ЦАГДААГИЙН ХҮҮХДҮҮДИЙН НҮДЭНД ОЧ ГЭРЭЛТЭЭСЭЙ
2023/05/03
Хүүхэд эцэг, эхээ сонгож төрдөггүй гэсэн яриаг хаа нэгтээ сонсож байсан санагдана. Хэрвээ аав, ээжийгээ сонгодог байсан бол...
Би гэдэг хүн арван жилээ төгсөөд хариуцлагатай амьдарна гэсэн зорилгоо биелүүлж, тухайн үедээ Цагдаагийн академийн Цагдаа курст суралцан төгсөж, 19 настайдаа “тангараг” өргөж төвийн дүүрэгт сайхан хамт олны дунд ажил амьдралын гараагаа эхлүүлж, хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэсээр 20 гаруй ажиллаад гавъяаныхаа амралтад суусан залуухан аав хэвээрээ л байна.
Тэр үеийнхээ хуулиар 11 сар ажиллаад ээлжийн амралт авах эрх үүсдэг байсан ч би анхны ээлжийн амралтаа 18 сар тасралтгүй ажиллаж байж авч байлаа. 21 настайдаа аав болж том охиноо өлгийдөн авч, нялх биетэй хоёроо эмнэлгээс гаргаад аавуудад олгодог “даавууны 7 хоног”-оо авах гэтэл хүн хүчний хүрэлцээ дутмаг шалтгааны улмаас хойшилсоор хойшилсоор бараг хагас жилийн дараа ээлжийн амралтын хоног дээрээ нэмж эдлэхээр болж билээ.
Хаа газрын хамт олон дунд жил болгон явагддаг “ээлжийн амралт эдлэх” марафон одоо ч явагддаг хэвээрээ байх даа... Хэн бүхэн л зуны дэлгэр саруудад гэр бүлээрээ амарчих бодолтой байдаг нь тодорхой. Энэ марафонд ялахын тулд хамт олны дундах тэмцээнд гэр бүлийн хамтаар идэвхитэй оролцох, ажлын хариуцлага алдахгүй байх зэрэг олон олон шалгуурыг хангаж байж амралт эдэлнэ шүү дээ. Тусгай албаны онцлог болохоор баярын өдрүүдэд дуудагдан ирж ажиллана, бас бус шалтгаанаар мөн л дуудагдана. Энэ мэтчилэн “ээлжийн амралтын марафонд” түрүүлсэн ч амралтаа бүтэн эдлэх нь мөн л ховор. Манай байгууллагаас төрөн гарсан буянтай эрхмийн ачаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, онцлог байдлыг нь харгалзан үзэж эдлэх хоног нь уртассан боловч тухайн жилдээ багтааж бүрэн амарна гэдэг мөн л хэцүү. Дутуу хоногийг нь тухайн жилийн эцэст мөнгөн дүнгээр олгох хуультай ч төсвийн хүрэлцээ муу, алдагдалтай зэрэг шалтгааны улмаас “тэрийг” авсан хүн ховор.
Хэдэн жилийн өмнөхөн юм даа “Эх үрсийн баяр”-аар ээлжээс бууж таарсан тул дотроо жаахан догдлолтой хүүхдүүдээ авч гадуур гарна гэсэн зорилготой гэртээ харьж билээ. Тэр үед л хүүхдүүдийнхээ баярын уур амьсгалгүй харцыг олж харж, жирийн л нэг өдөр шиг бахь байдгаараа угтах сэтгэлийг гүн гүнзгий мэдэрсэнсэн. Аргагүй шүү дээ, ямар ч баяр ёслол байсан аав гэрт эзгүй, үргэлж л ажилтай. Баяр ёслолын өдөр аав гэдэг хүн гэртээ биш ажил дээрээ л байдаг дүрэмтэй мэт ойлголтыг бидний ажил мэргэжил хүүхдүүдэд маань өгчихсөн байдаг болохоор л тэр. Бүхий л баяр ёслолын үед бэлэн байдалд ажиллаж, ээлжийн амралттай байсан ч дуудсан л бол бэлэн байдаг учраас хүүхдүүдэд маань хүнд тусдаг бололтой. Наад зах нь үндэсний их баяр наадмын өдрүүдэд морины хамгаалалтад 4, 5 хоногоор ирэхгүй ажиллана. Эдгээр баяр, амралтын өдрүүдээс гадна улс төр, нийгмийн эмх замбараагүй байдал шалтгаална аа бас.
1960-аад онд билүү дээ Америкийн нэгэн намын дарга Нью-Йорк таймс сонинд “THE MOUSE LAND” гэдэг өгүүллэг бичиж нийтлүүлсэн байсныг уншиж байсан юм. Яг үүнтэй адилаар манай улсын сонгууль болдгоороо болж хоёр намын аль нэг нь ялж, нөгөө нь цөөнх болно. Сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаал, үймээн шуугиан, ороо бусгаа өдрүүд эхэлнэ. Хэдхэн сарын өмнө өөрсдийгөө хамгаалж байсан цагдаа нар луугаа дайрч, жагсаал цуглаан зохион байгуулж, процессыг нь мэдсээр байж ээлжит “жүжгээ” тоглоно.
Том охиныг маань 6-р ангид байхад ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар нь санал асуулга явуулж л дээ. Эрэгтэй хүүхэд бүр л “цагдаа” болно гэдэг жишгээр 20 орчим хөвгүүнээс 10 гаруйнх нь ирээдүйн мэргэжил манай алба болж таарчээ. Түүнээс хойш хоёр 7 хоногийн дараа охин маань ангидаа илтгэл тавьснаар мөнөөх хөвгүүдээс л лав цагдаагийн “Хүний нөөц”-ийн бүрэлдэхүүнд орохооргүй болсон гэнэ гэж эхнэр минь хэлж билээ.
Манай байгууллагын одоо ажиллаж байгаа болон ирээдүйн нэгжийн менежерүүд алба хаагчдынхаа ээлжийн амралт дээр /наадмаас бусад баяруудад нь/ 2 жилдээ ч болов нэг удаад нь гэр бүлээрээ баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг бүрдүүлээд өгчихвөл бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань нэг өдөр ч болов сэтгэл дүүрэн байх болов уу гэсэн бодлоо бичлээ. Монголын маань ирээдүй болсон хүүхдүүдийн нүдэнд оч гэрэлтэж, балчир нандин насаа гэр бүлтэйгээ баяр баясгалантай өнгөрүүлж байх болтугай.
Нийтлэл бичсэн: У.Батбаяр
Uugii · 2023/05/04
Яг үнэн шүү миний хүүхэд нас бас л тэгж өнгөрсөн бүх баяр ёслол төрсөн өдөрт аав л байдаггүй байсан