УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Зам Тээврийн Сайд асан Мөнхчулууны Зоригтын “Парламент” телевизийн нэвтрүүлэгч Т.Болд нарын яриаг хүргэж байна.

М.Зоригт: Ойрд их сонин юм болж байна. Боловсролын сайд нь багшаа бэлдэж чадаагүй гээд хуулиа хойшлуулж байна. Уг нь хуулиа батлаад түүндээ тааруулж төсвөө батлаад, багш нараа бэлдэх ёстой шүү дээ. Ч.Ундрам гишүүн хувийн сургуулиудын лоббигоор унагалаа гэх юм. Хувийн сургуулиуд юу гэж тийм лобби хийх вэ дээ. Энэ бол цаанаа ОХУ-ын үзүүлж байгаа том дарамт.

 

 

Сар гаруйн өмнө энэ хуулийг хэлэлцэж байхад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол улсын тусгаар тогтнол, бие даасан, бүрэн бүтэн байдалд харш учраас Англи хэлийг үндсэн хэл гэж болохгүй гэдэг мэдэгдэл хийж байсан. Тэр үзэл санаан дор үүнийг баталлаа.

 

Оросууд өнөөдрийг хүртэл Монгол улсыг өөрийн эрхшээлд байлгах гэж, аюулгүй байдлын хаалт хэвээр нь үлдээж, хөгжүүлэхгүйн тулд энэ хуулийг баталсанд би их бухимдаж байна. Эргээд харсан чинь ганцхан Англи хэл ч биш юм байна. Сүүлийн 20-30 жилд гэхэд л Оюутолгой дээр Оросууд ямар их тээг тавилаа. С.Баяр Ерөнхий сайд байх үедээ яаж ийж байгаад ард нь гарч авсан. Нарийн царигтай төмөр замыг Оросууд өөрийн төлөөний хүмүүсээр шахуулсаар байгаад унагасан. Нарийн царигтай төмөр зам барьчихсан бол өнөөдөр шунгинаад л зөөх байлаа. 

 

Т.Болд: Хоёулаа нэр устай нь ярья. Өөрийн төлөөний хүн гэдэг нь “Женко” Х.Баттулга биз дээ?

 

М.Зоригт: Тийм. “Женко” Х.Баттулга шүү дээ. “Женко” болон түүний хажууд байгаа хүрээлэгчид нь. 

 

Т.Болд: А.Гансүх гэж нөхөр байна. “Херо” Б.Баатар байна. Бас нөгөө “Шулмас” хэн билээ?

 

М.Зоригт: Мянган хүн байна. Миний анзаарснаас заримыг нь хориод байх шиг байна. Эрчим хүчний хувьд бие даасан байя гээд усан цахилгаан станц ярихаар Оросууд болохгүй гэж дарамталсаар байгаад болиулсан. Түлш, шатахууны хувьд гаднаас хамааралгүй болох гээд төр, хувийн хэвшил үйлдвэр бариад ажиллуулж байсан шүү дээ. Өчнөөн ач тусаа өгөөд явж байсан.

 

 

Оросууд та нар хуурамч түлш үйлдвэрлэж байна. Жинхэнэ түлш зөвхөн Орост байдаг. Монголчууд болихгүй бол түлш нийлүүлэхгүй гэж айлгаж байсан. Гэтэл саяхнаас хуурамч түлш гэдэг яриа гараад ирсэн. Харамсалтай нь манай АН-ын Б.Пүрэвдорж үхэн хатан тэмцэнэ шүү ч гэнэ үү? Оросын дуу хоолой, гүйцэтгэгч нь болчихсон явж байна.

 

 

Монгол Улс үйлдвэргүй байх нь ганцхан Орос улсад л ашигтай. Хүссэн өндөр үнээрээ шахаж байх зах зээл нь хаагдчих гээд. Монголд тийм том супер үйлдвэр барих хэрэггүй. Дэлхий дээр жижиг үйлдвэр хэдэн мянга байдаг. Монголд 1,2,3 үйлдвэр яагаад барьж болохгүй гэж. УИХ өнөөдөр Англи хэлийг унагасан шигээ Оросын захиалгаар юу ч хийхэд бэлэн байна. Францтай хамтраад цөмийн эрчим хүчний асуудалд Ерөнхийлөгчдийн түвшинд бараг бүрэн шийдээд явсан. Түүнийг ч зогсоох нь байна шүү дээ. Ямар дээр үеийн ядуу зүдүү, Х.Чойбалсангийн үеийн Монгол биш дээ. Ардчилсан үзэл санаатай, либерал үзэл санаатай хүмүүс ямар их болсон билээ. Монголчууд бүрэн өөрчлөгдсөн. Ганцхан эрх баригчид нь өөдгүй, аймхай хэвээрээ байна. Кремлээс даллангуут тэгэлгүй яах вэ гээд бүгдийг нь хийж өгдөг. Үүнд л уур хүрээд байна. 

