Орост барьцаалагдсан манай эрх баригчид үр хүүхдийн минь ирээдүйгээр тоглож эхэллээ
2023/06/27
Боловсролын ерөнхий хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Уг төсөлд “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн хэл нь англи хэл байна”, “Гуравдугаар ангиас англи хэл заана” гэсэн заалтуудыг оруулсан нь олны анхаарлыг татсан. Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцэгдэж, бүлгийн хурлаар, Байнгын хорооны хурлаар тус тус хоёр удаа дэмжигдэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ч дэмжигдээд эцсийн хэлэлцүүлэгт орж ирсэн төсөл. Хуулийн төслийг ийнхүү хэлэлцэх үеэр “Нэгдүгээр ангиас нь англи хэлийг хүүхдэд заавал унаган хэлээ мартаж, монгол биш болно” гэсэн шуугианыг сошиалд дэгдээж, дэмий ярианууд гаргаж төслийг хэлэлцэж буй хүчийг сулруулах гэж оролдлоо.
Нэгдүгээр ангиас нь англи хэл заалаа гэхэд бусад хичээлүүдийг нь монголоор заах учир яалаа гэж монгол хэлээ мартах юм бэ. Үүнд хэн ч үнэмшихгүй.
Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан дээр уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр хэлэлцэхэд Ж.Чинбүрэн гишүүн “Энэ заалтыг авч хаяя, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна” гэсэн санал гаргасныг бусад нь дэмжиж “Бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн хэл нь англи хэл байна” гэх заалтыг унагасан юм. Ном журмын дагуу хууль боловсруулагдах бүхий л шатаараа дамжин явж байтал гэнэт 24 цагийн дотор ийм юм болж хувирчихсан.
Ингээд л нийгэм, улс даяар хэрүүлийн түймэр дэгдсэн. Яагаад ийм юм болов гэхээр “ҮАБЗ хуралдаад хас гэж хэлсэн шүү дээ” гэх яриа дуулдсан. ҮАБЗ бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй. Уг зөвлөл хуралдсан бол Ерөнхий сайд тэнд байсан гэсэн үг. Тус зөвлөлийн шийдвэрийг дээрх гурван эрхэм хамт сууж байгаад гаргадаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ бас зөвшөөрсөн байна аа гэсэн үг.
Яагаад Боловсролын ерөнхий хуулийн төсөл хэвийн хэлэлцэгдэж байснаа гэнэт л болохоо байчихав гэхээр “Англи хэлийг дэмжвэл Орос бидэнд шатахуун өгөхгүй” ч гэх шиг хүн үнэмшмээргүй гэмээр дэмий тайлбаруудыг манайхан өөрсдөө зохиогоод байгаа юм уу гэлтэй ярьж эхэлсэн. Яг энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилж таарсан. Ийм айлчлалын талаар урьдчилж хэн ч яриагүй, албан ёсоор зарлагдаагүй байсан нь гэнэтийн юм боллоо. Уг айлчлалын мэдээ Монголоос, дотоодоос биш гадаадаас Оросоос эхэлж дуулдсан нь хачирхалтай. Зургадугаар сарын дунд үеэр “Занданшатарыг Орост дуудсан гэх юм. Үнэн үү. Оросын зурагтуудаар тийм мэдээ яваад байна” гэж нэгэн жиргээч гайхаж асууж тэрүүхэн тэндээ хэлэлцүүлэг өрнүүлж л байсан.
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд англи хэлтэй холбоотой заалтыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга Орост дуудагдсан нь хар дагуулж байна. Хойно очоод барьцаанд орсон уу, англи хэлийг Боловсролын ерөнхий хуулиасаа авч хая гэсэн шахалтад орсон уу. Ер нь олон талын дүгнэлтийг нэгтвэл Г.Занданшатар ийм шахалтад орсон байх аа. Яагаад вэ гэвэл МАН-ын зүтгэлтнүүд Орост барьцаалагдчихсан шиг байгаа юм. Единая Россия нам өөрсдийнхөө нөлөөг нэмэгдүүлэхийн тулд харилцаа холбоотой намууддаа асар их хэмжээний доллар өгдөг гэсэн яриа Украины дайнаас хойш дэлхий даяар тархсан. Ингэж санхүүжилт авдаг намуудын сүлжээг зарлана, зарлах гэж байна, Путин унавал энэ жагсаалт олонд ил болно гэсэн таамаг их.
Тэр асар өндөр санхүүжилтээс МАН, энэ намын удирдлагууд намдаа ч, хувьдаа ч ихийг авсан байна аа. Тийм болоод л ингэж түргэн авч дуудагдаж, барьцаалагдаж байгаа юм. Авсан мөнгийг чинь зарлана шүү гэж ганц өгүүлбэрээр сүрдүүлэхэд л яваад оччихож байгаа юм.
