Улсын арслан М.Бадарч: Дараагийн том зорилгынхоо төлөө залуустаа үлгэрлээд цааш алхана даа
2023/07/18
Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын бөхийн барилдааны түрүү бөх, Монгол Улсын арслан Мягмарын Бадарчтай ярилцлаа.
- Монгол бөхийн голомт нутгуудын нэг Архангай аймаг долоон жилийн дараа Улсын наадмын түрүү авлаа. Та амлаж байснаараа Улсын наадамд түрүүллээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
- 2016 онд Ардын хувьсгалын 87 жилийн ойн их баяр наадамд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэж “Бөх билэгт”-ийн бөхчүүд ганзага дүүрэн наадаж байв.
Тэр цагаас хойш долоон жил өнгөрчээ. Ах нарынхаа араас залгаж Улсын наадамд түрүүлэх даалгавар ерөнхийдөө миний нуруунд ирсэн гэж хэлж болно. Үүнийг ч би маш сайн ухамсарлаж их хичээлээ. Үүнд л зорьж өдөр тутмын бэлтгэл сургуулилалтаа чин сэтгэлээсээ хийж байсны минь үр дүн энэ наадмаар гарлаа. Миний ард бүтэн баг ажиллаж ийм үр дүнд хүрсэн. Багш нар, хань ижил минь бүгд хичээлээ. Би ч тэднийхээ урмыг хугалсангүй, төрийн наадамдаа түрүүллээ.
Энэ жил төрөлх нутагт Архангай аймгийн минь түүхт 100 жилийн ой тохиож байгаа юм. Нутгийн зон олондоо арслан цолтой очихыг зорьж байсан минь биеллээ. Сайхан байна аа.
- Төрийн наадамд түрүүлчхээд дэвж байх тэр үеийн мэдрэмжээсээ уншигчидтай хуваалцахгүй юу?
- Улсын наадамд түрүүлчхэж болмоор л санагдаад байлаа. Наадмын түрүү хажууханд л харагдаад байдаг. Гэсэн ч нэг л болж өгөхгүй яваад байв. Унаад л, босоод л... Тэр бүх уналтаас босож түрүүлсэн болохоор их зүйл толгойд эргэлддэг юм билээ.
Улсын наадамд түрүүлчхээд туг тойрохдоо багш нарыг, хайртай ээжийгээ, ханийгаа бодож явлаа. Бэлтгэл сургуулилалт сайн байгаа, сайн ч барилдана даа гэсэн итгэлтэй наадмын дэвжээнд гарсан учраас тэгж их хөөрч догдлоогүй ээ. Би ер нь сэтгэлийн хөдөлгөөн бага, тайван талдаа хүн. Энэ жилийн тухайд зорьж байсан зүйлдээ хүрлээ. Цаашдаа ч төлөвлөсөн зүйл бий. Том зүйлд л зорьж бэлтгэлээ базааж байна. Тэр бүрийг одоо энд яриад яах вэ.
- Энэ жилийн наадмаар О.Хангай аваргаас бусад бүх өрсөлдөгчөө тахимдаж дайраад л суулгачхаж байсан. Наадамд та энэ мэхийг бэлтгэж ирэв үү?
- Хүүхэд байхдаа л тахимддаг байлаа.
Миний ах нар бүгд сумын заан цолтой бөхчүүд. Ах нараасаа л сурсан мэх байгаа юм. Саахалтын хүүхдүүдтэй барилдахдаа тахимдаж дайраад л давчихна. Анх Бөхийн өргөөнд гарахдаа ч тахимдаагаа л хийнэ. Үндсэндээ миний дархан мэх гэж хэлж болно. Миний биеийн онцлогт ч их тохирсон мэх л дээ.