 

Т.Болд: Оросуудын талаар хэдэн юм нэмж хэлье. Өнгөрсөн 7 хоногт “Ярих өнцөг” нэвтрүүлгээр Дөрөвдүгээр цахилгаан станцын дарга орж, Монголын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьсан юм. Тавдугаар цахилгаан станц бүр больсон гэнэ. Багануурт эхлээд явж байсан төсөл бас больсон гэнэ.

 

Эгийн голын усан цахилгаан станцыг Оросууд Байгаль нуурыг сүйтгэх гэж байна гэж гомдол гаргасан ч олон улсын эрдэмтдийн баг авчраад үнэхээр Байгаль нуурт сөрөг нөлөөтэй эсэх талаар судалгаа хийлгээд, дүгнэлт нь гаргасан байна.

 

Гэтэл манай эрх баригчид болно, болохгүй гэдгийг нь хэлэхгүй байна. Эрдэмтэд нь ямар ч сөрөг нөлөөгүй гээд байдаг. Гэтэл Оросууд лүндэн буулгаад, эрчим хүчийг чинь бид нар даая, Гуравдугаар цахилгаан станцыг томруулаад бариад өгье гэсэн гэнэ. Ингээд Оросын бичиж өгсөн төслийн өртөг нь 1,4 евро буюу дэлхийн дунджаас 2 дахин үнэтэй. Ингээд Оросуудыг та нар эрчим хүчээр ханга гээд, Б.Чойжилсүрэн нь Москвад 1,4 тэрбум еврогоо жоохон буулгах санаатай очсон гэж байгаа юм.

 

М.Зоригт: Эрчим хүч дээр Германы Siemens, Италиуд, Япончууд бүгд хийж чадна шүү дээ. Тэр байтугай Украин ямар мундаг гэж бодно. Бүгд хийдэг. Ганцхан Орос чадна гэдэг юм байхгүй шүү дээ.

 

Т.Болд: Бид нүүрсний цахилгаан станц л барина шүү дээ. Өөр түүхий эдгүй учраас. Дөрөвдүгээр цахилгаан станцын даргын яриагаар нүүрсний цахилгаан станцын технологиор Хятад улс Оросыг дагуулахгүй хол хаясан гэж байна.

 

М.Зоригт: УИХ дээр хэлэлцсэн шатахуун боловсруулах зарим шатны үйлдвэрийг болиулах асуудлыг Москвагын шууд удирдамжаар гар хөл нь болсон Б.Пүрэвдорж хийгээд явж байна. Хамгийн харамсалтай нь АН маань яагаад энэ бүхнийг дэмжээд байгаа юм бэ? Д.Медведев 7-р сард Монголд айлчлах юм гэнэ. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Медведевийг урьсан юм уу даа. Гэтэл өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгч биш, Д.Медведев хэн ч биш шүү дээ. Хувь хүнийх нь хувьд уриагүй. Гэтэл нөгөөх нь ирээд Англи хэлээ больсон сайн байна гээд мөнгө өгөх юм уу?

 

Т.Болд: Хэнтий, Дорнод аймгаар урсдаг Улз голын усыг хуримтлуулж усан сан байгуулах ажил эхлээд явж байж. Гэтэл Оросууд лүндэндээд бас зогсоочихсон. 

 

М.Зоригт: Улз гол Оростой ямар ч хамаагүй шүү дээ.

 

Т.Болд: Монголд ч ач тустай бол тэр Оросын эрх ашиг биш.

 

М.Зоригт: Хэсэг залуучууд Хятадаас эд анги оруулж ирээд, монголдоо угсраад “Мозо” гээд машин хийж байгаа юм байна. Гэтэл тэдний үйлдвэр дээр баахан танхай этгээдүүд дайрч ороод Орос Монголын харилцаанд сэв суулгалаа гээд үйлдвэрийг нь баахан нурааж, зодоон хийсэн байна. Орос хэрээс хэтэрч байна.

