Иргэн Ш олон нийтийн цахим сүлжээнд буюу фэйсбүүкт иргэн А-ыг "...Эцэг нь шарил ухаж самардаг хужаа байсан гэлцдэг Хүү нь Монголыг Самарсайхан болгох нь дээ, Хятад хүмүүс Хятад хүндээ хоолыг нь бэлдэж өгөх ёстой гэж Ши Жиньпин хэлсэн гэл үү...” гэх байдлаар бичиж нэр төр, алдар хүндэд нь халдсан илт худал мэдээллийг нийтэлж, олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт... би хохирогчийн ажил хэргийг эх орны төлөө, нийтийн эрх ашгийн төлөө, ирээдүйн төлөө шүүмжилж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ постыг би энэ хүнд хандаж бичээгүй, тухайн үед зүгээр бодсон бодлоо л бичсэн. Иргэнийхээ хувьд сэтгүүлч хүний хувьд үүргээ биелүүлж улс оронд болохгүй буруу бүгдийг шүүмжилж бичсэн, өөр буруугүй гэж мэтгэлцэв. Прокуророос шүүгдэгч Ш-г иргэнийхээ хувьд эсхүл сэтгүүлчийн хувьд бусдын хийж буй ажил хэргийг шүүмжилсэн гэж буруутгаагүй. Зөвхөн "хувь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлж буй мэдүүлэг зэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг хохирогчийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэл, нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэм буруутайд тооцов. Улмаар Ш-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. Ташрамд мэдээлэхэд шүүгдэгч Ш давж заалдахаа мэдэгджээ.