Манай найз, Африкийн Замбиа улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч асан Чарлес Симба цэвэр англи хэлтэй. Яаж ингэж англи хэлийг сайн сурав аа гэтэл тэр угаасаа л өөр хэл мэддэггүй. Учир нь улсынх нь албан ёсны хэл англи. Танай үндэсний хэл юу вэ гэхээр “Банту” билүү, нэг хэл байсан тухай бүдэг бадаг сураг ярьдаг.

Хэл байтугай Замбиа улсад үндэсний хэл, соёл, зан заншил, урлаг гэх юм бараг үгүй.

Үндэсний дуу хөгжим гэхээр Камангу нэртэй модны гол ухаж хийсэн нэг бөмбөр үзүүлнэ. Rolling Stones, Jimi Hendrix нарын дууг ялимгүй өвөрмөц ая дан оруулсан маягтай дуулна, түүнээ үндэсний гэнэ. Замрок нэртэй энэ урсгал бүр саяхан 1970-аад онд үүсчээ. Нэг толгойн боолт байна. Тэгэсгээд л... Хуучны хэдэн археологийн олдворын зураг үзүүлнэ.

Ер нь түүнд хар арьснаас нь, бужгар тороосон толгойноос нь өөр үндэсний гэхээр бахархах юм ч, онцлог ч үгүй.

Дэргэд нь бид чинь монгол дээл хувцас, монгол дуу хуур, түүх гээд ярих юм дуусах биш. Түүнээ үзүүлж харуулахаар итгэж өгөхгүй. Учир нь түүний соёлын хэмжүүр, үнэ цэнэ зөвхөн англи саксынх. Түүнээс өөр газар ийм хүчтэй том соёл, түүх байдагт эргэлзэнэ.

17-19-р зууны үеийн Европ, Британийн колончлолоос хойш тэд аажмаар эх хэлээ мартсаар хэдэн зууны дараа тэдний эх хэл сураг төдий үлдсэн. Бүгд англиар ярьдаг учир гаднын аялал жуулчлалынханд амар, хялбар. Гэхдээ энэ бол тэр үндэсний оршин буйн зорилго биш шүү дээ.

Хөгжил нэн сул. Манайх шиг уул уурхай (40 орчим хувь), хөдөө аж ахуй түшсэн эдийн засагтай. Ядуурал хөдөөдөө 76, хотод 23 орчим хувьтай, дунджаар хүн амын 50 гаруй хувь нь ядууралд...

Викторийн алдарт хүрхрээнээсээ жаахан юм нэмж олдог. Өрсөлдөх чадвараар хойноосоо дээгүүрт.

Замбиа улс өнөөдөр хятадад их хэмжээний өртэй, юаныг үндэснийхээ вальют болгочихсон.

Ганц Симбагийн нутгийнхан ч биш олон зуунаар Европынхны колони байсан Африкт бол түгээмэл.

Конгоос ирсэн Эдгар францаар, Анголоос ирсэн Анжела португалиар хэлд оржээ. Танзани, Бурунди, Сомали, Кени, Этиоп зэрэг цөөн хэдхэн оронд төрөлх хэл нь албан ёсны хэл байна, Египт, Алжир, Лив, Тунис зэрэг хойт Африкийн орнууд арабаар ярина, бусдад англи, франц, испани, португали зэрэг колоничлогчдын хэл албан ёсных байна.

Эдгээр орнуудын хувьд барууны соёл иргэншил давамгайлсан даяаршлийн үед хэлний хувьд давуу байдал харагдавч нэг л зүйл илт дутуу, бүр маш илт дутуу байгаа нь мэдэгддэг. Тэр бол үндэсний бахархал, үнэ цэнэ. Тулгуур хөгжил.

Симба маань “Би бол англи хэлтэй Замби Улсын иргэн” гэж аяархан гэнэ. Харин би “Би бол монгол хэлтэй Монгол Улсын иргэн” гэж чанга хэлнэ.

.

Хэдий Замбиачууд толгой дараалан англи хэлтэй, англи хэлт орон боловч хөгжилгүйн шалтгаан юу вэ?

Олон хүчин зүйл байдаг ч тулгуур шалтгаан нь Үндэсний буюу өөрийн юм үгүйд байгаа юм. Үндэсний эрхэмсэг байдал үгүйд байгаа юм. Өөрийн бахархал, үнэ цэнэгүйд байгаа юм. Тийм газар иргэд нь иргэн болж, хүчирхэгжиж чаддаггүй юм ажээ. Учир нь дотуураа өөртөө итгэх итгэлгүй болчихдог ажээ.

Хүний морь унасан хүний алцаа татуу, хүний дээл өмссөн хүний мөр татуу гэдэг.

Өнөөдөр ямар ч улс орон хөгжлийн сууриа үндэсний язгуур мөн чанараа гэж үздэг болчихсон байна, цаана чинь. Магад манай найз Чарлес Симбагийн нутгийнхны эмгэнэлт тавилан хүн төрөлхтөнд ийм сургамж өгсөн байх. Хаана амин хөрс чинь байна тэндээ л чи хэдэн үеэрээ илүү ургаж цэцэглэнэ.

Шинэ хөрсөнд нэг удаа ургаж цэцэглэж болно. Хожим хойч гэж үгүй.

.

Англи хэлийг бага наснаас нь зааж болох ч өнөөдөр хэд хэдэн хүчин зүйлийг анзаарахгүйгээр шуурч болохгүй.

Үүнд,

- Монгол хэлний сургалт, хэрэглээ болон бодлогын түвшин ямар хэмжээнд байгаа вэ?

- Монголд түрэн орж ирж буй гаднын соёлын нөлөөнд бидний соёлын дархлаа хэр тэсвэртэй байгаа вэ?

- Монголын өнөөгийн нөхцөл байдалд үндэсний онцлог сэтгэлгээ хандлага ямар түвшинд хадгалагдаж үлдсэн бэ?

- Хөршүүдийн болон бусад улс орнуудын соёл, зөөлөн хүчний бодлого хэр бодитой, ямар түвшинд байгаа вэ?

.

Эдгээр асуудал хэвийн бус, ноцтой байдалтай байгаа.

Бид энэ мэт асуудлаа давхар харж явахгүй бол эх хэлээ аажмаар, нэг л мэдэхэд алдах магадлалтай. Нэг л өдөр бүгдээрээ нэгэн саналаар "За ер нь монгол хэлний хэрэглээ маш бага байна. Англи хэлийг албан ёсны хоёрдахь хэл болгочихоё" хэмээн хуульчилж болно. Бас дараа нь хэсэг хугацааны дараа "За ер нь монгол хэлний ч хэрэг алга. Англи хэл манай албан ёсны хэл юм байна" гэж ч болно. Нийтээрээ алга ташаад явчихвал яах вэ? Тэр цагт бидэнд мөхлөөс өөр юу ч хэрэггүй.

Учир нь эрин зуун бол соёл иргэншлийн их мөргөлдөөний эрин зуун. Тэнд хэн тэсэж үлдэх вэ, язгуур хөрсөндөө тулж буй нь л үлдэнэ.

Гадаад хэл сурахыг огт эсэргүүцээгүй ээ. Харин Монгол хэлгүй эрин үе өндийж эхэлж байгаа үед ийм шийдвэр гаргаж байгааг нь л би эсэргүүцээд байгаа юм. Энэ их эрчимтай мэдээлэл технологийн эз түрэмгийллийн эрин үед, эхлээд монгол хэлнийхээ бодлогыг чангаруулчихаад, дараа нь хэдэн ч хэлээ үзнэ үү, яана, тэр асуудалгүй.