Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез саяхан манай улсад айлчилсан. Энэ үеэр уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар талууд санамж бичиг байгуулсан. Америкчууд манай газрын ховор элементийн салбарыг хэрхэн сонирхож байна вэ?

-Түүний айлчлал үнэхээр чухал ач холбогдолтой болсон. Айлчлалынхаа хүрээнд Хосе У.Фернандез Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, БНСУ-ын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Ли До Хун нартай чухал ашигт малтмалын тухай АНУ, Монгол Улс, БНСУ-ын гурван талт анхдугаар уулзалтыг 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан

Энэхүү уулзалтад манай танхимын зүгээс оролцож, Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн талаар илтгэл тавьж, салбарын өнгөрсөн бодлогын алдаа оноог дүгнэж, цаашдаа авах шаардлагатай арга хэмжээний талаар зөвлөмжүүд, тухайлбал Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын талаарх саналуудаа танилцуулсан. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Засгийн газартай Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чухал ашигт малтмалын аюулгүй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичигт эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах чадавхаа хөгжүүлэх гэсэн Монгол Улсын хүчин чармайлтад техникийн талын дэмжлэг үзүүлэх Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааг тусгасан нь олон улсын цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой юм. Стратегийн түншүүдийн хувьд АНУ Монгол Улсад чухал ашигт малтмал, газрын ховор элементийн салбарыг хөгжүүлэхэд туслах боломжийг судлах, тэр дундаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ нь АНУ-ын хувийн хэвшлийн Peabody, Anglo American гэх мэт томоохон компаниудын хөрөнгө оруулалт чухал ашигт малтмал, газрын ховор элементийн салбарт орж ирэх үүд хаалгыг нээж байгаа учраас бид өмнөх бодлогын алдаануудаасаа суралцаж, энэ чухал боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй.

-Наадмын өмнөхөн УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр хуульд ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Манай танхимын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүдэд идэвхитэй оролцож, хуулийн төсөлд 80 орчим саналуудыг өгсөн. ЭЗХЯ-наас энэхүү хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, бидний өгсөн саналуудад албан ёсоор хариуг өгч, эдгээр саналуудын заримыг хуулийн төсөлд тусгасанд талархаж байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын тухай тодорхойлолтыг тодорхой болгох, 100 мянган ам.долларын босгыг хасах, Хөрөнгө оруулалтын маргааныг таслах зөвлөлийг байгуулах талаарх саналуудыг тусгасан байна лээ. Энэ бол их чухал алхам. Хөрөнгө оруулалтын татварын дэмжлэгийн зохицуулалтуудыг Хөрөнгө оруулалтын тухай хуульд уялдуулах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны нэгдмэл байдлыг хангах үүднээс татварын шинэчлэл хийх зэрэг саналуудын тухайд ЭЗХЯ-наас татварын дэмжлэгүүдийг хуулийн төслөөс хасч, татварын хуульд оруулна гэсэн хариу өгсөн. Гэхдээ бидний хувьд татварын урамшууллуудыг энэхүү хуулийн төслөөс хассан мөртлөө татварын хуульд тусгахгүй байх вий гэсэн болгоомжлол байна. Ингэвэл одоо байгаа хөрөнгө оруулалтын орчныг улам дордуулна гэж бид үзэж байна. Тиймээс Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд татварын урамшууллуудыг татварын хуульд заавал оруулж тусгах шаардлагатай байна. Үүнд Сангийн сайдын манлайлал их чухал.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд уул уурхайн салбар, тэр дундаа Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын төсөл чухал үүрэгтэй. Тэгвэл хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр асар өндрөөр тусгасан нь хөрөнгө оруулагчдыг үргээнэ гэсэн шүүмжлэл бий. Энэхүү хуулийн төслийн талаар танай байгууллагын саналыг сонсъё?

-Бидний зүгээс Ашигт малтмалын шинэчилсэн найруулгын төслийг англи хэл рүү орчуулж, гишүүддээ тараан, тэднээс ирсэн нийт 120 орчим саналыг боловсруулж өгсөн. Зохион байгуулсан хэлэлцүүлгүүдэд оролцсон. Бидний гол саналууд бол Засгийн газар уул уурхайн салбарын амин сүнс болсон хайгуулын ажлыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэвч энэхүү хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг ихээхэн хэмжээгээр буюу 70-120 дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ нь одоогийн татварын бодит хувь хэмжээг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай. Бусад үйлдвэрлэгч улс орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадваргүй болоход хүргэх юм. Мөн дагалдах элементүүдэд буюу төмрийн хүдэр дэх хөнгөн цагаан зэрэгт давхар АМНАТ оногдуулж байгаа нь олон улсын жишигт нийцэхгүй байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа болон түүнийг сунгалт хамгийн багадаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдсан байх ёстой. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд автоматаар сунгагддаг байх шаардлагатай юм. Энэ нь бусад томоохон уул уурхай болон дэд бүтцийн төслүүдийн олон улсын жишигт нийцнэ.

