13 настай хүү Гандантэгчинлэн хийдийн дотуур байранд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлаар өнөөдөр (2023.06.23) Гандантэгчинлэн хийдээс хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө.

Тэгвэл, хэвлэлийн хурлын үеэр хөндлөнгөөс байлцсан З.Санждорж хамбаас сэтгүүлч асуулт асууснаар үл ойлголцол үүслээ.

З.Санждоржийн хувьд "Булхай бол байгаа. Лам нар нь өөрсдөө шударга байя л гэж байгаа. Болсон үйл явдлыг нийгмээс нуугаад бүтэхгүй. Үнэн юм ярих гэхээр ингэж дарамталдаг. Ганц одоо илэрч байгаа юм биш. Хамгаалаад өнгөрөх гэж байгаа бололтой. Ингэж болохгүй, нийгэм өөр болсон. Энэ асуудлыг би олон жил ярьж яваа. Дамбадаржаад үг хэлснийх нь төлөө нэг хүүхдийг хөөгөөд явуулсан. Өөрсдийгөө өмгөөлж, бүх юмаа хамгаалаад гарч болохгүй. Энэ болдог уу, болдог. Болсоор ирсэн. Буддын шашнаа хамгаалах гэж байгаа нэрээр нурааж байна. Бүх баримтууд миний утсанд байгаа. Та нар ингэж худлаа мэдээлэл хийж болохгүй" гэж байв.

Гандантэгчинлэн хийдээс түүнийг гарахыг шаардаж, санхүүжилттэй, тодорхой зорилготойгоор гүтгэн харлуулах ажил хийж байна гэлээ.