Харин УИХ-ын гишүүд англи хэлтэй холбоотой заалтыг дэмжиж чуулган дээр шуугиан боллоо. Гишүүдийн ихэнх нь гэж бараг бүгд шахам англи хэлийг дэмжиж байна. Бүр ҮАБЗ-өөс үнэхээр шийдвэр гарсан бол тэрнийх нь эсрэг зогсоод энэ төслийг баталъя ч гэцгээв. Ингээд хуулийн төслөө тавьж туухын даваан дээр бүлгийн дарга нь гүйж орж ирээд МАН завсарлага авлаа. Бодвол “Англи хэл заах нь буруу шүү дээ” гэж гишүүдээсээ гуйх гэж байх шиг байна. Мэдээж гишүүдийнхээ нэр дэвших эрхээр нь боож барьцаалах замаар энэ хуулийн төслөөс англи хэлтэй заалтыг авахуулах гэж үзнэ л дээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хуулиар биш хөтөлбөрөөр батална гэсэн хөндлөндүү юм яриад байгаа. Түүний яриад байгаа юм итгэл үнэмшилгүй. Хууль батлах гээд парламентын гишүүд бид дийлэхгүй байхад ганц сайд чи тогтоол, хөтөлбөр гаргаад дийлдэг юм гэж юу байхав гэж гишүүд ярьж байсан нь харин ч үнэн үг байсан шүү.
МАН-ын гадаадтай сүлбэлдсэн энэ барьцаанаас болоод бидний үр хүүхдийн ирээдүй хохирч байна. Монголын жирийн иргэдийн хүүхэд гадаадад их, дээд сургуульд сурч чаддаггүй. Яагаад вэ гэвэл хэл мэддэггүй. Дарга, даамал, сэхээтэн, компанийн эзэд гэсэн чинээлэг давхаргынхны хүүхдүүд төлбөртэй англи хэлний сургуульд хар багаасаа, нэгдүгээр ангиасаа сурсаар Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнгүүтээ шууд гадаадын их, дээд сургуульд амархан элсээд орчихдог. УИХ-ын гишүүд, сайд дарга нар бүгд хүүхдүүдээ нэгдүгээр ангиас нь англи хэлний сургалттай тусгай сургуульд явуулдаг. Хүүхдээ энгийн сургуульд сургадаг нь бараг байхгүй дээ. Ер нь байхгүй шүү. Дарга нарын өөрсдийнх нь хүүхэд англи хэл сурч болдог, ардын хүүхдүүд сурч болохгүй гэдэг бол ёс суртахууны хувьд үнэхээр байж болзошгүй зүйл.
НҮБ-ын гишүүн 193, ажиглагч хоёр орон байгаагаас 54 орон албан ёсны хэлээрээ англи хэлийг зарлачихсан байдаг бөгөөд 27 улсын хоёр дахь хэл нь англи хэл юм. Дэлхийн шинжлэх ухааны сурах бичиг, ололт, амжилт, томоохон бүтээлүүдийн 90 гаруй хувь нь англи хэл дээр бий. Ихэнх улс орнууд заавал судлах ёстой гадаад хэлний нэгээр англи хэлийг хуульчилсан байдаг. Хүн төрөлхтөн ийм байхад бид ямар ч хамааралгүй, англи хэлгүй хөндлөнгийн улсаар боловсролын хуулиа оролдуулж, ард түмнээс сонгогдсон парламент нь ард түмнийхээ эсрэг ажиллахыг хардаг л юм байна.
Хуучин бол Монгол Улсын Ерөнхий сайдуудыг наадмын өдөр, Цагаан сараар Орост аваачаад цаазалчихдаг байсан. Энэ бол яаж ч бултахын аргагүй түүхэн үнэн. Одоо харин дуудаж аваачаад хууль өөрчлүүлдэг болох нь ээ. Г.Занданшатарын айлчлалын үеэр хоёр орны Парламент хоорондын Хамтын ажиллагааны хамтарсан комисс байгууллаа, анхдугаар хурлаа хийлээ хэмээн хөл нь газарт хүрэхгүй хөөрцөглөцгөөлөө. Ийм комисс гэж дэлхийд байдаг юм уу. Яах юм, одоо тэгээд хэлэлцэх хуулиа Оросоос зөвшөөрөл авч байж хэлэлцдэг болох уу. Хуучин цагт “Оросоос зөвшөөрөл авлаа, Орос зөвшөөрсөн гэнэ” гэж ярьцгаадаг байсан. Түүн шиг Оросын зөвшөөрөл нь хоёр орны парламентын энэхүү комиссоор нь дамжаад ирж, гишүүдийн батлах хууль, ард түмний хэрхэн амьдрах аргыг шийдэж өгөх болж байна уу. Ийм тусгаар тогтнол, ийм тусгаар улс гэж байх уу.
УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл мөн юм бол ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ардын хүүхдүүдэд англи хэл сургахын төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Зочин · 2023/06/28
Англи хэл заалгах нь маш зөв тэгэж байж дэлхийгээс хоцрохгүй
Зочин · 2023/06/27
Чиний хүүхдийн ирээдүй Монголд бишүү хуццрай зайл