд амжилт тогтоосон бол ардчиллыг ердөө 14 улс л сонгосон аж. Түүнчлэн өнгөрсөн 10 жилд,

  • Ухралт: 35 жилийн хугацаанд Ази Номхон далайн бүс нутгийн орнууд ардчиллаас томоохон ухралт хийжээ. Түүнчлэн дэлхийн 47 оронд төрөөс хэвлэл мэдээлэлд тавих цензур улам ихсэв.
  • Нэмэгдсээр: Автократ дэглэмтэй улсын тоо нэмэгдэж дэлхийн ЭЗ-ийн 46%-ийг бүрдүүлэх болов. Учир нь Ази, Номхон далайн бүс нутагт 10 хүн тутмын бараг 9 буюу 89% нь автократ улсад амьдардаг аж. Түүгээр ч зогсохгүй ардчилсан орнуудын хоорондын худалдаа 47% болсон бөгөөд 24 жилийн өмнө л гэхэд 74% байсан билээ.

https://lemonpress.mn/