Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна.

Тодруулбал: "Баян хаябуса" ХХК-ний жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна. Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт 4 удаа ял шийтгэгдэж байжээ.

Автомашин ачилтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодруулахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолоор нийслэлийн 77 гудамж, талбайгаас хууль, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай ба нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "...шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Иргэн Ц-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг /Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах/, 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг /Танхайрах/ зэрэг хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл байна.

Зөрчлийн тухай хуулиас

5.1 дүгээр зүйл.Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах

1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ.