Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Зам, тээврийн осол" хамгийн их гардаг замын судалгааг гаргажээ.

Тодруулбал, 2013 он, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын болон орон нутгийн чанартай зам, гүүрэнд 638 осол гарсан байна.

Үүнээс 68 хүн амиа алдан 90 гаруй хүн гэмтжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх авто зам, гүүрүүдийн төлөв байдал, ашиглалт, засвар арчлалтай холбоотой улсын байцаагчийн 44 дүгнэлт, 12 албан шаардлага, 9 акт тогтоож, төрийн захиргааны холбогдох байгууллагуудад 11 албан бичиг хүргүүлжээ. Мөн жолооч, зорчигчдод анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан аж.

Зам огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зорчих хэсэг эвдэрсэн, хальтиргаатай, ус зайлуулах байгууламж ажиллаагүй, далан сэтэрсэн зэрэг нь осол гарах нөхцөл болж байна хэмээн үзжээ. Түүнчлэн жолооч нар хурдаа тохируулдаггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл барьдаг, хориглосон газарт гүйцэж түрүүлдэг, гүүрийн даац хэтрүүлдэг зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд том оврын тээврийн хэрэгсэл норм, дүрмээс хэтэрсэн ачаа тээвэрлэж байгаа нь зам, гүүр эвдэлж байна.

Улсын хэмжээнд дараах газруудад авто зам, замын байгууламжуудын ашиглалтын байдал хэвийн зорчих нөхцлийг хангаагүйгээс осол  их гарч байна.  

-Баянхонгор-Арвайхээр чиглэлийн замын Өлзийт сумын Цагаан хөтөлийн замын уруу, огцом эргэлттэй газарт 2010 оноос хойш 34 осол гарч 11 хүн барсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын байцаагчийн дүгнэлт, албан тоотыг Зам, тээврийн яам, бусад холбогдох газарт хүргүүлж, Замын цагдаагийн постыг шилжүүлэн Цагаан хөтөлд байрлуулсан. Уулзварын өөрчлөлтийн зураг төслийг боловсруулсан бөгөөд зам тавихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх хэрэгтэй.

-Сэлэнгэ аймгийн Шаамар-Зэлтэр чиглэлийн замд засвар арчлалт тогтмол хийдэггүй, том оврын тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэн зорчсоноос 2013 онд 7 осол гарсан. Энэ чиглэлийн гүүрүүдэд засвар, арчлалтын ажил хийх шаардлагатай. Ерөө голын 153 у/м, Түнхэлийн 134,5 у/м модон гүүрэнд их засвар хийгдээгүйгээс хэвийн зорчих нөхцөл нөхцөл алдагдаж байна.

-Өмнөговь аймгийн Гашуун сухайт-Шивээ хүрэн боомтын чиглэлийн зам зориулалтын бус, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин муу, хурд хэтрүүлснээс 2013 он, 2014 оны 4 сарын байдлаар 19 осол бүртгэгдсэн.

-Төв аймгийн нутаг дэвсгэр дэх замд 324 осол бүртгэгдсэн. Мөнгөнморьт, Батсүмбэр, Алтанбулаг сумын нутаг дахь модон гүүрүүд их эвдэрч тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцөл алдагдаж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргаж, акт тогтоон холбогдох газруудад хүргүүлсэн.

-Улаанбаатар-Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн замд 10 гаруй жил их засвар хийгдээгүйгээс ихэнх хэсэгт эвдрэл гарч шаардлага хангахгүй болсон. Улаанбаатар-Зуунмод чиглэлийн зам 1983 онд ашиглалтанд орсноос хойш их засвар хийгээгүй, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тоо нэмэгдэж байгаа. Энэ замд он гарсаар 9 осол гарч 5 хүн нас барсан.

-Чойр- Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замын туслах замаас төв зам руу орох үзэгдэх орчин хязгаарлагдмал, шулуун замд хурд хэтрүүлснээс осол их гардаг. Түүнчлэн Замын-Үүд-Улсын хил чиглэлийн замд 2013, 2014 онд 77 осол бүртгэгдсэн.

-Дархан-Эрдэнэт чиглэлд Их хөшөөтийн давааг давж Эрдэнэт рүү уруудах зам,  Бага хөшөөтийн даваанд зам, тээврийн 13 ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн. Орхон аймгийн Шанд, Рашаант баг чиглэлийн замыг барихдаа трасст орсон айл, хашаа байшинг бүрэн нүүлгэж чадаагүй. Үүнээс болж замын чигийг өөрчилж, замын хаалт, хашлага хийгээгүй нь зам, тээврийн 35 осол гарахад хүргэсэн. Хуучин тээврийн товчооны болон Тасгийн төмөр бетон гүүр 2012 онд  байгалийн гамшигийн үеэр эвдэрснийг Мэргэжлийн хяналтын байгууллага засварлуулсан.

