С.Чинзориг Засгийн газрынхаа 5 Ш ажиллагааны эсрэг ажиллаж байна
2023/05/25
Засгийн Газраас 5Ш ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Түүний нэг нь “Шүүр" ажиллагаа. Үүгээр төрд хууль бусаар шургалсан, Ковидын түр хуулиар томилогдсон бүх албан тушаалтныг цэгцэлж байгаа билээ. Үүнийг Засгийн газар зөв гараараа эмхэлж байгаа ч, зарим сайдууд нь солгой гараараа нурааж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нь Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон дүрэм журам, стандартыг дур мэдэн өөрчилсөнийг эрүүл мэндийн салбарынхан шуугиж байна. Юу болсон гэхээр ЭМ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын журамд “...эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн хүн байна” гэсэн заалт байсныг сэмхэн хасч, оронд нь “... ЭМ-ийн Төрийн нарийн бичгийн дарга нь эдийн засгийн мэргэжилтэй хүн байна” гэж өөрчилжээ. Энэ нь дэндүү бүдүүлэг үйлдэл болжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та танхимынхаа сайдын энэ хууль бус үйлдлийг, дүрэм журмын хулгайг мэдсэн үү. Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ таны шударга ёсны тэмцэл ийм маягаар суларч байгааг анзаарч байна уу.
Бүр тодорхой хэлье. Эрүүл Мэндийн Төрийн бичгийн даргаар “Эдийн засагч мэргэжилтэй хүнийг сонгоно” гэсэн хулгайн өөрчлөлт нь өнөөдөр Сангийн яамны төсөл дээр ажиллаж байгаа Л.Мөнхзул гэж эмэгтэйд зориулсан юм байна.
Урьд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Мөнхзул нь С.Чинзоригийг аль яаманд өндөр албанд очно, тэр бүхэнд дагаж явдаг бүсгүй юм байна. Өнөөдрийн Засгийн газрын “шүдний өвчин” бол эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийн яаманд мэргэжлийн бус С.Чинзориг томилогдсон. Одоо Төрийн нарийн бичгийн даргаар нь мэргэжлийн бус эдийн засагч очих бололтой. Энэ яам, энэ салбар ер нь өөдөлж, нар харах уу. Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүрэм журмыг дур мэдэн өөрчилж байгаа ЭМ-ийн сайд С.Чинзориг нь Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагааны эсрэг шууд утгаараа ажиллаж байгаа нь тодорхой байна.
М.Оргил
sonin.mn
Зочин · 2023/05/25
Энэ чинээ угийн хогийн гар