БАРИМТ: Шүүх, хуулийнханд хахууль өгч Салхитын мөнгөний ордыг хятад иргэд 100% эзэмшихээр санаархаж байсан гашуун түүх
2023/03/14
Монгол Улсын шүүх, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг БНХАУ-ын иргэд хахуульдах замаар манай улсын баялгийг хэрхэн эзэмшихээр санаархаж байсан гашуун түүхийг эргэн сануулахаар АТГ-аас баримтад тулгуурласан "Алдагдах шахсан Монголын баялаг" нэвтрүүлгийг бэлтгэжээ.
Нэвтрүүлгээс товч дурдвал, Хятадын хоёр иргэн Салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж, тухайн ордын лицензийг эзэмшиж байсан компанийн хувьцааг дангаар буюу 100% эзэмших гэсэн шуналаас энэхүү авлигын гэмт хэргийн зангилаа эхлэлтэй байна.
2016 онд Хятад улсын иргэн Янь болон Ван нар их хэмжээний мөнгөний нөөц тогтоогдсон Салхитын мөнгөний ордыг булаацалдан их хэмжээний хахуулийн мөнгийг Монгол Улсын шүүгч нарт өгч байгаа тухай мэдээллийг тус байгууллагын мөрдөгчид авч, хууль бус үйлдлийг баримтжуулан мөрдсөөр илрүүлсэн түүхтэй аж.
Янь гэгч нь уг маргааныг өөрт ашигтай байдлаар шийдүүлэхээр өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргуулсан бол Ван нь Монгол Улсын иргэн М, Ж, Г нартай үгсэн тохиролцож, уг орд газрын эзэмшлийг бүхэлд нь өөрийн талд авахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан байна. Үүний цаана өндөр зохион байгуулагдсан баг нарийн төлөвлөгөөтэй ажиллаж байсан нь мөрдөн шалгах нууц ажиллагаагаар илэрчээ.
Мөрдөн шалгах нууц ажиллагаагаар Монгол Улсын иргэн М, Ж, Г нар нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц гэгчтэй үеэлүүд, мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Х нартай хамаарал бүхий найзууд байсан учир шүүхээс ашигтай шийдвэр гаргуулна гэж тооцоолсон байсныг АТГ-ын комиссар тайлбарлаж байна.
Үргэлжлэлийг "Алдагдах шахсан Монголын баялаг" нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.
Сануулахад, Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг Салхитын мөнгөний ордод 2018 онд хууль, хяналтын байгууллагынхан тусгай ажиллагаа явуулж, улсын мэдэлд авсан юм.
Хэрэгт холбогдсон шүүгч нарт ял оноож, авлигын хэрэгт хураагдсан $1.4 саяыг улсын орлого болгосон билээ.