“Халх Жавзандамба хувилгааны тухай” сэдвээр Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 8-нд XIV Далай лам Энэтхэг улсад "Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа" уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл ном айлдсан.

Хурлын эхэнд XIV Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Энэ үгийг төвөд хэлнээс яг тулгаж сонсоорой. Түүнээс биш "X Богд" гэж огт оролцуулаагүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй байна" гэдгийг хэлэв.

Мөн "Бид богинохон ой санамжтай байж болохгүй. Өнгөрсөн түүхээ хэн сайн санана, ирээдүйг тэд захирна гэсэн үг бий. Та бүхэнд баримтыг хэлье. 

X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. 2020 онд АНУ-ын Конгрессоос баталсан холбогдох баримт бичигт Далай ламыг залгамжлагч, эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл гэсэн бүлэг байдаг. Уг бүлэгт Хятад улсын Засгийн газар, эсвэл өөр улсын Засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно гэж заажээ.

Төвөдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй.

1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчхөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз. Хэрэв ийм бол 2016 онд XIV Далай ламыг шал дэмий урин авчирч, X Богдын хойд дүр тодруулсан гэх худал, хуурмаг явдалд итгэн сүжиглэх шаардлагагүй" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Богдын хойд дүр тодруулах үйл ажиллагаанд дэг журмаараа номын ёсонд зааснаар биш, хөндлөнгийн эрх ашиг холилдсон, утгагүй зүйл болсон нь улам тодорхой болж байх шиг.

X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж болзошгүй. Би Далай ламын эсэргүүцэж, сөрөг байр суурь илэрхийлээгүй. Өмнөх түүхүүд шигээ будилаантай болчих вий сайн магадлаач ээ гэдгийг хэлье.

Эхнээс нь буруу ойлголт төрүүлбэл Монгол Улс маань дэлхийн шившиг болох гээд байна. Намайг муулах хамаагүй. Би угаас сайн, муу хэлүүлээд ирсэн. Бид ч хагаралдах хэрэггүй, эв эеэ хичээх ёстой. Далай багш саяхан “Дайсан чинь зөвхөн та нарын дотоод сэтгэлд байгаа. Гадна талд ямар ч дайсан байхгүй” хэмээн айлдсан байдаг" гэж хэллээ.