“No War” хөдөлгөөний идэвхтэн Э.Одбаяртай ярилцлаа.  

Өнгөрсөн Ням гараг буюу 5 сарын 07-ны өдөр Оросыг дэмжсэн “Мөнхөд дурсагдах дайчид” нэртэй жагсаал болсон. Энэ жагсаалыг та хэрхэн харж, дүгнэж байна вэ? 

 

Энэ жагсаал бол ОХУ Украин улс руу халдан түрэмгийлж, дайн эхлүүлснээс хойш 2 дахь жилдээ нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй, Засгийн газрын шууд оролцоотойгоор зохион байгуулагдлаа. Өчигдөр Батлан хамгаалахын сайд манай оролцоо байгаагүй гэж хэлсэн. Гэтэл Цэргийн дуу бүжгийн чуулга мөн цэрэг армийнхан энэ жил ч, өнгөрсөн жил ч өргөн бүрэлдэхүүнээр оролцсон. Сайд ингэж худлаа ярьж болохгүй. Мөн Украины далбаа барьж жагслаа гэх зүйл ярьсан байна. Аль улсын далбаа барьж дайны эсрэг хэрхэн үзэл бодлоо илэрхийлэхээ Батлан Хамгаалахын Сайдаар заалгахгүй. 

Батлан Хамгаалахын Сайд өөрөө энэ дайныг дэмжих үйл ажиллагаанд удаа дараа оролцож байгаа. Тэр байтугай Оросын дотооддоо тэмдэглэдэг янз бүрийн цэрэг армитай холбоотой баярын мэндчилгээгээр постер хийгээд л өөрийнхөө цахим хуудсандаа оруулаад тэрийгээ буцааж устгаад л хаяг адресаа өөрчлөөд явж байдаг нөхөр шүү дээ.

 

Ер нь Батлан Хамгаалахын салбараас зөвхөн Орос школтой гэж яриад байдаг, Орос талыг баримтлагч хүмүүсийн хийж байгаа ажил, дээрх жагсаал бол. Ер нь бол Ялалтын баяр нэрийн дор үзэл суртлын өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Бүх үйл ажиллагаа нь урдаас сайтар төлөвлөгдсөн. РЦНК дээр зохион байгуулагдсан олон арга хэмжээнүүд байна. Энэ 5 сарын 7-ноос 9-ний хооронд бусад улсад хориглогдсон уран гулгалтын тамирчдын тоглолт, ялалтын парад гээд... Иргэд дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлж, тодорхой хэмжээний шахалт үзүүлсний үр дүнд Энхтайваны өргөн чөлөөг хаасангүй. Олон нийтийг хамарсан ялалтын тугтай марафон гүйлт ОХУ-ын ЭСЯ хүртэл явахаар байсан нь цуцлагдлаа. Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл парад алхалт хийж, Жуковын хөшөөн дээр бүрэн хэмжээний хөтөлбөр тоглолт болж, ОХУ-ын шинэ элчин сайд Евсиков оролцлоо. Энэ үеэр дайныг дэмжиж, өөрсдийнх нь хэлснээр цэргийн тусгай ажиллагааг дэмжих хандивын дансны дугаарыг хүртэл зарлалаа.

 

