Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны гуравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ.

Ингээд Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарыг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглох буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж шийдвэрлэв.