УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох эсэх асуудалд гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар завсарлага авах гэсэн боловч чуулганы хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж төлөвлөсөн асуудлыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж саналыг нь хүлээж авсангүй.
 
Үүнээс үүдэн нэлээд маргаан дэгдэж “давхар дээл”-ний асуудлыг дахин сөхөж, Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцсээр байлаа.
 
Ийн маргалдсны эцэст Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох байнгын хорооны саналыг дэмжье гэсэн горимын саналаар санал хураасан юм. Уг санал хураалтанд оролцсон нийт 40 гишүүний 36 гишүүн буюу 85 хувь нь зөвшөөрсөн тул Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо.
 
Чуулганы хуралдааны горим ёсоор дараагийн асуудлуудыг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ш.Түвдэндоржийн санал хураалтыг эсэргүүцэж хэлэлцэх бүх асуудлуудад тав хоногийн завсарлага авах санал гаргасан юм. Гэвч УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу зөвхөн тухайн хэлэлцэхээр зарласан асуудалд л завсарлага авахаар заасан тул Галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлгээс завсарлага авлаа.
 
Х.Даваа