Мөн дайныг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлж байсан иргэдийн эрхэнд ОХУ-ын ЭСЯ-ны ажилчид, РЦНК-гийн ажилчид зэрлэг балмадаар халдсан үйл явдал боллоо. Нэг талд нь дайныг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлж байхад нөгөө талд нь дайныг дэмжээд байдаг. Энэ бол ялалтын баяр нэрийн дор илэрхий дайныг дэмжсэн үйл ажиллагаа болсон. Аюулгүй байдлын улмаас ОХУ өөрөө дотооддоо зохион байгуулахгүй ч Монголд зохион байгуулж байна гэж Оросын нэг төрийн бус байгууллагын нөхөр ярьж байсан. Ингэж доромжилж болохгүй. Хэрэв Ялалтын баярыг тэмдэглэх гэж байгаа бол агуулга нь огт өөр байх ёстой. 5 сарын 9-ний өдрийг ОХУ сүүлийн 20 орчим жил өөрийн өмч мэтээр аашилж, үзэл суртлын зэвсэг болгож хувиргасан. Ялалтын баяр бол ОХУ-ын өмч биш шүү дээ. Хэрэв ЗХУ-ын үеийн Ялалтын баярыг ярих гэж байгаа бол аль хэдийн 10 гаруй улс тусгаар тогтнож, бие даасан. Тэдгээр улсуудаас олон мянган цэрэг дайчид шууд гар бие оролцсон. Шууд бусаар гэвэл манай Монгол Улс гэхэд л янз бүрийн тусламж хэлбэрээр оролцсон. АНУ, Европын хэд хэдэн улс орнууд оролцсон. АНУ-ын өгсөн Lend-Lease байна. Эргэн төлөгдөх нөхцөлтэй, өр төлбөрөө сүүлдээ тэглэсэн шүү дээ. Энэ бүхнийг ОХУ-ын, Путины өмч мэтээр ухуулж, түрэмгий дайн террорист үйл ажиллагаагаа Ялалтын баяр нэрээр халхавчилж, энэ түрэмгийллээ, дайнаа зөвтгөх гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь ёс зүйд хэрхэвч нийцэхгүй. 

 

Таны хувьд Дэлхийн Хоёрдугаар дайны буюу Ялалтын баярын ач холбогдлыг хэрхэн дүгнэдэг вэ?

 

Тухайн үед дэлхийн ихэнх орнуудын фашизм, нацизмын эсрэг талд зогсож нэгдсэн үйл ажиллагаа байсан шүү дээ. Өнөөдөр Украиныг ад үзээд фашист, нацистаар нь дуудаад байна. Гэтэл дэлхийн 2-р дайны гол тулгаралт, дайн байлдаан нь өнөөгийн Украины газар нутаг дээр өрнөж байсан. Манайхан ер нь жоохон юм уншмаар байна. Зөвхөн Оросын үзэл суртал бүхий эх сурвалжаас хагас дутуу юм уншчихаад Орос ах гээд гүйгээд байдгаа болимоор байгаа юм. ЗХУ болон Монгол Улсын харилцаа бол одоогийн хуваагдаад хэд хэдэн тусгаар улс болчихсон орнуудтай салшгүй холбоотой. Ялангуяа Украин, Гүрж, Польш, Чех гээд маш олон улстай холбогддог. Энэ зүйлүүдээ ялгаж салгахгүй, бараг ойд төөрсөн сармагчин байхад нь Оросууд ирээд аварчихсан юм шиг.

 

Тэмбүүндээ баригдсан үндэстэн байхад нь Оросууд ирээд аварчихсан юм шиг яриад байх юм. Тэмбүү ярих юм бол ОХУ бэлгийн замын өвчнөөрөө дэлхийд хамгийн өндөр өвчлөлтэй орон шүү дээ.

 