 

Оросыг даган баясагчид эх орноо худалдаж байна. Урваж байна. Уг нь энэ хүмүүсийн нэр тодорхой болоод байна. Англи хэлийг Ж.Чинбүрэн, газрын тосны үйлдвэр дээр Б.Пүрэвдорж, төмөр зам дээр Женко нь байж байна. Үүн дээр Монгол улс тодорхой арга хэмжээнүүд авмаар байна.

 

Оросын бодлогын төлөө үйлчилж байгаа УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид, дайн дэмжиж жагсаал хийж байгаа олон иргэдийг Монгол улс тусгаар тогтносон улс мөн юм бол учрыг нь олох хэрэгтэй. Хэдий болтол зүгээр харж суух юм бэ? Орос хилээ хаачихвал яах вэ? Гэж олон хүн асуудаг. Хоёрхон жилийн өмнө 3,4 сар бензин өгөөгүй шүү дээ. Ямар ч асуудалгүй өөр газраас, Хятадаас, Солонгосоос, Арабаас нь ч авсан. 

 

Т.Болд: Ер нь бензинээр хэмжигддэг тусгаар тогтнол гэж байдаг юм уу? Бензин авахын тулд тусгаар тогтнолоо хаяж өгчихөөд сууж байх юм уу? Бензингүй ч байсан яадаг юм. 1990-д оны эхээр огт бензингүй бараг 2 жил болсон билүү дээ. 

 

М.Зоригт: Орос хилээ хаачихвал яах вэ гэж хүн бүр бодож байна. Гарц гаргалгаа хайж байна. Хятадыг хараад байхад Орос шиг буу, пуужингаар шийддэггүй юм байна. Эвзүй, гэрээ хэлцлээр явдаг юм байна. Хятад өөрөө дэлхийгээс шууд хамаардаг болчихож. Тийм учраас бие биенээ сонсдог юм байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад Ши Жинпинь бид Оросын арми, дайнд туслаагүй, туслахгүй гээд шууд хэлсэн байна.

 

Бид нар гуравдагч хөрштэйгээ эвзүйгээ олоод, эрчим хүч болон бусад асуудлууд дээр Оросын хамаарлыг багасгая гээд явах юм бол Ши Жинпинь даргад Монголд хэдүүлээ цөмийн станцыг нь барьж өгье, шатахууныг нь тэндээс нийлүүлье гээд гарц гаргалгаа нь байгаа шүү дээ.

 

Дайн эхэлснээс хойш монголд хичнээн улсын томчууд ирсэн билээ. Бүгд та нарыг Оросоос хамаарахгүй байх, бие даасан байх бүх зүйлийг шийдэж өгье гэж байна. Бид энэ зүг рүү яагаад зоригтой явж чаддаггүй юм бэ? Хорвоо ертөнц өөрчлөгдөөд байгааг манай томчууд яагаад харахгүй байна вэ?

 

Т.Болд: Оросууд их л бодож бензинээ хаадаг шүү дээ. Яадаг юм. Жоохон гүрийхэд л Хятадаас 1-2 сар болоод ороод ирнэ шүү дээ. Бас нэг зүйл нь Оросууд заавал монголоор дайруулж хийн хоолой тавина гээд байсан. Эхэндээ бид ч манайхаар дайруулж тавиач гэж явсан үе бий байх. Сүүлдээ Орос гэдэг гүрэн хийн хоолойгоороо дамжуулаад яаж дарамталдаг вэ? Гэдгийг мэдлээ шүү дээ. Хий худалдаж авдаг байсан Европын улсуудыг яаж дарамталж байв. 

 

М.Зоригт: Одоо Монголд ирэх гээд байгаа Медведев та нарыг хөлдөөж ална гээд крантаа хаачихсан шүү дээ.

 

Т.Болд: Оросууд зүтгүүлээд, манайхан гарын үсэг зураад л... Хятад ашгүй дуугай байж байгаад саяхан авахгүй гэдгээ хэлсэн юм байна. Туркменстанаас том хоолой татахаар болж, харин төмөр зам манай урдуур явчихаж байгаа нь жоохон тиймхэн байна. 

 

М.Зоригт: Ямар ч улс орон Хойд Солонгосоор ачаа бараа дамжуулан тээвэрлэхээс айдаг шүү дээ. Үүнтэй адилхан Оросоор дайруулж тээвэр хийнэ гэхээр улс орнууд айж байна л даа. 

 

Т.Болд: Тэр төмөр зам Монголын хилээс 200 км урдуур л явах юм байна лээ. 

