ЦЕГ: Монгол Улсын хэмжээнд нэг цагт 2-3 хүн цахим залилангийн хохирогч болж байдаг
2023/03/21
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс Монгол Улсын хэмжээнд нэг цагт 2-3 хүн цахим залилангийн хохирогч болж байдгийг онцлоод доорх тоо баримтуудыг дурдлаа.
Өнгөрсөн жилд 20,000 хүн цахим гэмт хэрэгт өртөж залилуулсан бөгөөд энэ нь сард 1,748 хүн, өдөрт 58 хүн залилуулж байна гэсэн үг.
Эдгээрээс фэйсбүүкээр нь хууль бусаар нэвтрээд бусдаас мөнгө гуйж байгаа гэмт хэрэгт сард дунджаар 66 иргэн хохирдог бол их хэмжээний зээл хүүгүй олгох тухай цахим сэтгэгдэлд нэг сарын хугацаанд 21 иргэн хандаж залилуулжээ.
Тиймээс ард иргэдийг өөртөө хор хохирол учруулж болзошгүй үйлдэлд анхааран сонор сэрэмжээ дээшлүүлж, хүлээн авч буй мэдээ мэдээлэлдээ нухацтай, няхуур хандахыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхаарууллаа.
Мөн ойр дотны хүн, танилын чинь цахим хаягаас хэн нэгэн мөнгө асуусан тохиолдолд утас руу нь залган лавлаж асуух зэргээр энгийн дадлыг өөртөө суулгаж залилуулахаа боливол залилангийн гэмт хэрэг үйлдээд байгаа хүмүүс ч багасна гэдгийг зөвлөсөн юм.