УИХ Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай Ч.Ундрам тэргүүтэй гишүүдийн гаргасан санал дэмжигдэв. Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар Англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлгийг өнгөрсөн онд байгуулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо англи хэлийг нэгдүгээр ангиас заах саналыг дэмжсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд маргаан үүсээд байна. Үүнтэй холбогдуулан дараах эсрэг тэсрэг байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв

-Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж ажилласны үр дүн гарч бүх сургууль нэгдүгээр ангиас англи хэл заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ. Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа. Дэмжиж ойлгосон бүх хүмүүст баярлалаа. 

БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Англи хэлийг гуравдугаар ангиас заах нь зөв

Боловсролын хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. Хуулийн төсөлд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ.

Энэ мэдээллийг хамгийн эхэлж түгээсэн нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Тэр өөрийн нүүр хуудастаа "Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж, нэгдүгээр ангиас эхлэн англи хэл заах санал байнгын хороогоор дэмжигдлээ" хэмээн бичсэн юм. Удалгүй энэ постоо "Нэгдүгээр ангиас" биш "Бага ангиас" гэж өөрчилсөн.

Мөн өдрийн орой нь БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Нэгдүгээр ангиас эхлэн англи хэл заах тухай үг, өгүүлбэр Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байхгүй. Гуравдугаар ангиас нь эхлэн заах асуудлыг л ярьж байгаа" хэмээн мэдэгдэж, залруулсан.

Энэ бол туршлагагүй, тулхгүй УИХ-ын гишүүнийг илтгэх үйлдэл. Хийж, хэрэгжүүлж буй ажил нь тодорхойгүй. Хувийн асуудлаараа олон нийтийн анхаарлыг татдаг. Мөртлөө нэг удаа ажил ярихаараа буруудаж, нийгмийг ч, салбараа ч, салбарын сайдаа ч төөрөгдүүлдэг.