Наадамчдын зам 46-50 мянган машин зорчуулах хүчин чадалтай ч хоногт 86 мянгаас дээш гарч, тэг зогсож байна
2023/04/18
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанд нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон Засгийн газрын гишүүд оролцож, санал бодлоо дэвшүүлж байгаа юм.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Чингисийн өргөө, Наадамчдын зам, Туулын замаар өдөрт хэдэн машин зорчиж байгаа вэ. Энэ тоог өвлөөс хойш авч чадахгүй байна. Мэдээллээ уялдуулж нэгтгэн, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байна" гэсэн юм.
Түүний асуултад Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Одоогоор камераар болон өөрсдөө очиж, нүдээрээ тоолж байгаа. RFID бүрэн нэвтэрснээр зорчилтын тоонууд нарийвчлан гаргах боломжтой болно" гэсэн юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг "RFID уншигчийг байрлуулж дууссан. Гол гурван үр дүнгийн нэг нь зорчилтын нэгдсэн мэдээллийг гаргана. Хоёрдугаарт, зорчилттой холбоотойгоор зохион байгуулалтын арга хэмжээ авах, гуравдугаарт, төлбөр тооцоог цахимаар хийх юм.
Одоогоор бид тодорхой байршлуудад камер тавьж, тоолдог. Наадамчдын өргөн чөлөө нь нийт зургаан эгнээтэй, 8.2 километр үргэлжилсэн зам, зорчилт хоногтоо 86 мянгаас дээш гарч байна. 46-50 мянган машин авах чадалтай зам нь хоногтоо 86 мянгаас дээш гарч, тэг зогсолт болж байна. Энэхүү өргөн чөлөөг хөндлөн чиглэлд хоёр, урд хэсэгт нь нэг холбоос хийхээр төлөвлөсөн" гэлээ.