Сурагчдад гуравдугаар ангиас англи хэлний хичээл оруулдаг болох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, Их Британийн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ хэмээн хэлсэн байдаг. 

Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм.  

Тэрбээр "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Боловсролын тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд англи хэлийг бага ангиас нь эхэлж оруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар ангиас нь англи хэлийг тоглоомын хэлбэрээр заадаг арга барил руу оруулах юм. Ингэхдээ Кембриж болон "Pearson" хөтөлбөр дээр хийгдсэн нэлээд судалгаанд тулгуурласан. 

Тухайлбал, сурагчдад англи хэлийг тоглоомын аргаар заана. Мөн танхимын сургалтаас гадна англи хэлний цахим сургалтын тогтолцоог оруулж ирж байгаагаар онцлог. 

Бага ангийн хүүхдүүдэд үлгэр ярьж, үүний дараа сонссон үлгэрийнх нь агуулгыг яриулах, зөв дуудлагад сургах зэрэг хэлний дөрвөн чадварыг жигд хөгжүүлэх зорилгоор цахим сургалтын платформыг нэвтрүүлж байгаа" хэмээн хэллээ. 

"Бага насны хүүхдүүд хоёр хэлийг зэрэг сурахад сэтгэлгээ нь хоёр дахин хөгжиж байдаг"

зураг

 

Мөн "Энэ улирлын хичээлээс дээрх хөтөлбөрийг туршилтаар зарим сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. "Pearson" хөтөлбөрийг 38 сургуульд хэрэгжүүлж, 30,000 гаруй хүүхдэд англи хэл заагаад байна. 

Бид 3-5 дугаар ангийнхны дунд энэ туршилтыг явуулахдаа зарим судалгааг давхар хийж байгаа. Жишээлбэл, англи хэлний хичээлийг долоо хоногт хэдэн цаг орвол хүүхдэд ачаалал бага байх зэргийг судалж байна.

Ирэх есдүгээр сарын эхээр сурагчдад долоо хоногт хэдэн цаг англи хэл заах хугацаа нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, ирэх хичээлийн жилд бүх сургуульд дээрх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлнэ. Одоогоор туршилт явагдаж байгаа бөгөөд хүүхдүүдэд ачаалал болохгүйгээр хичээлийг хэдэн цагаар, ямар агуулгаар заах эсэхийг тодорхой болгоно. Аливаа хичээлийг сурахад optimal буюу тохиромжтой цаг гэж байдаг. Тухайн тохиромжтой цагаа тодорхойлно гэсэн үг. 

Бид хувийн сургуулиудын жишигт улсын сургуулиудыг урт хугацаанд хүргэх үе шаттай бодлогуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Бага насны хүүхдүүд хоёр хэлийг зэрэг сурахад сэтгэлгээ нь хоёр дахин хөгжиж, төсөөлөн бодох чадвар, санах ой тогтоолт сайжирдаг. Тиймээс ч танин мэдэхүй талдаа нэлээд ач холбогдолтой хэмээн үздэг" гэлээ. 

"Мэдээж сурагчдыг 1-2 дугаар ангид байх үед эх хэлээр нь уншуулж, бичүүлж сургах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн "Бага насны хүүхдүүд англи хэл сурвал Монгол хэл, сэтгэлгээ байхгүй болно гэж зарим хүн хэлдэг. Одоогоор гадаад хэл сурахад тухайн улс орны үндэстний уламжлалыг орхигдуулсан, сэтгэлгээний өөрчлөлт гарсан гэсэн судалгааг бид үзээгүй байна.

Дэлхийд боловсролоор тэргүүлэгч, үлгэр жишээ авахуйц улс орнуудад гадаад хэлийг бага наснаас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, гадаад хэлний хичээлийг төрөлх хэлтэй нь адилхан ордог. 

Мэдээж сурагчдыг 1-2 дугаар ангид байх үед эх хэлээр нь уншуулж, бичүүлж сургах хэрэгтэй. Улмаар гуравдугаар ангиас нь англи хэлийг заахдаа ачаалал их өгөхгүй. Эхэлж яриаг нь сайжруулаад аажимдаа бичиг рүү шилжүүлдэг. Монгол хэлийг ерөнхийд нь эзэмшээд ярианы хэл сайжрах тухайн процесс дээр гадаад хэлийг бид оруулж ирж байгаа гэсэн үг" хэмээн хэллээ.