Сүүлд Улсын гарьд Д.Рагчаа, Улсын начин Ч.Ганзориг нартайгаа хамтраад тахимдах мэхээ илүү боловсронгуй болгосон. Сая наадмын бэлтгэл дээр тахимдах мэхээ л давтаад байсан минь үр дүнд хүрлээ. Хүүхэд байхдаа л сурсан энэ мэхээрээ төрийн наадамд түрүүлэх хувь зохиолтой байж.
- Наадмын өмнө багш нар тань юу зөвлөж байв?
- Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах тал дээр л анхаарч зөвлөж байлаа. Бэлтгэлийн гол ачааллаа өвөл авсан. Сая наадмын өмнө хөнгөхөн сэргэлтийн бэлтгэл л хийсэн. Би ахмад бөхчүүдийн зөвлөгөөг ач холбогдол өгч сонсдог юм. Тэд чинь миний замыг туулаад өнгөрчихсөн улс. Миний барилдааны жижиг алдааг л гярхай олж хардаг. Тэр бүх зөвлөгөөг нь сонсож өөрийн барилдаандаа дүгнэлт хийгээд хий, зайгаа анзаарч наадамдаа сайхан барилдаж түрүүллээ.
Ер нь миний тухайд их сонин шүү. Тухайн өдөр биеийн байдал ямар байна, яг л тэгж барилддаг. Онцгүй байвал доогуур даваанд уначих ч тохиолдол бий. Тогтуун тайван байвал чигээрээ барилдаад дээгүүр барилддаг. Сая 12-ны өглөө их сайхан тайван, тогтуун, өөртөө бүрэн итгэлтэй байлаа.
- Наадмаар таныг анзаарахад Дархан аварга Г.Өсөхбаярын хажууд л суугаад байх юм билээ. Өсөхөө аварга танд их зүйл зөвлөнө биз?
- Тэгэлгүй яах вэ. Тэр их бөхийн удам залгаж ирсэн Дархан аварга хүн шүү дээ. Өсөхөө аваргын үнэтэй зөвлөгөө, урмын үгс нь намайг илүү хурцалж, цааш тэмүүлэх сэдэл өгч байдаг юм.
Анх залуу бөх наадмын бэлтгэлд гарахад л намайг гэртээ авч байлаа. Аваргаас сүрдээд орон дээрээ ч хөрвөөж чадахгүй хэвтэнэ. Өглөө босохоос нь өмнө л цайг нь бэлтгэх ажилтай. Өсөхөө аваргад ар, араасаа эргэлт ирнэ. Тэр бүрийг нь зөөж гэрт оруулах ажилтай, зүгээр суудаггүй л байлаа. Хажуугаар нь бэлтгэлээ хийнэ.
Би аваргатай хамт байрлаж бэлтгэл хийсэн тэр зундаа аймгийнхаа наадамд түрүүлсэн байдаг. Сая ч тэр Өсөхөө аваргынхаа дэргэд сууж байгаад л наадамдаа түрүүллээ.
- Та Цэнхэр сумандаа өссөн үү. Таны аав, ээж аль нутгийн улс вэ?
- Миний аав Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн. Нэгдлийн үед Архангай аймаг руу орж ирсэн юм билээ. Миний ээж бол Өвөрхангайн Бат-Өлзий сумын гаралтай. Би өөрөө Архангай аймгийн Цэнхэр суманд төрж, тэндээ өссөн. Төрсөн нутгаараа зарлуулж барилддаг юм. Ах нар минь одоо ч нутагтаа бий.
- Ингэхэд та анхны цолоо хаана ямар наадмаас авч байв?
- Миний ах нар бүгд сум орон нутагтаа барилддаг улс л даа. Хөрш сумдын наадамд ээлжлээд л түрүүлээд явдаг байлаа. Би ч ах нарыгаа дагаад л наадамд явна. Ихэвчлэн дор даваанд унаад л зэмлүүлнэ. Харин 2009 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд барилдаж сумын начин цол авч байсан маань саяхан л санагдаж байна. Ээжийнхээ төрсөн нутагт зодоглож эхний цолоо авч байлаа.
