Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулах талаар Хөгжлийн Банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2022 оны эхнээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжсэн. Өнөөдрийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хангуулаад байна. Чанаргүйдсэн зээлийн эргэн төлөлтийг мөнгөн хөрөнгөөс гадна үл хөдлөх хөрөнгөөр хангуулдаг.

Эргэн төлөгдсөн 1.3 их наяд төгрөгөөс 270 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн Банкны өмчлөлд шилжиж ирсэн. Дээрх хөрөнгүүд нь бүрэн ашиглалтад орсон, бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн төлөвтэй байгаа. 

Энэ удаад 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг шууд зарж борлуулахад бэлэн болсон. Үүнд үйлчилгээний талбай, авто зогсоол, амины орон сууц, орон сууцнууд байна. 

Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь үнэ, зарж борлуулах хүртэл гарсан зардлыг нэмээд худалдах үнээ тогтоосон. Хөгжлийн Банкны албан ёсны веб хуудсанд зарж борлуулагдах үл хөдлөх хөрөнгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсан байгаа. 

Хөгжлийн Банкны өмчлөлд буй үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар худалдан борлуулах үйл ажиллагаа үе шаттай явагдана. Тухайлбал манай банкны мэргэжилтнүүд зургаадугаар сарын 3-14 хүртэл 11:00-20:00 цагийн хооронд борлуулагдах үл хөдлөх хөрөнгийн байршилд өдөр бүр ажиллаж, танилцуулж байгаа.

Зургаадугаар сарын 15-ны 10:00 цагаас худалдан авах ажил идэвхэжнэ. Мөн албан ёсны вэб сайтад худалдан авах саналыг зургаадугаар сарын 15-20 хүртэл авна. Ингээд зургаадугаар сарын 20-ны 14:00 цагаас худалдан авах саналыг нэгтгэнэ. Хамгийн түрүүнд санал ирүүлж, бэлэн мөнгөөр худалдан авагчтай гэрээ байгуулах зарчмыг баримтална. 

Худалдан борлуулагдах 18 үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд:

  1. Ла Колино хотхоны 12 ширхэг орон сууц, 
  2. Сүхбаатар дүүргийн 48 байрны дээд давхрын үйлчилгээний объект
  3. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны "Барилга Мега стор" В1 давхар,
  4. Нүхтийн аманд Таун Хаус 
  5. Баянзүрх дүүргийн Даймонд төвийн гурван давхарт үйлчилгээний талбайн гэсэн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулна" хэмээн ярилаа.