Монголчууд бид өөрсдийгөө гутаан доромжлохоо болимоор байна. Олон талт, гуравдагч эх сурвалжаас мэдээлэл олж уншдаг болмоор байна. Түүхийн үнэн бодит архив дээр суурилсан фактуудыг олж уншдаг болмоор байна. Ач холбогдлоо зөв ойлгохгүй бол дэлхий дахинд өрнөсөн дайн дажинг зөвхөн Орос дээр нааж насаараа Монгол Улс, Монгол үндэстэн өртэй юм шиг асуудалд хандмааргүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас олсон ололт амжилт байгаа. Түүнээс илүү алдсан золиосолсон маш олон зүйл байгаа. Ялангуяа өнөөгийн ОХУ-д Монгол Улс өнөөгийн байгаа газар нутгаасаа даруй 2 дахин том газар нутгаа алдсан. Алтайн хязгаар байна, Тува, Буриад байна. Буриад Монголыг дотор нь хэд хэдэн хэсэгт хуваачихсан. Бичиг үсгээс нь салгаад геноцид явуулсан. Хуучны хөгшчүүлийн хэлдэгээр мал төхөөрөх эр хүнгүй болтол нь хядсан шүү дээ. Өнөөдөр дайны фронтод дандаа Буриад, Тувачуудыг явуулж байна. Дайны махан овоолго руу явуулж байгаа 100 хүн тутмын бараг 90 нь Буриад, Тува буюу манай Монгол үндэстнүүд байна шүү дээ. Өнгөрсөн жил дайны эсрэг хөдөлгөөнийг анх өрнүүлж эхэлж байхдаа энэ тухай хэлж байсан. Манай Монгол туургатнууд дээр геноцид хийж байгаа үйл ажиллагаа нь сүүлийн 100 жил үргэлжилж байна. Тийм учраас Ялалтын баярт юунд нь баярлах юм? Ямар үнэлэлт дүгнэлт өгөх юм? Энэ нь хэнд хамаарах юм? Хэнд хамаарахгүй вэ? гэдгээ ялгаж салгаж ойлгохгүй бол мэдлэг мэдээлэлгүй, эх сурвалжгүй үзэл суртлын золиос болж болохгүй. 

 

“NO War” хөдөлгөөнөөс 5 сарын 7-ны өдөр ОХУ-ын ЭСЯ-ны гадаа зохион байгуулсан жагсаалыг зарим хүмүүс Ялалтын баярыг эсэргүүцлээ гэх өнцгөөр харж байх шиг. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

 

Ялалтын баяр бол фашизм, нацизмын эсрэг өрнөсөн дэлхий нийтийн дайн байсан. Үүнийг гутаан доромжилж бүр үгүй хийж байгаа улс нь ОХУ өөрөө. Өнөөдөр ОХУ өөрсдөө фашист болсон. Өөрсдөө террорист улс болсон. Өөрсдөө нацист улс болсон. Өөрсдийнх нь колони гэж хэлж болохуйц бүрэлдэхүүнд нь байгаа сул дорой манай Монгол туургатнуудыг дайнд илгээдэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид болсон. Эрх чөлөөт хөрш орнууд руугаа дайрсан. Гүрж рүү, Украин руу дайрсан. Монголд цэрэг дайны үйл ажиллагаа нь эхлээгүй болохоос түрэмгийлэл нь бодитоор оршсоор байна. Дайны эсрэг “No War “хөдөлгөөний гол үзэл санаа бол Монгол улс бие даасан эрх чөлөөт, тусгаар тогтносон бие даасан шийдвэр гаргаж чаддаг улс байх ёстой гэдгийг л уриалж байгаа. Гэтэл Оросын дагуул буюу аман дээрээ Азийн хүлэг гэж яриад байгаа ч ачир дээрээ Азийн гөлөг, Оросын гөлөг улс баймааргүй байна.

 

