ХӨНДӨХ СЭДЭВ: Хагас эрх чөлөө хаана гээгдсэн бэ
2023/05/03
Энэ үгийг өнөөдөр “Блю Скай” зочид буудлын хоёр давхар цугласан сэтгүүлзүйн салбарын болон хүний эрхийн байгууллагын төлөөллүүд, Төв талбайд акц зохион байгуулсан сэтгүүлзүйн салбарын төлөөллүүд төрд дуулгахыг хүссэн юм.
Учир нь Монгол Улс хэдийгээр хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон хэмээн нэрлэгддэг ч жилээс жилд энэ эрх чөлөө улам бүр хумигдаж, олон нийтийн мэдэх эрхийг хангасныхаа төлөө цагдаа, шүүхийн хаалга татаж, зарим нь хоригдож, хэвлэлийн хагас эрх чөлөө хаана ч юм гээгдэж орхисон нь энэ өдөр индрээс тавьсан илтгэл бүхэнд дурдагдсан тоо баримтаас харагдаж байв.
НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 1993 онд энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тунхаглажээ. Өдгөө 30 насны босгоо алхаж буй хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өнөө жил “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь” хэмээн зарлажээ.
Дэлхий дахин сүүлийн жилүүдэд хүний эрх, ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай тэмцэж буй. Тэр тусмаа цар тахлын жилүүдэд хүний эрх, эрх чөлөөг хумих, хаах асуудал хөгжиж буй орнуудаас илүүтэй хөгжингүй болон хөгжил буурай орнуудад ихээхэн гарсан, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдсан байсан учраас хүний эрхийг хангах асуудлыг НҮБ-аас салбар бүрт хөндөж буй юм.
Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэл мэдээллийн хүрээлэн, ХЭҮК, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл зэрэг хүний эрхийн болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө ажиллаж буй төрийн бус байгууллагын олон төлөөлөл энэ өдөр Монголын ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, чөлөөт хэвлэлийн суурь чухам ямар түвшинд явааг хэлэлцэж байгаа юм. Өнөөх л өмнөх 20 жил яригдаж байсан сэтгүүлзүй, сэтгүүлчид улстөрчдийн халаасанд орсон, эздийн эрх ашигт хүлэгдсэн, мөнгөний сэтгүүлзүй ноёлсон гэх сэдэв өнөөдөр ч тулга тойрсон яриа мэт чуулганы гол сэдэв болон яригдаж байх юм.
Харамсалтай нь жил бүхэн үүнийг ярьдаг ч гарцаа олж хараагүй хэвээр буйг нуух юун. Чөлөөт хэвлэл оршин тогтнохын тулд, зар сурталчилгаа, мөнгөний эрх ашгаас ангижрахын тулд юу хийх вэ гэдгээ тойрч ярьсаар байгаа ч чөтгөрийн тойргоосоо ангижирч чадаагүй нь үнэн.
Энэ бүхэн дан ганц Монголын сэтгүүлзүйд ч бус дэлхий нийтэд ч тулгарч байсан бэрхшээл. Гэвч олон орны сэтгүүлзүйн салбарынхан санхүүгийн бие даасан байдлыг бүрдүүлэх, сошиал орчинд сэтгүүлчид бүтээлээ үнэлэх, тусгай бие даасан сантай, улс төрийн хараат бус байдлаар санхүүжилттэй болсноор сэтгүүлчдээ мэргэшүүлэх, дадлагажуулах, эрэн сурвалжлах хараат сэтгүүлзүйг хөгжүүлж чаджээ. Монголын сэтгүүлзүй ч үүний араас явах, сэтгүүлчийн бүтээлийг үнэлдэг системтэй болох, сэтгүүлчийн эрхийг хамгаалах үйлдвэрчний эвлэл, МСЭ нь хүчирхэг, гишүүнчлэлтэй, татвартай, эрхзүйн орчноо болон сэтгүүлчээ хамгаалахад улс төрөөс хараат ажиллах шаардлага байгааг цаашдаа анхаарах биз.
Таван сэтгүүлч тутмын хоёр нь цагдаад мэдүүлэг өгдөг
Мөн энэ өдөр сэтгүүлчид Төв талбайд цуглаж, Монгол Улсын газрын зураг дотор хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөнийхөө үнэ цэнийн төлөө акц зохион байгуулав. Биднээс улам улам алсарч буй чөлөөт хэвлэл, чөлөөт нийгмийн үнэ цэнийг ойлгуулах гэсэн энэхүү акцыг сэтгүүлзүйн салбарынхан маань хэрхэн дүгнэв?
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү:
-Юуны өмнө нийт сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Өнөө жил Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн салбарын бүх холбоод, хэвлэл мэдээллийн байгууллага хамтран нэгдсэн форумаа хийлээ. Цаашдаа ч ийм байдлаар асуудлаа өргөн хүрээнд ярилцаж байх нь зөв гэж бодлоо. Сэтгүүлчид “бидний эрх хаана зөрчигдөж байна вэ” гэсэн асуудал дэвшүүлсэн тайван замаар акц зохион байгуулж буйд туйлын талархалтай байна.
Цахим сэтгүүлзүй хурдтай хөгжиж буй энэ цагт цахим сэтгүүлзүйд хүний эрхийг зөрчих, хүний эрх зөрчигдөх асуудал их бий. Тиймээс цаашдаа цахим салбарынхнаараа мөн энэ сэдвийг хөндөж ярих нь зөв гэж үзэж байгаа.
Монгол Улс хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индексээр жил ирэх тусам ухарч буй. Энэ бол маш харамсалтай тоо. Монгол Улсад нийтлэх эрх чөлөө чөлөөтэй ч хэвлэлийн эрх чөлөө алга. Сэтгүүлчид баримттай мэдээллээ хараат бусаар нийтэлж, нэвтрүүлдэг ч эргээд шүүхэд дуудагддаг, хууль шүүхийн дарамтад ордог, улстөрчид айлгаж ичээдэг асуудал хэвээр байгааг өнөөдрийн хэлэлцүүлэгт дурдагдсан тоон баримтууд хэлээд өгч байна. Үүний эсрэг холбоод, хүний эрхийн байгууллагууд дуугарч, дуу хоолойгоо нэгтгэх цаг нь болсон. Хэвлэлийн эрх чөлөөний хууль дөнгөж өчигдөрхөн л шинэчилсан найруулгаар хэлэлцэхээр Засгийн газрын босго давлаа шүү дээ.
Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч Б.Ууганбаяр:
-Хэвлэлийн хагас эрх чөлөө маань улам бүр хумигдаж буйг олон улсын байгууллагууд хэлж байна. УИХ-аас баталж буй хуульд хэвлэлийн эрх чөлөөг хумьсан заалтууд цөөнгүй тусгагдаж байгаа учраас өнөөдөр бид энд цуглаж акц зохион байгуулж буй юм. Нөгөө талаас Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар сэтгүүлчдэд ял оноодог, торгууль ногдуулсаар байгаа учраас чөлөөт хэвлэл, чөлөөт нийгмийн төлөө Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож, үгээ хэлж байна.
Энэ нь Монгол Улсын хэмжээнд сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдаж гэмээнэ Монголын иргэн бүрийн эрх зөрчигдөх юм шүү гэсэн утгыг харуулсан хэрэг. Иргэний мэдэх эрх харанхуй болох үүднээс анхааруулж зогсож байгаа юм. Олон улсын хэмжээнд ч сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгааг Олон улсын сэтгүүлчдийн холбоо хэлж байгаа. Хамгийн гол нь хууль эрхзүйн орчноо засаж сайжруулах ёстой гэдгийг хөндөж энэ нөлөөллийн аяныг хийлээ. Үүнээс гадна сэтгүүлчдээ чадавхжуулах асуудлыг бид илүү анхаарч байна. Хулгай хийсэн хүн, сэтгүүлч хоёр яг адилхан цагдаагийн үүд сахиж буйг л өөрчилье гэх мэтээр олон ажил бид хийж байна.
Нууц.мн сайтын сэтгүүлч С.Будрагчаа:
-Монголын сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй хүмүүсийн эрх, эрх чөлөө өмнө хэзээ ч байгаагүй доод түвшинд хүрсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, улстөрчдийн булхайтай тэмцсэнийхээ төлөө сэтгүүлчдийн эрх маш ихээр зөрчигдөж, таван сэтгүүлч тутмын хоёр нь ямар нэг байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэгтэн болж шүүхээр хэргээ шийдүүлэх хэмжээнд хүрч байна. Энэ салбарт ажиллаж буй нийт хүмүүсийн 95 хувь нь сэтгэлзүйн хүнд дарамтад орж байгааг "Глоб интернэшнл" төвөөс гаргасан албан ёсны судалгаа харуулж байгаа юм.