- Улсын заан Д.Хишигдорж таныг бөхийн замд хөтөлсөн гэдэг бил үү?
- Тийм ээ. Д.Хишигдорж заан манай суманд явахдаа бөх болчихоор хүүхэд сурагласан юм билээ. Ах нар намайг заан дээр дагуулж очсон. Хишигээ заан над руу хэсэг харж байснаа “Өмдөө тайлаадах” гэдэг юм. Би ч ичээд сүйд болж байгаа юм. Хэсэг ажиглаад “За чи 3-4 жил бэлтгэл хийчихвэл аймгийн арслан болох юм байна” гэдэг юм. Тэр том бөхөөс ийм үг сонсоод гайхсан шүү.
Ингээд би 2010 оны арваннэгдүгээр сард бөх болохоор Улаанбаатарт ирж байлаа. Хотод газар сайн мэдэхгүй, автобус унааны чиглэл мэдэхгүй хүүхэд нэлээн будилсан. Ингэж яваад 2011 он гарч би ч бөхийн бэлтгэл хийж эхэлсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд Хишигдорж заан бөх танихдаа гаргууд хүн шиг санагддаг юм. Санжаадамба аваргыг бөхийн зам руу хөтөлсөн хүн нь мөн л Хишигдорж заан юм билээ. Залуу хүүхэд байхад нь л шинжиж бөх болгосон гэдэг. Шинжсэн хоёр хүүхэд нь өнөөдөр аварга, арслан болсон байна.
- Сумын наадам сайхан шүү дээ. Санаанд тод үлдсэн наадмынхаа талаар хуучлахгүй юу?
- Анх “Бөх билэгт” дэвжээндээ бэлтгэл хийсэн жилээ сумын наадамдаа түрүүлэх зорилготой очдог юм. Хотод заалны барилдаанд аманд гараад бас чиг чангарчихсан үе л дээ. Манай сумынхан ч “Бадарч түрүүлнэ” л гэцгээж байв. Гэтэл “том” Ганбаатар гэж ахад гурвын даваанд уначихдаг юм. Сумын дарга тэргүүтэй хүмүүс намайг даапаалаад болдоггүй. Миний хор шар хөдөлж байна гэж жигтэйхэн.
“Нөгөөдөр аймгийн наадамд түрүүлчхээд ирнэ. Намайг хараарай” гэж том ам гараад л тэр дороо аймгийн төв рүү гараад давхичихлаа. Амны бэлгээр болсон уу, яасан нээрээ л аймгийн арслан болоод гэртээ харьсан даа. Амандаа багтаж аймагтаа түрүүлсэн тэр жилийн наадам санаанаас гардаггүй юм. Ер нь тэгээд спортын хүнд ийм аархал тодорхой хэмжээнд хэрэгтэй юм шиг санагддаг. Том ам гарсан хүн чинь түүндээ хүрэх гэж хичээж таарна шүү дээ.
- Аймгийн арслан болоод гэртээ очиход ээж тань “Одоо малаа малла” гэсэн гэдэг бил үү?
- (Инээв) сур. Аймгийн арслан болсон жилдээ заалны барилдаанд доогуур даваанд унаад байсан юм. Манайхан тэр бүрийг л зурагтаар хараад байж л дээ. Хүү нь гарч ирээд л унаад байхад ямар олиг байх билээ.
Нэг заваараа хөдөө гэртээ очиход ээж минь “Миний хүү сайхан барилдаж том цол авлаа. Одоо эндээ малаа малла” гэж чин сэтгэлээсээ хэлж байсан юм. Ер нь буцааж явуулах тун дургүй байсан шүү. Гэрээсээ оргох шахам зугтаж хотод ирээд бэлтгэлдээ орсон. Сая наадмаар түрүүлчхээд ээжийгээ их үгүйллээ. Дээрээс харж байгаа гэж итгээд л дотор жаахан уужирлаа.