Бид бие даасан эрх чөлөөт, тусгаар тогтносон улсын иргэд баймаар байна. Орос, Хятад ахтай баймааргүй байна. Хөрш улс орнууд адилхан эн тэнцүү эрх тэгш харилцдаг баймаар байна. ОХУ-тай гадаад худалдаан дээр 97,98 хувийн алдагдалтай байна. ОХУ болон АНУ-ын хооронд сүүлийн 10 орчим жил өрнөж байгаа худалдааны дайны үеийн хориг арга хэмжээ нь манай улсад ОХУ-аас тавьсан татвартай ойролцоо байна. Тэнд худалдааны дайн гээд, энд манайхтай стратегийн түнш гээд худлаа яриад байсан чинь АНУ-ын хоригоос ч өндөр хэмжээний хил гаалийн татвар тавьчихаад, манайх 96 хувьд нь юм худалдаж авдаг, үлдсэн жоохон хэсэг нь үнэхээр хэрэгцээ шаардлагатай уул уурхайн бүтээгдэхүүн юмнууд авдаг ийм тэнцвэргүй харилцаатай баймааргүй байна. Гэтэл урд хөрштэй 90 гаруй хувийн худалдааны тэнцлийн ашигтай ажиллаж байна. Ийм учраас харилцаа хандлага дээрээ харья. “No War” жагсаал өрнөж байх үед Оросын хүмүүс, Оросыг дэмжигч хүмүүс Оросыг дэмжсэн жагсаалаас ирээд бидний жагсаалыг бусниулсан. Гэтэл дайны эсрэг “No War” жагсаалаас хэн тэд нар дээр очоод биед нь халдаад, эд зүйлийг нь булаагаад, үг хэлээр дайрч, эцэг эхтэйгээ явж байсан бага насны хүүхдийн зургыг авч зэрлэг балмад зан гаргасан юм бэ? Ийм зүйл байхгүй. Гэтэл элчин дотроосоо гарч ирж зураг авч баримтжуулаад, айлгаж сүрдүүлээд байгаа юм уу? Оросын заналхийлэл сүрдүүлэг бол бодитой. “No War” галлерей дээр Оросын элчин ч юм уу, Оросын дэмжигч нь ч юм уу ирээд ялгадас хүртэл няллаа. Оросын түрэмгийлэл бол баастайгаа хутгалдаж байна шүү дээ. 

 

Иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Энэ хэрэг анхнаасаа яаж явчихав? Ял оноох үедээ анх үүсгэсэн хэргээсээ огт өөр хэргээр ял оноочихсон шүү дээ?

 

Нийслэлийн прокурорын тогтоол дээр Д.Монголхүүг 461-р ангиас оргочихлоо гэж яллагдагчаар татаад хэрэг үүсгэсэн. Мөн бидний 5,6 хүн дээр хэрэг үүсгэсэн. Ингээд 2021 оны 10 сарын 26-ны өдөр Д.Монголхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Нэг ёсондоо Д.Монголхүү ямар ч гэм буруугүй гэдэг нь тогтоогдчихсон юм. Прокурор нь өөрөө тогтоочихсон. Гэтэл Д.Монголхүүд заавал хэрэг үүсгэх ёстой гээд, ямар нэгэн хэрэг хэрэгтэй болсон юм шиг байгаа юм. Ингээд нөгөө хүүхдийн гутал булаацалдсан гэх буюу ковидын үеийн дабль стандартыг эсэргүүцэж, хүүхдүүд хэрхэн хохирч байгаа вэ? гэдгийг дүрслэн харуулах зорилгоор хүүхдүүдийн гутлыг төв талбай руу оруулах гэтэл цагдаагийн зүгээс хууль бус шаардлага тавьсан байдаг. Ингээд Д.Монголхүүгийн биед хүч хэрэглэн, гэмтэлтэй байсан эгэмний гэмтлийг нь сэдрээж, эмзэг эрхтнийг нь гэмтээх байдлаар хүч хэрэглэн баривчилж, 7-8 цагдаа биед нь гэмтэл учруулчихаад өөрсдөө хохирогч болоод явчихсан. Ийм л үйл явдал болсон. Жишээ нь сая “No War” галлерей руу дайрч орж ирчихээд өөрсдөө хохирогч боллоо гээд нэмэлт хүч дуудна гэсэн. Яг ийм ажиллагаа явагддаг. 2021 оны 10 сарын 26-ны өдөр хэрэгсэхгүй болгоод удалгүй хүүхдийн гутал булаацалдсан гэж 23.1-р ахин хэрэг үүсгээд, 30 орчим хоног цагдан хориод 3 шатны шүүхээр, Дээд шүүх дээр бүр Үндсэн хуулиар олгогдсон гэм буруугаа тогтоолгох эрхийг нь эдлүүлэлгүй хэлэлцэхээс татгалзсан.

