Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон асаргааны тэтгэмж нэмэгдэж буйтай холбогдуулан ХНХЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Энэ оны хоёр их наяд төгрөгийн төсвийн тодотголын 90% нь ХНХЯ-ны хүрээний төсөвт зарцуулагдана.

2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж буй төсвийн тодотголын хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэе.

Итгэлцүүрээр ахмадуудын тэтгэврийн зөрүүг 10 жилийн дараа шийдэж байна.

Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. 168,000 иргэний тэтгэврийн зөрүү арилж байна. Тэтгэврийн доод хэмжээг 550,000 төгрөг болгох арга хэмжээг авлаа. Нийгмийн даатгалын сангаас нийт 488,000 иргэн тэтгэвэр авдгаас 75 орчим хувь нь буюу 361,000 иргэн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Үүнд итгэлцүүрээр тэтгэвэр нь нэмэгдэх ахмадууд бий.

Тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд 496.2 мянган иргэн хамрагдах бөгөөд нийгмийн даатгалын сангаас 194.4 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.

Долдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэвэр 325,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмж 325,000, ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмж 275,000, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа хүний тэтгэмж 275,000 төгрөг болж нэмэгдэж байна.

Үндэсний их баяр наадмын өмнө тэтгэмжүүдийг олгохоор боллоо.

Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт дахин гаргахгүйгээр наадмын өмнө авч байсан данс руу нь нөхөн шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр 0-18 насны бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгоно.

зураг

 

Төрийн албан хаагчдын цалинг 2023 оны долдугаар сарын 1-нээс 26-50 хувиар нэмэгдүүлж байгаа. Төрийн захиргааны байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөгт хүрч байгаа.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, дунджаар 242,000 төгрөгөөр нэмэгдэнэ.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30%-аар нэмэгдүүлсэн. Нэг их наяд төгрөг эдгээрт зарцуулагдана" хэмээн ярилаа.

ХНХЯ-ны цахилгаан шат эвдэрсэн тул Эдийн засаг, хөгжлийн яамны байранд хэвлэлийн хурал зохион байгуулж буйг тэрбээр учирлав.