Ц.Магалжавын үүсгэн байгуулсан "Аме трейд" ХХК "Ноолуур хөтөлбөр 2020"-оос 2.3₮ тэрбумын зээлийн үлдэгдэлтэй
2023/03/15
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах үдээс хойших сонсгол үргэлжилж байна.
“Ноолуур хөтөлбөр 2020” цар тахлын үеийн ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн талаар танилцууллаа.
Шинжээчийн дүгнэлт "Аме трейд" ХХК нь ноолуур бэлтгэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр 2.45 тэрбум төгрөгийн зээлийг төрийн банкнаас санхүүжүүлж авсан. Тус компани хувьцааг З.Эрдэнэбат 48 хувь, Т.Энх-Амгалан 52 хувийг эзэмшдэг. Зээл олгох үед Ц.Магалжав 56 хувь, З.Эрдэнэбат 14.9 хувь, Т.Энх-Амгалан тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг байжээ.
Тус компани нь ХХААХҮЯ-тай "Бодлогын гэрээ" байгуулсан бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 2.35 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн өрийн үлдэгдэлтэй зөрчил үүссэн тул Төрийн банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргасан" хэмээн танилцууллаа.
"Аме трейд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Ц.Магалжавыг гэрчээр дуудсан боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульч У.Алтанхүү уг сонсголд ирсэн юм. Гэрчээс "Аме трейд" ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдлийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асуув.
-"Аме трейд" ХХК-ийн үүсгэн Ц.Магалжав нь Монголын бөхийн холбооны тэргүүн мөн үү?
-Мөн
-Шинжээчийн дүгнэлтэд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Одоо 2.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэсэн. Үүнийгээ төлөх үү?
-Бид төлөөд явж байгаа. Шинжээчийн дүгнэлт гарснаас хойш урагшаа гаргасан ноолуурынхаа гэрээний дагуу хамтрагчтайгаа уулзаж эхний төлбөр орж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 700 сая төгрөгийг төлсөн. Хил хаалттай байсан учраас харилцагчтай уулзаж чадаагүй. Тиймээс төлбөр хойшлогдсон. Одоо бол наадмаас өмнө бүх зээлээ төлж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ц.Магалжав үйлчлүүлэгч маань "Аме трейд" ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд хамтран хувь эзэмшдэг хоёр хүндээ шилжүүлсэн. Улаанбаатар хотод хил хаалттай үед 2022 оны тавдугаар сараас долоодугаар сарын хооронд ноолуурын үнэ 35-56 мянган төгрөгийн ханштай байсан. Засгийн газрын тогтоолын дагуу дөрөвдүгээр сараас авхуулаад Сүхбаатар аймгаас 105 мянган төгрөгөөр ноолуурыг цуглуулсан. 20 мянган төгрөгийн зөрүүг Засгийн газраас, 80 мянган төгрөгийн зөрүүг өөрийн хөрөнгө буюу зээлээс зарцуулсан. Үйлчлүүлэгч маань хуралд хамт орох ёстой байсан боловч зайлшгүй шалтгааны улмаас ирсэнгүй.