УИХын гишүүн Ч.Ундрамтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Англи хэлийг гуравдугаар ангиас нь заах тухай хуулийн заалтыг дэмжсэн цөөн гишүүний нэг нь та. Байнгын хорооны гишүүдийн олонх энэ заалтыг дэмжээгүй шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хурлаар хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдэхэд энэ заалт дэмжигдсэн. Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг БСШУС-ын байнгын хороо өчигдөр хийлээ. Энэ үеэр зарим гишүүд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс хөтөлбөрөөрөө шийдье. Энэ заалтыг хасуулъя” гэсэн санал гаргасан. Үүнийг байнгын хорооны дийлэнх олонх гишүүд дэмжсэн учраас уналаа. Ер нь хувийн сургуулийн улсын сургуулиас ялгарах давуу тал нь англи хэл. Тиймээс бизнесээ бодоод энэ заалтыг эсэргүүцсэн байх.

Миний хувьд эх хэлээ үгүйсгээгүй. Дэлхийн иргэнийг багаас нь бэлтгэх хэрэгтэй учраас л энэ заалтыг дэмжиж байгаа юм. УИХ-ын маргаашийн нэгдсэн чуулганаар энэхүү заалтыг хасах эсэх асуудал шийдэгдэнэ.

-Энэ заалтын нийгэмд үзүүлэх бодит үр нөлөө нь юу вэ?

-Нэгдүгээрт, англи хэл бол дэлхийн хэл. Дэлхийн маш олон хүн англи хэлээр ярьдаг. НҮБ-ын үндсэн хэл юм. Дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, дэлхийн түүх, уран зохиол зэрэг дэлхийн байгаль, хүмүүнлэгийн шинжлэх ухааны 90 хувь нь англи хэл дээр хэвлэгдэж, архивлагдаж, ном болж гарсан байдаг.

Хиймэл оюун ухаантай холбоотой хамгийн сүүлийн үеийн ололтууд болох биотехнологи, нанотехнологи зэрэг шинжлэх ухааны ололтууд англи хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр хэвлэгдэж дэлхийн мэдлэгийн санд ордог. Хэрвээ бид хурдтай хөгжье, дэлхийн шинжлэх ухааны сангаас мэдлэг олж авъя, хэрэглэе гэж байгаа бол, мөн эзэмшсэнээ дэлхийн мэдлэгийн санд хувь нэмэр оруулъя гэвэл англи хэл шаардлагатай. Дэлхийн мэдлэгийн санд байршуулж байгаа бүтээлийг орчуулаад хэрэглэнэ гэвэл цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хувьд алдагдалтай байгаа юм. Тиймээс цөөн хүн амтай манай улс шинжлэх ухаан талаасаа хурдацтай хөгжих гарц нь англи хэл юм.

Хоёрдугаарт, дэлхий дахинд хөл нийлүүлж алхъя. Ямар нэгэн тархи угаалт, үзэл суртал, улс төрийн өнгө аясгүй, үнэн бодит мэдээллийг олон улсын баталгаатай эх сурвалжаас хурдан шуурхай олж авъя гэвэл мөн л англи хэл шаардлагатай. Дэлхийн иргэний хувьд цар тахал гарав уу, дайн болж байна уу, дэлхий дахинаа нийгмийн ямар үйл явц өрнөж байгааг мэдэхийн тулд англи хэлний мэдлэг хэрэгтэй.

Гуравдугаарт, Монгол Улсын, монгол үндэстний эрх ашиг зөрчигдвөл бид дэлхийд дуу хоолойгоо хүргэх ёстой шүү дээ. “Манай улсын эрх ашиг зөрчигдөөд байна, НҮБ-аа” гэдэг ч юм уу олон улсын байгууллага руу англи хэл дээр үндэслэж хандана. Тэгж байж тэд биднийг ойлгоно.

Түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлье, тэргүүлэх салбар болгоё гэж байна. Арилжаа наймаа, бизнес хийе гэхэд мөн л англи хэл шаардагдана. Боловсролын сангаас зээл, тэтгэлэг авмаар байгаа бол TOEFL, IELTS-ийн шалгалт өгч байж топ сургуульд орно. Энэ мэтчилэнгээр бидэнд англи хэл маш чухал байна. Тийм учраас Монголын үндсэн гадаад хэлийг англи хэл болгоё гэсэн заалтыг оруулсан.