 

Давж заалдах шатны шүүх дээр ялыг хэвээр нь үлдээж 1 жилийн хугацаатай цахим гав зүүх буюу зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Хууль зүйн сайдын шахсан нууцын гэрээтэй ямбий цаг байгаа. Бидэнд цахим гав зүүснээс улбаалан бид энэ цахим гавыг маш сайн судалсан. БНХАУ-ын нэг үйлдвэрээс шууд нийлүүлсэн гэдэг мэдээллийг авсан. Нууцын зэрэглэлийн гэрээгээр ямар нэгэн тендер зарлалгүй авсан гэж ойлгосон. 150 мянган төгрөгийн үнэтэй цагийг 900 орчим мянган төгрөгөөр улсад шахаж онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар Хууль Зүйн сайдыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа. Хууль Зүйн сайд Х.Нямбаатар анх энэ гавны талаар ярихдаа уг гавыг нийлүүлэх ажиллагаа маш хариуцлагатай, нууцын зэрэгтэй явах ёстой. ОХУ-ын Дотоод хэргийн сайд нь цахим гавтай холбоотой асуудлаар  авлигын хэрэгт холбогдсон гэж ярьж байсан. Гэтэл өөрөө онц их хэмжээний хохирол учруулсан авлигын хэрэгт шалгагдах нь цаг хугацааны асуудал болж байна. Ингээд Д.Монголхүүд үүсгээд хэрэгсэхгүй болгосон хэргээр бид нарыг яллачихсан. Анхан шатны шүүхээс прокурор руу нотлогдохгүй байна гээд буцаачихсан. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох боломжтой байсан.

 

Гэтэл дайн эхэлсэн, дайны эсрэг хөдөлгөөн эхэлсэн. Ингээд бүтэн жил шалгаад биднээс юу ч олоогүй. Байгаа ганц барьцаа нь өмнө нь нэг хэрэг үүсгээд тэр нь нотлогдохгүй прокурор руу буцчихсан байсан. Түүнийг татаж авчраад дахиж сэргээгээд, зохиомлоор баахан мэдүүлэг өгүүлээд, хэргийн нууц задарсан, хувь хүний нууц задарсан асуудал бүр тамтгаа алдсан. Ингээд 23.1-р 5 хүнд цахим гав зүүх буюу зорчих эрхийг нь хязгаарлах ял оноосон. Л.Ганхөлөг, Б.Билгүүн хоёрыг арваад хоног “махыг нь идэж байж” гэрт нь орууллаа. Д.Монголхүү бол анхнаасаа зохиомол хэргээр ял авсан, Д.Монголхүүд хэрэгсэхгүй болгосон хэргээрээ бид нарт ял өгчихсөн. Д.Монголхүү бол яг одоо шоронд байгаа Монголын улстөрийн хилс хэрэгтэн. Албан тушаалтнууд ямар нэг зүйл хийчихээд би хэлмэгдэж байна гээд өөрсдийгөө зөвтгөдөг. Д.Монголхүү юу ч хийгээгүй, хэзээ ч шийдвэр гаргах түвшний албан тушаал хашиж ажиллаагүй, зөвхөн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн.  Хоёрхон зүйлийг эсэргүүцсэн. Тэр нь дабль стандарт, дайн түрэмгийллийг эсэргүүцсэн. Энхтайвныг дэмжсэн. Хэрэв буруу зүйл хийсэн бол энэ л буруу байх. Д.Монголхүү бол хилс хэрэгтэн. Цахим гавны баахан шалтаг тоочиж байгаад шоронд хорьчихсон. Одоо болж байгаа Давж заалдах шатны шүүх хурлыг олон нийт сайн ажиглах хэрэгтэй. Дэлхий хавтгай болсон 21-р зуунд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн хүнийг эрх баригчид хэрхэн шоронд хатааж чаддаг вэ? гэдгийг бид маш сайн ажиглах ёстой. 

 

“No War” хөдөлгөөний бусад залуус ч мөн шүүхээр ял авсан. Давж заалдах шатны шүүхэд хандсан ч хэргийг хэрэгсэхгүй гэдэг хариу авчээ. Та бүхний дараагийн авах арга хэмжээ юу байх вэ?

