Англи хэл Боловсролын ерөнхий хуульдаа үлдэхээр боллоо
2023/07/05
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд тусгасан онцлох заалтын нэг нь үндсэн гадаад хэлийг англи хэл байна гэх заалт юм.
Гэвч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны зургаадугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар энэхүү заалтыг унагасан.
Тэгвэл "Англи хэл Боловсролын ерөнхий хуульдаа үлдэж Монголын бүх хүүхэд тэгш боломжоор хангагдах хамтын шийдэлд хүрлээ" хэмээн хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Дамдинням цахим хуудастаа бичжээ.
Мөн өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ асуудлаар "ҮАБЗ англи хэл болохгүй гэж нэгээхэн ч зөвлөмж гаргаагүй. Монгол хэлний тухай хуулиа дагаж мөрд гэсэн. Хууль зөрчилдөж болохгүй. Монгол хэлний тухай хуульд сургалтын үндсэн хэл монгол хэл байна, гадаад хэлийг гуравдугаар ангиас хойш, тавдугаар ангиас хойш заана гэсэн агуулгатай заалт байгаа" хэмээсэн юм.
Үүнээс харвал сурагчид англи хэлийг ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиасаа судлах боломж эргэн сэргэлээ гэж үзэж болохоор байна.
Боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн сайжруулахаар багц хуулийн төслийг 2021 онд Улсын Их Хуралд өргөн барьсан. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногийн Баасан гарагийн хуралдаанаар хийх товтой байна.