-Товчхондоо англи хэл монголчуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад том нөлөө үзүүлнэ гэж дүгнэж болох уу?

-Тийм. Өнөөдрийн байдлаар англи хэл сайтай хүүхдүүдийн ихэнх нь хувийн сургууль төгссөн байгаа. Хувийн сургууль төгссөн, англи хэл сайтай хүүхдүүд TOEFL, IELTS-ийн шалгалтад хамгийн өндөр оноог авч байна.

Хувийн сургууль төгссөн хүүхдүүд энэ шалгалтыг ч сайн өгч байна. Гадаадын топ сургуулиудад орж байна. Тэтгэлэг ч элбэг авчихаж байна.

Дэлхийн хэмжээний мэдлэг авсан хүүхдүүд дэлхийн хэмжээний компанид ажилд орно, дэлхийн хэмжээнд сэтгэж, ярина биз дээ. Хүрээлэл нь ч дэлхийн хэмжээний болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, ангийнхан нь олон улсын байгууллага гэхчилэнгээр арай өөр түвшинд ажиллаж таарна. Ингээд тухайн хүүхдэд асар том боломж бий болно. Тиймээс гуравхан сая хүн амтай манай улс англи хэлээр дамжуулж дэлхийн хэмжээний боломжийг хүүхэд бүрд олгомоор байна. Суманд хэн очиж англи хэл заах юм бэ гэхчилэнгээр шалтаг олоод хэлээд байвал үеийн үед л хэлнэ. Тэр хэрээр боломжоо алдаад байна. Тиймээс бид зоригтой дайрах ёстой.

Суурь нь болоогүй байна, нийгэм бэлтгэгдээгүй байна гээд зүрхшээх нь бидний асуудал биш. Иргэдийн өмнө итгэл хүлээсэн гишүүний хувьд “галтай” байсан ч барьж аваад хийх гэж бид сонгогдсон. Түүнээс хэцүү гээд зүрхшээгээд суух байсан бол яах гэж сонгуульд оролцож, амлалт өгсөн байх вэ.

-Та нэр бүхий дөрвөн гишүүний хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан. Уг хуулийн төслийг өргөн барих нийгмийн хэрэгцээ шаардлага юу вэ?

-Малчдад эдийн засгийн бодит дэмжлэг болохуйц хуулийн төсөл юм. Тодруулбал, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулж иргэн бүрд өвөлжөө, хаваржааны зориулалттай 1.5 га газрыг олгох юм. Үүнийхээ нэг га газарт нь төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тариалж болно гэсэн заалт бий. Тэгэхээр тухайн иргэн өөрийнхөө өвөлжөө, хаваржааны газрыг шууд эзэмших эрхийг нь өгч байгаа юм. Үүнийхээ нэг га газарт газар тариалан эрхлэх эрхийг өгч байна гэсэн үг л дээ. Өмнө нь тухайн газрыг хагалж болно. Засгийн газрын тогтоолоор иргэн атар газар хагалах эрх авдаг байсан. Тэгвэл одоо малчид өвөлжөө хаваржаандаа зориулж 1.5 га газраа эзэмшинэ. 0.5 га-д нь малаа бэлчээхээс гадна нэг га газарт нь өөрийн хүнсний хэрэгцээнд зориулсан хүнсээ тариалж эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний аюулгүй байдлын асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэх боломжтой болно. Өнөө цагт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөөд байна шүү дээ. Хотонд нь мах нь байгаа малчин хүн хүнсний ногоогоо өөрөө тариалдаг болсноор эдийн засгийн хувьд маш том бодит дэмжлэг болно гэж гэж харж байгаа.

-100 хувь дотоодоосоо хүнсээ хангах Ерөнхийлөгчийн санаачилгатай ч нийцэх юм байна.

-Тийм. Түүнчлэн Засгийн газраас “Хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах” бодлого хэрэгжиж буй. Иргэдийн орон нутагт амьдрах эрмэлзлийг дэмжиж байгаа Засгийн газрын энэхүү бодлоготой ч яв цав нийцнэ.

-Малчдын одоо эзэмшиж байгаа өвөлжөө хаваржаанаас гадна 1.5 га газар эзэмшүүлнэ гэсэн үг үү?