 

М.Зоригт: Гашуунсухайт боомтоор гараад ерөөсөө 80 км орчим яваад Баяннуур ордог. Баяннуураар яг тэр төмөр замын зангилаа дайрдаг байхгүй юу. Гашуунсухайт руу мухарлаад хийсэн төмөр зам маань Баяннууртай холбогдох байхгүй юу. Тэр төмөр замаар бид урагшаа гараад, Европ, дэлхийтэй холбогдоно.

 

Би уг нь С.Бямбацогтод дуртай биш л дээ. Гэтэл манай хүн Оросын сайдтай уулзаад тээврийн үнээрээ биднийг шулж байна, арай дэндүү байгаа учраас бид ч бас үнээ нэмэхээс өөр аргагүй гээд хэлчихэж. УБТЗ яагаад дампуурах шахаад байна вэ гэхээр Оросын ачаа барааг үнэгүй шахуу, дээрмийн үнээр тээвэрлэдэгтэй холбоотой. Үүнээс болоод Хятадаас ачаа бараагаа авчирч чадахгүй овоороод, тэрнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ, барилгын үнэ өсөөд байна шүү дээ.

 

Т.Болд: “Шилэн” Цогоо Орост оччихсон төр төлөөлөөд хэлэлцээр хийгээд яваад байх юм. 

 

М.Зоригт: Бас нөгөө Дарханы замыг сүйтгэдэг Б.Энх-Амгалан хамт явж байсан. Цогоо чинь УИХ-ын даргын “Шилэн” зөвлөх билүү?

 

Т.Болд: Больчихсон.

 

М.Зоригт: Аан. Тэгвэл ямар учиртай явж байгааг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэр хоёрыг хараад Орос руу айлчлах хүн олдохгүй болж гэж бодлоо.

 

Ахиад хэлэхэд Монгол улс Оросын хувьд аюулгүй байдлын хэрэгсэл гэж ойлгогддог. Орост өндөр хөгжилтэй Монгол хэрэггүй. Монгол ядуу, боловсролгүй байх ёстой. Дуртай үедээ нутагт нь очоод байлдчихдаг байх ёстой. Тийм л улс байх ёстой гэж Оросын бодлогод заасан байдаг. Энэ бодлогынхоо хүрээнд Монголын эдийн засагт нааштай гэсэн юм бүрийг өөрсдийн гар хөлөөр дамжуулан биднийг задалж байгаад унагаадаг байсан. Японд эдийн засгийн хориг арга хэмжээ авахаараа 15 хувийн татвар тавьдаг бол Монгол Улсад 60 хувийн татвар тавьдаг. Ингэж муухай дээрэлхдэг. Үүнийг зүгээр харж суумааргүй байна. Биднийг төлөөлж төрд сууж байгаа шийдвэр гаргагчдад шаардлага тавимаар байна. Оростой хатуу бай. Б.Чойжилсүрэн шиг байж болохгүй. Эрчим хүчний асуудлаа Кремльд очоод хэдэн төгрөг буулгах гээд явж болохгүй. Дэлхийтэй ярь л даа. Францтай, Германтай, Японтой ярь л даа. Оросыг март л даа.

 

Т.Болд: Яг энэ тал дээр туслахад бэлэн гээд маш олон том дарга нар айлчлал хийж ирээд явлаа. 

 

С.Зоригт: Бид өнөөдөр өсөж өндийх ёстой. Оросын дарангуйлал байхгүй бол бид маш богино хугацаанд Арабын баян улсууд шиг амьдрах бололцоотой шүү дээ. Нүүрсний болон бусад олон төрлийн хулгайтай өнөөдрийн төр сайн тэмцээд эхэллээ. Энэ бол хөгжлийн гол түлхэц болох зүйл шүү дээ.

 

Т.Болд: Нүүрсний хулгайг бүрэн зогсоосон юм уу мэдэхгүй. Ямартай ч илчлээд ил гаргасан чинь манай орлого 2 дахин өсөөд, бүх хүнийхээ цалин, тэтгэврийг нэмэх гээд сууж байна шүү дээ. 

 

М.Зоригт: Нүүрсний хулгайчдыг барьсан чинь нүүрснээс олдог орлого 3-4 дахин нэмэгдчихлээ. Ямар аймар хулгайч нартай байсан юм бэ? 

 

Т.Болд: Хоёр жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд нүүрсэн дээр айхтар хулгай байна. Шийдэж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин өсөхөөр байна гэж анх мэдэгдэл хийж байсан. Тухайн үед би за бас арай ч дээ гэж бодож байсан. Гэтэл үнэхээр л тийм байж.

 

Бичгийн хэлбэрт сийрүүлсэн: М.Чойжал

sonin.mn