Бид биш бол өөр хэн? Одоо биш бол хэзээ?
2023/04/11
МАНАН дэглэмтэй тэмцсэн цагаас хойш Монголчууд олон цочмог мэдээлэл дунд амьдарч эхэлсэн. Жаран тэрбумын албан тушаалын схемээс эхлүүлсэн тэмцэл улам лавширч цааш хөврөн, нийслэлд бугшсан газрын наймаа, Сүхбаатарын талбайгаа хүртэл зарчихсан хэт даварсан хуйвалдаан... Оюутолгой, Эрдэнэт, Салхит, Асгат, Тост, Тосон бумба, Ноён уулаар өрнөсөн ашигт малтмалын лицензийн ил цагаан дээрэм будилаан, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Сургалтын сангийн зээл ер юу эсийн булхай хулгай шил дараалан гарч ирэв ээ. Гарч ирэв ч гэж дээ гаргаж ирэв.
ЭХЛҮҮЛСЭН БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Энэ бүхнийг эхлүүлсэн, ил гаргаж иргэдийнхээ өмнө илчилсэн хүмүүс бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрчид. Өнгөрсөн 30 жилийнхээ өтгөн МАНАН-тай эвлэрээд явах уу? эсвэл иргэдтэйгээ хамтраад шийдэх үү? гэсэн асуултыг ард түмэндээ анх тавьсан цаг саяхан. Одоо л бид шийдэхгүй бол хэзээ ч биш олон түмэн минь дэмжээд өгөөрэй гээд... Гучин жилийн хулгай дээрэм, гучин жил үүрлэсэн хорт тогтолцооны үүр уурхай рүү тэд орж явчихсан. Эхнээсээ эзэд нь улайгаад, эх орноосоо зугтсан нь дөрлүүлээд ирлээ. Сошиал орчинд өнөөдөр өсөрхөх өрөвдөх хоёр ээлжилж байх шиг. Эхлүүлсэн бол үргэлжлүүлнэ гэдгээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ард түмэндээ хэдийнээ илэрхийлсэн.
ГОМДОЛ ТАСРАВЧ ГОРЬДЛОГО ТАСРАХГҮЙ
Шулуухан хэлэхэд иргэдийн сүүлчийн хүлээлт шүүх засаглал дээр торж байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын эхлүүлсэн МАНАН дэглэмтэй хийсэн тэмцэл өдөр өдрөөр өнгөрсөн он жилүүдийн булхайг илрүүлж буруутныг гаргаж ирсээр байгаа. Энэ хоёрын гаргаад ирсэн хэрэг, хэрэгтэн нарт шударга шүүхийн мэргэн шийдвэр ончтой тусаасай гэсэн ард түмний хүсэмжлэл, хүлээлт горьдлогыг хэмжих аргагүй юм.
ӨСӨРХӨХ ШАЛТГААН
Бүх боломжоо алдсан иргэд бүхэл бүтэн гучин жил ашиглуулсан ард түмэн тэднийг үзэн ядаж, бүхэл амьдралынхаа гучин жил, ахиж хөгжих он жилүүдээ алдсан учраас иргэд ингэж өсөрхөж байгаа хэрэг. Ядуу тарчиг амьдрал, явцуу давчуу боломж дундуур янхийж махийж гучин жил зүтгэсэн учраас ард түмэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын онгичоод гаргаад ирсэн хэргийн дуулианд цочирдож. Идсэн уусан эздэд голдоо ортол гомдож байгаа нь энэ. Гэхдээ энэ гомдол горьдлого хүлээлт гэсэн итгэл дээр тэсэрчихгүй тэсэж байгааг мартаж болохгүй.
ӨРӨВДӨХ ШАЛЧИГНААН
Зарим нь өрөвдөж байх юм.
"За яах вэ дээ идээ л биз. Өсөрхөж байна. Өрсөлдөгчөө намнаж байна" гэсэн өмөөрөөд ч байгаа юм шиг, өрөвдөөд ч байгаа юм шиг өчнөөн пост сошиалаар хөвөрнө. Аргагүй ээ өнгөтэй, мөнгөтэй. Өчнөөн жил энэ улсаас зулгаасан хөрөнгөтэй хүмүүс энэ дайны захиалгат сурталчилгаа хийлгүй яах вэ.
Гэхдээ л ингэтлээ гучин жил эздэдээ хүчиндүүлж, хамаг боломжоо дээрэмдүүлж ирчхээд өрөвдсөн өмөөрсөн постууд өдөр өнжихгүй оруулсаар суугаа өнгөнд дуртай, мөнгөнд шуналтай өрөвдмөөр хүмүүсийг тэнгэр ниргэг.
ХАР ЦАГААНАА ЯЛГАХТАЙГАА
Нийгмийн энэ гомдол бухимдал дээр өнөөх л хулгайч луйварчид нь нэг хэсэг сөрж дайрах гэж үзэв. Жагсаал тэмцэл өрнүүлж, тараая нураая гэж турхирч, төр засаг руу төлбөртэйгөөр довтолж дайрч эхэлсэн. Монголчууд аливаад нуруутай ханддаг шигээ хар цагаанаа ялгаад байгаа юм. Гучин жил цусалсан тэд буруутай юу? Гурван жил тэмцэж байгаа өнөөгийн төр буруутай юу? Гэдгээ харин ч нэг хангалттай ялгаж байгаа. Яахаараа хулгайлсан он жилүүдийн луйварчдад өдөөгдөж хулгайг илчилсэн одоогийн засаг төр лүү угаадас цацах ёстой гэж.
Эцэст нь ил далдаас турхираад байгаа ХУЛГАЙЧ бүлэг ЛУЙВАРЧИД нарт хандаж хэлэхэд "ядарсан ч гэлээ Монголчууд хулгайч дээрэмчдэд гаргасан уураа хулгай дээрмийг илрүүлсэн одоогийн төр засагт гаргах дээрээ очтол арай ч мунхран галзуурчхаагүй байна." Хар цагаан, ус тос нь ялгарах цаг наашилж байна, Монголчууд минь.
О.Түвшиндэмбэрэл
Зочин · 2023/04/12
сайдыг дэмжинэ одоо бүгдийг илрүүлээд зөв замаар явмаар байна 30 жил эмх замбараагүй явлаа одоо цаг нь болж дэг журамтай байя
Ус · 2023/04/11
Ус тосоо зөв ялгачаарай е сайдаа ард түмний юу хүсээд бгааг ойлгосон тиймүү