-Өмнө нь 0.77 га газрыг иргэн бүрд эзэмшүүлэх эрхийг өгсөн. Тэгвэл одоо 1.5 га газрыг малчид эзэмшиж болохоор болж байна. Энэ нь бэлчээрийг хамгаалсан бодлого гэж бид үзэж байгаа. Учир нь одоо бол мал хувийн өмч. Газар төрийн өмч болчихоод байгаа шүү дээ. Дуртай газраа шилжин суурьших эсвэл оторлоод байгаагаас бэлчээр талхлагдах, бэлчээрийн даац хэтэрч байгаа асуудал бий. Тэгвэл 1.5 га газрыг малчдад эзэмшүүлснээр тухайн хүн газраа хамгаална, нөхөн сэргээнэ.

Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөс гадна Бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй УИХ-ын 21 гишүүн өргөн барьсан. Энэ хуульд малчдын бэлчээрийн менежменттэй холбоотой зохицуулалт туссан. Тухайн багийн иргэдийн нийтийн хурлаар хэн, хаана бэлчээрийн газар эзэмших вэ гэдгээ тогтоох, мөн өвөлжөө хаваржааны газарт зусч, намаржихгүй бэлчээрээ хамгаалах зохицуулалтыг тусгасан.

-Газрын янз бүрийн маргаан гарвал хэрхэн шийдэхээр туссан бэ?

-Газрын тухай хуульд оруулж байгаа бидний нэмэлт өөрчлөлтийн дагуу багийн иргэдийн нийтийн хурал нь шийднэ. Хэрвээ чадахгүй бол сумын Иргэдийн нийтийн хурлаар шийднэ гэж заасан.

Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн газар, тариалангийн бүс нутаг нь тодорхой байдаг. 10 га газар байвал даац нь ийм байна. Тиймээс энэ малчид энэ газарт малаа бэлчээж болох юм байна гээд хуваарилна. Энэ газраасаа 0.5 га-г нь Газрын тухай хуулиар малчид эзэмшинэ. Түүнийхээ нэг га газарт нь хүсвэл хүнсний ногоо тариалах боломжийг нь олгож байна гэсэн үг. Энэ нь нэгдүгээрт, бэлчээрээ хамгаалах, зүй зохистой менежментийг хийхэд, газраа эдийн засгийн эргэлтэд оруулахад их чухал хууль болж байгаа. Түүнчлэн ямарч зөвшөөрөлгүйгээр өөр аймаг, сумаас малаа тууж ирээд оторлодог. Энэ нь маргаан, асуудал ихээхэн дэгдээдэг байсан. Тэгвэл одоо зөвшөөрөл авахаар болж байгаа. Аймаг хооронд оторлохоор бол Засгийн газраас зөвшөөрөл авна. Сум хооронд бол аймгийн Иргэдийн хурлаас зөвшөөрөл авна.

Бэлчээрийн даацдаа тохируулж ийм хэмжээний малтай байна гэчихвэл хэн нэгэн нүүдэллэж оторлох боломжгүй болчихож байгаа юм. Учир нь хүн өөрийн эзэмшлийн газрын даацыг нь хэтрүүлж бэлчээрийн доройтолд оруулъя гэж бодохгүй шүү дээ. Тиймээс бэлчээрээ тооцоолдог, хайрлаж, хамгаалдаг болно. Түүнчлэн бэлчээрээ хамгаалах, нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулахгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог болох гэж байгаа. Маш товч тодорхой, малчдын амьдралд тулгардаг газрын маргааныг шийдвэрлэсэн, бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлсэн хууль болсон гэж үзэж байна.

-Он гарснаас хойш нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор төсвийн орлого анх удаа давж биелсэн, эдийн засаг ч өсөлттэй гарсан гэхчилэн эерэг мэдээлэл бий. Гэхдээ энэ нь цаасан дээрх тоо. Манай улсын эдийн засаг эрсдэлтэй байдалд хэвээр байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна л даа?

-Ерөнхийдөө манай улс гурван жил хүнд нөхцөл байдалд байлаа. Ковид болон олон улсын геополитикийн байдлаас үүдэж эдийн засаг хүндэрч, агшсан. Үүнтэй холбоотойгоор мэдээж олон арга хэмжээ авсан. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн хууль, Ковидын хууль, төсвийн чанга бодлого гэхчилэнгээр эдийн засаг, санхүүгийн бодлогуудыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн БНХАУ-ын “Zero-Covid” бодлогын хэрэгжилт дууссан. Мөн ДЭМБ-аас ковидыг цар тахлын ангиллаас хасч Хятад нээлттэй болсон. Ингээд олон асуудлын үр дүнд төсвийн орлого давж биелсэн.