 

Уг нь анхан шатны шүүхээс нотлогдохгүй байна гээд прокурор руу буцаасан. Тэндээ хэрэгсэхгүй болох байсан боловч дайны эсрэг хөдөлгөөн өрнөөд эхлэнгүүт буцаагаад сэргээж боож явуулсаар байгаад ийм үр дүнд хүрлээ. Надад 2 ял оноосон. Нэг нь Эрүүгийн хуулийн 13.14 буюу Л.Оюун-Эрдэнийн гомдлоор, Дорнод аймагт болсон хэрэг явдлын талаар шүгэл үлээсэн. Саяхан тэр хэрэг шүүхээр шийдэгдсэн. Хэрэв би ил гаргаж тавиагүй бол хэрхэх байсныг хэлж мэдэхгүй юм. Л.Оюун-Эрдэнэ бол дайныг эсэргүүцсэн иргэддээ янз бүрийн хэлбэрээр шахалт дарамт үзүүлж, ял захиалаад байна гэж бид үздэг. Прокурор анх намайг 18 сар хорих гэдэг ял оруулж ирж байсан шүү дээ. Нөгөө залууст маань 12 сар хорих ял төлөвлөж байсан. Ингээд давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн. Гэтэл давж заалдах шатны шүүгчид нь лифтэнд Баасанцогттой оцгонодог Алдар, Өсөхбаяр нар болж таарсан.

 

Ажлаасаа халагдаагүй, цалингийн 20 хувиар шийтгүүлээд буцаад ажилдаа орчихсон, “төмсөгдүүлчихсэн” Шударга ёсыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар тэргүүтнүүд өмчилчихөөд байгаа шүү дээ. Өөрсдийн дураар тайлбарладаг болчихсон.

 

Тэд нарын талд буюу шударга ёсны талд 100 гаруй шүүгч зогслоо гээд мэдээ яваад байсан. Тэд нарын хамгийн их барьцаатай, юу ч хийхээс буцахгүй, олноо лифтэнд оцгонодог гэж танигдсан 2 шүүгч орж ирээд бидний ялыг хэвээр нь үлдээсэн. Ингээд Дээд шүүхэд хандтал бидний хэргийг хэлэлцхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үндсэн хуулиар олгогдсон гэм буруугаа шүүхээр хэлэлцүүлэх эрхэнд ноцтойгоор халдсан энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Онцолж хэлэхэд Анхан шатны шүүхээр бидэнд ял оноосон н.Нямдаваа шүүгч, н.Ууганбаатар прокурор хоёр 5 жилийн өмнөөс нэг газар ажилласан найзууд байж таарсан. Нөгөө хонгилоороо чирээд явчихдаг юм байна. Нөгөө оцгонодог хүмүүсээрээ ял өгүүлчихсэн. Цаанаа нөгөө асуудлаараа төмсөгдүүлчихсэн. Хилс хэргээр ял оноохдоо дандаа болж бүтэхгүй хүмүүсээ оруулж ирдэг юм байна. Бид нарт хилс хэргээр ял оногдуулсан асуудлаар бүх шатанд гомдол гаргана. Бүх шатны шүүхэд хандана. Дээд шүүх хүртэл явна. Дээд шүүх татгалзаж шийдсэн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандана. Ингээд болохгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана. “Магнитскийн акт” тавиулах буюу ялангуяа үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд улстөрийн хэргээр ял оноож байгаа этгээдүүдийн нэрсийн жагсаалт гаргаж хориг тогтоолгохоор, гэр бүл, ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий бүх хүмүүст нь хориг арга хэмжээ авхуулахаар олон улсын бүх байгууллагуудад хандахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. 

 

Танд баярлалаа.

 

Ярилцсан М.Чойжал

 

сонин mn

 

сонин mn

сонин mn

 

 

сонин mn