Сэтгүүлчдийн эрхийн төлөө ийм акц зохион байгуулсан байгууллагуудад маш их баярлалаа. Бид энэ өдөр өмнө нь баярлаж, хөөрөөд л нэгэндээ мэндчилгээ дэвшүүлээд, шилдгээ тодруулаад өнгөрдөг байлаа. Харин энэ удаад бидний эрхийг битгий зөрчөөч ээ, энэ чинь Монгол Улсын иргэн бүрийн мэдэх эрхэд халдаж буй үйлдэл хэмээн зоригтой дуугарч буйд талархлаа.
Өнгөрсөн жил гэхэд л миний хувьд Монгол Улсын Шадар сайдын талаар баримттай нэвтрүүлэг цацсан. Гэсэн ч энэ нэвтрүүлгийн төлөө намайг гурван ч өөр дүүрэгт цагдаад өглөө. Очсон дүүрэг болгоны цагдаа баримттай, нотолгоотой, үнэнд суурилсан нэвтрүүлэг гээд хэргийг хаахаар дахиад өөр дүүрэгт цагдаад өгөх гэх мэтээр сэтгүүлчийг үндсэндээ залхаан цээрлүүлдэг. Миний хувьд 10 гаруй асуудлаар мэдүүлэг өгч, цагдаад дуудагдаад явж байна. Өнөөдөр нэвтрүүлэг хийж явсан залуу сэтгүүлч хүртэл цагдан хоригдчихоод байгааг та бүхэн мэдэж байгаа. Сэтгүүлчид маш хүнд орчинд ажлаа хийж байна гэхэд буруудахгүй.
infomongol.mn сайтын эрхлэгч А.Алтантуяа:
-Сэтгүүлчид анх удаа нэгдсэн байдлаар үгээ хэлж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж буйд талархаж зогсоно. Бидний дуу хоолой нийгэмд хүчтэй юу гэвэл хүчтэй. Гэхдээ өөрсдийнхөө эрхийн төлөө арай бага дуугарч байв уу гэж бодож байна. Цаашдаа хэвлэлийн эрх чөлөөгөө жинхэнэ утгаар олж авахын төлөө явах ёстой юм. Энэ бол хэдхэн сэтгүүлчийн эрх чөлөө бус Монголын иргэн бүрийн үг хэлэх эрх чөлөөний тухай асуудал юм шүү.
Сэтгүүлчийн эрхийг зөрчдөг субьектээр эздийг нэрлэжээ
"Нээлттэй нийгэм форум", "Глоб интернэшнл" байгууллагаас сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй 284 сэтгүүлчээс аюулгүй байдлын судалгааг “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх, улс төрийн үйл явцад мэдээлэлтэй оролцох” төслийн хүрээнд авчээ.
Судалгааны дүнгээс онцлох тоог дурдвал,
-Сэтгүүлчийн хамгийн чухал аюулгүй байдал:
1.Хувийн аюулгүй байдал 69 хувь
-Мэдээллийн аюулгүй байдал 66 хувь
-Сэтгүүлчдэд тулгардаг асуудал:
1.Мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах 58
2.Шүүх цагдаа, прокуророос дуудах
-Эрх зөрчдөг субьект:
1.Эрх мэдэл бүхий албан тушаалтан
2.Ажил олгогч эзэд
-Ажил үүргээ гүйцэтгэх явцад эрх зөрчигдсөн байдал:
-68 хувь нь тийм гэж хариулаад мэдээлэл авах боловсруулах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ зөрчүүлсэн гэж хариулжээ.
...Үүнээс гадна ажлаа хийж явахдаа сэтгэл санааны дарамтад орсон хэмээн 95 хувь нь хариулсан бол “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах”-ын тулд хууль эрхзүйн орчноо сайжруулах 76 хувь, цалин нэмэх гэдэгт 52 хувь нь тус, тус саналаа өгчээ.
dardas.mn