Эдийн засагч хүний хувьд байр сууриа илэрхийлэхэд, бид хонгилын үзүүрт жаахан гэрэл гарангуут шууд үрээд байж болохгүй. Хоёрдугаарт, цалин, тэтгэвэр нэмчихээр инфляцид нөлөөлнө. Ингээд нэмсэн мөнгө нь ямар ч нэмэргүй болчих эрсдэл байгаа юм. Тиймээс төсвийн чанга бодлогоо энэ жилдээ бариад ирэх жилээс төгрөгийнхөө ханшийг чангатгах арга хэмжээг авбал урт хугацааны үр дүнтэй зөв арга хэмжээ болно.

Харин иргэдийг төлөөлж байгаагийн хувьд дүгнэхэд, нийгмийн хэрэгцээ шаардлага яах аргагүй байгаа юм. Зарим салбарууд маш бага цалинтай. Түүгээрээ амьжиргаагаа залгуулахад хүнд зэрэг олон асуудал байна. Хүүхдийн мөнгийг яагаад хүүхэд бүрд олгохгүй ялгамжтай хандаж байгаа юм бэ гэхчилэн асуудал бий. Тиймээс өөрт байгаа нөөц бололцоонд тулгуурлаж сонгогчдынхоо хүсэл саналын дагуу тэтгэврийн итгэлцүүр, цалинг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, Улаанбаатарын түгжрэл гэсэн дөрвөн гол зүйлд чиглэсэн төсвийн тодотгол хийсэн. Гэхдээ цаашид жаахан орлого нэмэгдмэгц зарлагаа нэмээд байж болохгүй. Энэ чиглэлд тогтвортой, урт хугацааны эдийн засгийн бодлого хэрэгжүүлж байж төгрөгийн ханшаа чангаруулна. Эдийн засгаа чангаруулна гэдэг нь иргэдийн цалинг нэмж байгаагаас өөрцгүй. Тиймээс эдийн засгаа сайжруулах чиглэлд анхаарч ажиллах нь зөв.

-Одоогийн үнийн өсөлт дээр нэмж дахиад инфляци өдөөгдөх нь. Энэ үед зэрэгцүүлээд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, бид үйлдвэрлэгч орон болох шаардлагатай. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгомоор байна. Ядаж л хүнсний бүтээгдэхүүнд зориулсан мөнгө гадагшаа урсгаад баймааргүй байна. Хоёрдугаарт, төсвийн бодлого болон мөнгөний бодлого уялдаатай байх ёстой. Одоо бол хоёр тийшээ харсан юм шиг нөхцөл байдалтай байна. Монголбанк Засгийн газраас хараат бусаар өөрийн бодлогоо хэрэгжүүлдэг байгууллага гэдэг утгаар УИХ-ын харьяанд байдаг. Тиймээс уг байгууллага илүү зоригтой, хараат бус байх зарчмаа баримталж ажиллах ёстой гэж харж байна.

-Монголбанк мөнгөний бодлогоо чангатгаж, хэрэгжүүлж чадахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Өнгөрсөн хугацаанд шаардлагатай үед бодлогын хүүгээ өсгөж чадаагүй нь нэг том алдаа гэж харж байгаа. УИХ-ын чуулганы үеэр Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд бодлогын хүүгээ чангатгаж, өсгөөч гэсэн шаардлагыг Монголбанкинд удаа дараа тавьж байсан. Энэ мэтээр яаралтай авах арга хэмжээг цаг тухайд нь хийж чадаагүй.

Жишээлбэл, ипотекийн зээл мэдээж төрийн албан хаагчдад маш хэрэгтэй зүйл. Гэхдээ үүнд Монголбанк мөнгө хэвлэж санхүүжүүлж болохгүй. Энэ мэтээр Засгийн газрын ажил руу орж мөнгө хэвлэж төгрөгийн ханшийг унагасан буруу бодлогыг их явуулсан. Энэ бол Засгийн газраас хараат байгаагийн илэрхийлэл. Монголбанкинд мэргэжлийн эдийн засагчид ажиллаж байгаа шүү дээ. Тэд юу хийх ёстой, юу хийж болохгүй вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлгүй мэдэж байгаа. Асуудал нь хараат байж чадахгүй байгаад гэж бодож байна.