-Өнгөрсөн долоо хоногийн эхээр Монголын эдийн засгийн чуулган боллоо. Гадаадын олон зочид, төлөөлөгчид ирж оролцсон. Засгийн газрын зүгээс сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар та ямар суурьтай байна вэ?

-Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх, хууль эрх зүйн шинэчлэл хийх, авлигатай тэмцэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголд урих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухайд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг манай танхимын зүгээс талархан хүлээн авч, бүрэн дэмжиж байгаа. Түүнчлэн Монголын эдийн засгийн чуулганы үеэр гадаадын олон хөрөнгө оруулагчид, тухайлбал дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд болон хэвлэл мэдээлэлийнхэнийг урьж оролцуулсан нь маш сайн хэрэг. Энэ бүхний үр дүнд Монгол Улс дахин олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж, бидний хувьд өмнөх алдаануудаа давталгүйгээр шинэ боломжуудыг сайтар ашиглаж, эдийн засгаа тэлж, хөгжүүлэх шаардлагатай байна. Өмнөх жилийг бодвол манай бизнесийн салбарынхан эдийн засаг тэлж, бизнесийн орчин, нөхцөл байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй ажлуудаа амжуулж байгаа.

-Танай танхимаас зохион байгуулдаг бизнес айлчлалын талаар асуумаар байна. Айлчлалын үр дүнд бидэнд ямар боломжууд харагдаж байна вэ?

-Манай АмЧам Монголын гишүүн компаниудын төлөөлөл жил бүр Вашингтон Ди Си хотод очиж, АНУ-ын Засгийн газар, яамдууд болон агентлагуудтай уулзаж, хоёр талын бизнес, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хөндөж ярилцдаг. Өмнөх айлчлалуудад уул уурхайн компанийн төлөөллүүд ихэвчлэн оролцдог байсан бол энэ удаагийн долоо дахь айлчлалын нэг онцлог нь орон сууц, худалдаа, банк санхүү, мэдээллийн технологи, агааржуулалтын систем, финтекийн салбарын нийт 15 компанийн удирдлагууд идэвхитэй оролцож, Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгч, компаниудынхаа амжилтын түүхүүдийг хуваалцсан. Энэ нь Монголын эдийн засаг нэг үеэ бодвол илүү төрөлжиж байгааг харуулж байгаа юм. АНУ-ын засаг захиргааны удирдлагууд үүнийг ихэд онцлон, сайшааж байв.

Бидний хувьд АНУ-ын гол яамдууд, тухайлбал Төрийн департамент, Худалдааны яам, Сангийн яам, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Конгрессийн гишүүдийн ажлын алба, АНУ-ын EXIM банк болон Хөгжлийн Санхүүжилтийн корпорац (DFC)-ын удирдлагуудтай уулзсан. Ингэхдээ хоёр орны стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, худалдаа, бизнесийн салбарт өргөжүүлэх, тэр дундаа АНУ-аас Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн санхүүжилтыг тэлэх, Монгол Улсыг АНУ-ын тэргүүлж буй Ази, номхон далайн эдийн засгийн интеграцид албан ёсоор оруулах зэрэг чухал асуудлуудыг хөндөж ярилцсан. АНУ-ын засаг захиргаа, DFC, болон EXIM банкны зүгээс бидний өндөр дээд түвшинд хүлээн авч, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдэд бага хүүтэй, урт хугацааны санхүүжилтыг олгох боломжтойг мэдэгдсэн. Айлчлалд оролцсон бизнесийн төлөөлөгчид маань монголчуудын хувьд өртөг багатай, өрсөлдөхүйц бизнесийн санхүүжилтыг татах олон боломжууд байгааг ихэд талархан хүлээн авсан. Ерөнхий сайдын АНУ-д удахгүй хийх айлчлалын хүрээнд энэ талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна гэж ойлгож байгаа.

Түүнчлэн бид Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээл рүү импортын татваргүйгээр худалдах асуудлыг хөндсөн Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын шинэ Конгресст дахин танилцуулах, GSP буюу хөнгөлөлтийн ерөнхий системийг батлахдаа ноолууран бүтээгдэхүүнийг оруулах асуудлыг хөндөн ярилцсан. Энэ бүхнээс дүгнэж үзвэл АНУ-ын засаг захиргаа Монгол Улсад өмнөхөөсөө илүү ач холбогдол өгч байгаа нь илт харагдсан. Энэ удаагийн айлчлал маань маш амжилттай болсон.