Эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүн бэлтгэж, худалдахыг завдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Эм Ди Си Пи ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

НПГ-аас тус компани болон захирал, БНХАУ-ын иргэн Чен Бинд Эрүүгийн хуулийн 20.12-4 дэх хэсэг заасан “Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амийг нь хохироож болох нянтай хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдаж, түгээхийг завдсан гэмт хэргийг хуулийг этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Мөн ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд нь эл хуулийн 24.8-1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг Эм Ди Си Пи ХХК-ийн махны үйлдвэрийн байранд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг тогтоосон билээ.

Тус компани мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл 2018 онд авч, 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 864 кг мах, махан бүтээгдэхүүн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн байдаг. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Сэржмядаг даргалан энэ оны тавдугаар сарын 5-нд хэлэлцээд нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан аж. Харин ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог их хэмжээгээр хадгалсан үйлдэлд нь 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. 

Анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурор Б.Соёлмаа эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүний эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.