-Булган аймгийн Гурванбулаг сумын орчимд үерийн улмаас замын далан сэтэрч машин онхолдон 1 хүн нас барсан. Булган сумын Зүүн түрүүний 18 у/м, Мааньт, Ацын голын 8 у/м модон гүүрний бүтээц эвдэрсэн, Хангал сумын нутагт гүүрийн хайс, хаалт байхгүйгээс осол гарсан байна.

-Архангай аймагт 38 осол гарч, 27 хүн нас барж, 30 хүн гэмтсэн. Иймээс зам, тээврийн осол их гардаг “Хар цэг”-ийнсудалгааг Замын цагдаагийн тасагтай хамтран гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүгнэлт өгч Зам, тээврийн яаманд хүргүүлсэн. Ашиглалт, засвар арчлалт хариуцсан компаниудаар эвдрэлийг засварлуулсан.  

-Хөшөөт-Ярант чиглэлийн зам, Жаргалант сумын Талын хашааны гудамжны замд 6 осол гарч 8 хүн нас барсан. Дөргөн сумын Чоно харайх голын модон 46,8 у/м гүүрийн тулгуур, зорчих хэсэг эвдэрсэн учир улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, хөдөлгөөнийг хориглосон.

-Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Улаанбаатар-Баянхонгор, Хархориноос Хужирт-Цэцэрлэг-Өгийн нуур чиглэлийн замын үзэгдэх орчин хангалтгүй, огцом эргэлттэй, огцом өгсөх, уруудах хэсэгтэй, 4 замын уулзвар зэрэг газарт 2013 оноос хойш 79 осол бүртгэгдсэн. Хөнөгийн голын 19 у/м, Онгоцтойн амны 105 у/м, Цагаан голын 27 у/м, Онгийн голын 46 у/м, Аргуйн голын 20 у/м модон гүүрний модон бүтээц эвдэрсэн, уул уурхайн тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчдогоос цөмөрсөн. Актаар хөдөлгөөнийг хязгаарлан цаашид засварлах арга хэмжээг авах  дүгнэлтийг холбогдох газруудад хүргүүлсэн.

-Мөрөн-Хатгал чиглэлийн замд 2013 онд үерийн улмаас 500м орчим  хэсэгт хучилт бүрэн эвдэрсэн, 4,5км хэсэгт замын хажуугаар 2м гүнтэй гуу жалга үүссэн.  Улсын байцаагчийн дүгнэлтийг ЗТЯ-нд хүргүүлэн холбогдох арга хэмжээг авсан. 

-Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын уруу хэсэгт өндөр далантай, огцом эргэлт тойрог ихтэй, өгсүүр, эгц уруу газарт хурд хэтрүүлснээс осол гарч байна. Дээрх чиглэлийн гүүрүүдийн ашиглалтад шалгалт хийн улсын байцаагчийн 6 дүгнэлт гаргаж, ЗТЯ-нд хүргүүлсэн. Завсар шинэчлэлтийн зураг төсөл боловсруулж Түргэний голын гүүрийн засварын ажлыг хийлгээд байна.

-Чингис хаан-Чойбалсан, Чойбалсан-Баяндун чиглэлийн замд 6 осол гарснаас гадна Хэрлэн голын модон гүүр байнга эвдэрдэг.

-Өлгийгээс Ховд чиглэлийн замын Бураатын даваа, Цагааннуур чиглэлийн замын Шинэ даваа, Увс чиглэлийн Бугын хөтөл, Даян чиглэлийн замын Ачит булгын даваа зэрэг газарт замын нөхцөл байдал хангалтгүй, Улаагчины 9 у/м, Булганы голын 45 у/м, Бага хуурайн голын 30,3 у/м, Согоогын голын 19 у/м модон гүүрүүд, Сагсайн голын 96,8 у/м, Бураатын горхийн 18 у/м төмөр бетон гүүрэнд  урсгал засвар хийгээгүй, хүнд даацын тээврийн хэрэгсэл даац хэтрүүлэн зорчсоноос эвдрэл гарч, ашиглалтын байдал муудсан. Үүнээс болж тээврийн хэрэгслийн хэвийн зорчих нөхцөл алдагджээ.

Цаашид төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд дээрх нөхцөл байдлыг судлан, авто зам, замын байгууламжийн ашиглалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, авто тээврийн хэрэгсэл хэвийн зорчих нөхцлийг хангаж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатайг анхааруулж байна.

 

Жолооч, иргэд та бүхэн холын замд явахдаа хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаална гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага анхааруулж, зөвлөлөө.

 

Х.Даваа