- Тухайн үеийн бэлтгэл дээр “Бөх билэгт”-ийн том бөхчүүдийн биеийг халаадаг байв уу?
- Ч.Санжаадамба, Д.Рагчаа, Т.Мөнгөнцоож ах нар маань намайг ээлжлээд л “ноолно”. Рагчаа гарьд намайг ийш, тийш нь авч шидээд л хялайлгаад хаячихна. Амьсгаагаа гүйцэд дарж амжаагүй байхад л Санжаадамба аварга залгаад орж ирнэ. Худлаа унаж өгвөл дээрээс нидрэх нь аймшигтай. Нидрүүлэхгүй гээд өөдөөс нь байгаа чадлаараа л тэмцэнэ. Ингээд болоогүй ээ Т.Мөнгөнцоож харцагын биеийг халааж өгнө.
Бэлтгэлийн заалнаас цүнхээ даахгүй гарч байсан үе надад бий. Тэр их ачаалалтай бэлтгэл намайг их хатуужуулсан юм даа. Өнөөдрийн Бадарчийн суурь тэнд л тавигдсан гэж хэлж болно. Баргийн ачаалалтай бэлтгэлийг даагаад гардаг болчихсон шүү.
- Ингэхэд та анх ямар зорилго тээж бөхийн дэвжээ рүү алхаж байв даа.
- Эхлээд бол сумын цол авчихъя л гэж боддог байлаа. Аймгийн арслан болсныхоо дараа улсын цол авах зорилго өмнөө тавьсан. Харин Улсын харцага болчхоод наадамд түрүүлэх талаар боддог болсон.
Бага балчир үеэ эргээд санахад би улсын том цолтой бөх болоод нутагтаа ирж байна, Цэнхэрийн голынхон Бадарчийн талаар л ярилцаж байна гэж төсөөлдөг байж. Өнөөдөр би Улсын наадамд түрүүлээд төрж өссөн нутагтаа ирчхээд байна. Жаахан хүүгийн төсөөлөл бодит болж хувирах мэдрэмж сонин л санагддаг юм байна.
Нутгийнхан минь сэтгэлээ дэлгэж сайхан хүлээж авлаа. Зарим нь ч надаас илүү баярлаж байгаа харагдах юм. Бусдын сайн сайханд чин сэтгэлээсээ баярлаж омогшдог нь монгол хүний гайхамшигтай сайхан чанар юм даа. Энэ их хайр хүндлэлийг сэвтээлгүй дааж явах ёстойгоо юу юунаас илүү ухамсарлаж байна. Залуустаа зөв үлгэрлээд л цааш алхана даа.
- Наадамд түрүүлсний ард танд юу бодогдож байна. Манайханд ханачихдаг түгээмэл үзэгдэл бий.
- Том зорилго тавьж байж л илүү хол явна гэж би боддог. Үндэсний бөхөд бүх зүйлээ зориулж энд хүрснийх оргил цолд нь л хүрмээр байна. Амьдралын зөв хэв маягийг сонгоод сахилга баттай бэлтгэлээ базаахад болохгүй зүйл байхгүй дээ.
Сүүлд нь хэлэхэд энэ их баярыг минь хуваалцсан танай сонины хамт олонд талархал илэрхийлье. Энэ амжилт минь олон хүнтэй салшгүй холбоотой. Ар амьдралыг минь бат даадаг ханьдаа талархал илэрхийлье.
“Нутгийн буян” группийн Л.Бат-Орших ахдаа баярлаж явдгаа энэ ташрамд хэлэх байна. Намайг дэмждэг олон хүн бий. Тэр бүрийг энд дурдвал их хугацаа авна. Дээлийн минь захыг мушгиж дэмждэг та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Удахгүй бэлтгэлдээ орж дараагийн зорилгынхоо төлөө явна даа.