Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнөөдөр хүлээж авсан. Энэ талаар хуулийн төслийг боловсруулсан сайд тайлбарлалаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрх, УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 1/3-ээр хүлээж авч байна.

Цахим залилан, гэмт хэрэг, цахим орчинд хүүхдийн, хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлүүд өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Миний хувьд Засгийн газраас барьсан хуулийн үзэл санаа, үнэт зүйлээс ухраагүй. Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн саналыг тусган дахин оруулах бололцоо бидэнд бий. Гэхдээ яг өнөөдөр гэж хэлэхгүй. Цаг хугацаа харуулна.

Ерөнхийлөгч хориг тавьсан хуулийн төсөл нь цахим орчинд хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах, эрх нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн эрх ашгийг хамгаалахаар хийсэн эхний үйлдэл байсан. Энэ хууль нэгэн цаг үед батлагдах ёстой хууль.

Уг хуулийг Засгийн газраас 10 гаруй удаа өргөн мэдүүлэх оролдлого хийж байсан. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлээд яаралтай горимоор хэлэлцэхэд ямар нэгэн дэг зөрчсөн зүйл байхгүй. Хуулийн процедурын хувьд алдаа гаргасан гэдэг Ерөнхийлөгчийн хориг тавих үндэслэлийг хүлээж авч байгаа" гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

  1. Хуулийн төсөлд судалгаа хангалттай хийгдсэн.
  2. Ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа хүмүүсийнхээ саналыг тусгаагүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ерөнхийлөгчийн хориг дотор уг үндэслэл орсон байсан. Нэг аавын хүү энэ хуулийг нэг өдөр барих л байх.
  3. Ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүд гэж хэнийг хэлэх вэ? гэсэн асуултад "Хуульд шүүмж хэлсэн, илүү их анхаарал тавьж байсан, хуулийг батлуулахгүй байхыг хүсэж байсан этгээдүүдэд ашиг сонирхол нь зөрчигдөж байсан этгээдүүдийг хамааруулах байх. Цаашид ТББ, мэргэжлийн холбоод, иргэдтэй хамтарч хэлэлцүүлэг өрнүүлж байж Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг батлах нь зөв байх гэж бодож байна.