“Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын гурван сангийн мэдээллийг шилэн болгож буй талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийт 25 тусгай сангийн мэдээллийг ил болгох ажлын хүрээнд есөн сангийн мэдээллийг shilen.gov.mn дээр нээлттэй ил тод байршуулсан.

Өнөөдөр нээлттэй байршуулж буй Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангийн мэдээллүүдээс нэр устай, датаг боловсруулж болох нөхцөл байдлаар ил болгож байна. 

Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Эрүүл мэндийн дэмжих сан мэдээллээ дутуу ирүүлсэн.

Харин Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтууруулахтай тэмцэх  урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын нөөцийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ огт ирүүлээгүй байгаа. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг ханга хэмээн шаардлага хүргүүлсэн. 

Энэ долоо хоногтоо багтаагаад Байгаль орчин уур амьсгалын сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Шинжлэх ухаан технологийн сангийн мэдээллийг shilen.gov.mn дээр байршуулна.

Мөн Боловсролын зээлийн сангийн shilen.gov.mn дээр байршуулсан мэдээлэлд зээл авагчдын нэр ус, мөнгөн дүн, хэдэнд онд авсан гэх мэт мэдээллүүд ил тод болж байна. 

2008 оноос хойш ирсэн бүх мэдээлэл бүрэн бүтэн байгаа. Тухайн хүүхэд гадаадад сурах сонгон шалгаруулалтад тэнцсэн бол боловсролын яам хүлээж аваад, сангийн яам руу явуулдаг. Дараа нь сангийн яам Монголбанк руу мэдээллийг нь явуулаад гадаадын сургууль руу төлбөрийг шилжүүлдэг.

Ийм тохиолдолд мэдээлэл устах үндэслэл байхгүй. Жирийн санхүүгийн ажилтан гадаад руу гүйлгээ хийхгүй байгаа. Боловсролын яам 2008 оноос хойших Боловсролын зээлийн сангийн мэдээллийг бүрэн явуулсан. Энэ бүх мэдээллийг ямар ч хүн ороод харах боломжтой" хэмээн ярилаа.