Цагаан захтны гэмт хэргийг нийгмийн дээд зиндаанд хамаарах, өндөр зэрэглэлийн албан тушаал, эрх мэдэл бүхий цагаан захтай цамц өмссөн баян чинээлэг хүмүүс үйлддэг бөгөөд энэ нэр томьёог  1939 онд АНУ-ын социологич Эдвин Сюдарланд гаргаж ирсэн байна.

Цагаан захтнуудын мөнгө олох нэг хэлбэр бол татвараас зайлсхийж ашиг орлогоо нуун дарагдуулдаг явдал юм.  Дэлхийн бүх улс орнуудын түүхэнд, өнөө үед ч тэр татвар нь төрт улсын оршин тогтнох баталгаа нь болсоор иржээ. Үүнээс үүдэж ихэнх улс орнуудад татварын салбар дахь гэмт хэргийг эрүүгийн бусад үйлдэгдэх гэмт хэргээс нийгмийн хор уршиг үр дагаварын хувьд илүү ноцтой хэмээн тооцогддог байна.

Эрүүгийн түгээмэл үйлдэгдэх хэрэг нь хувь хүн, цаашлаад бүлэг хүмүүсийн ашиг сонирхлыг хөндөх бол татварын гэмт хэрэг нь төрийн эдийн засгийн аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолд заналхийлдэг. Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь улсын болон орон нутгийн төсөвт орж ирэх мөнгөн хөрөнгийн урсгалыг хааж, улс орны татварын болон төсвийн бодлогод сөргөөр нөлөөлж, засгийн газрыг мөнгө санхүүгийн аргаар эдийн засгийг удирдах үр нөлөөг сулруулж, эхний ээлжинд нийгэм, соёл, эдийн засгийн тэргүүлэх бусад салбар, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нийгмийн хямрал, улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюултай.

Татвар төлөхөөс зайлсхийх аргуудад татварын байгууллагад орлогын тухай мэдээлэл гаргаж өгөхгүй байх, бодит орлогоо нуун дарагдуулахын тулд хуурамч баримт бичиг ашиглах, татварын хөнгөлөлтийг хууль бусаар эдлэх, цаг хугацаанд нь төлөхгүй байх болон татвар төлөх, тооцоход шаардлагатай баримт бичгийг хугацаанд нь гаргаж өгөхгүй байх гэх зэргээр илэрнэ. Татвар төлөхөөс зайлхийх явцад татвар төлөгч нь хуульд заасан арга хэрэгслээр өөрийн татварын үүргийг багасгахыг эрмэлзэнэ. Орлого болон татвар ногдох бусад зүйл зэрэг объектын үнийг бууруулах, борлуулагдсан бүтээгдэхүүний өөрийн өртгийг зориуд өсөн нэмэгдүүлэх, баримт бичгийг устгах, өөр өөр банкинд тооцооны хэд хэдэн данс нээж “давхар данс” хөтлөх замаар татвараас зайлсхийх, эд хөрөнгийг түрээслэх замаар нуун далдлах зэрэг нь татвараас зайлхийж, орлогоо нуун дарагдуулах үндсэн арга болж байна. Мөн татвараас зайлсхийхийн тулд арилжааны зэрэгцээ бүтэц бий болгох, охин компани болон аж ахуйн хуурамч нэгж байгуулах болж байна.

 Мөнгөн хөрөнгийн сүүдрийн нэг эх үүсвэр бол татварын албанд мэдэгдэхгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, мөн хуурамч  реквизит болон тэмдэг дардас ашиглах буюу татварын байгууллагад тайлан гаргаж өгөхгүй байх зэрэг үйлдэл ч илэрдэг байна.

Татвар төлөхөөс зайлсхийх үйлдэл, эс үйлдэхийн гол сөрөг үр дагавар нь:

  • Төрийн санд татвар бүрэн ороогүйгээс төрийн төсвийн орлого буурч, хомсдолд орно
  • Тодорхой аж ахуйн нэгжээс татварын үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлээгүйгээс аж ахуйн субъектуудыг тэгш бус байдлыг өөгшүүлж, зах зээлийн шударга өрсөлдөөний дүр төрхийг өөрчилнө
  • Нийгмийн шударга ёсны зарчим алдагдсанаас өөрийн үүргээ зүй ёсоор биелүүлж байгаа хэн бүхэнд татварын нэмэлт дарамт учруулна.

Монгол улсын хувьд түгээмэл ажиглагдаж байгаа татвараас зайлсхийх арга нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хуурамч бичилт хийж тараах, импортын бараа бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр хуурамчаар тайлагнах замаар ихээхэн хэмжээний татвараас зайлсхийлсэн аж ажуйн нэгжүүдийг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна.

Монгол улсын эрүүгийн хуулийн 166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Мөн 166.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуусан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байна.

Өнөөдрийн тооцоогоор 17 сая 550 мянгаас-28 сая 80 мянган төгрөгний татвараас зайлсхийсэн бол их хэмжээ, 28 сая 81 мянгаас дээш татвараас зайлхийсэн бол онц их хэмжээгээр зайлхийсэн гэж үзэж ял шийтгэхээр байна.

2013 оноос эхэлж Монгол улсын Татварын ерөнхий газраас татвар төлөхөөс зайлсхийж байгаа аж ахуй нэгжүүдэд шалгалт оруулж олон аж ахуйн нэгжүүдийн татвараас зайлсхийж байгааг илрүүлж байгаа бөгөөд “Силикон стийл ХХК”,  “Одон бөмөлөгт констрагшн ХХК”, “Өргөн мөнх трейд ХХК” гэх мэт 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын тайлан өгөх эрхийг нь түдгэлзүүлжээ. Тоон болон гарын үсэг зурах эрхийг нь мөн л түдгэлзүүлсэнг Татварын ерөнхий газрын дарга мэдээлэлдээ дурдсан байдаг. .

Татварын албанаас үргэлжлүүлэн 60 орчим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж байна. Түүнчлэн эрхийг нь түдгэлзүүлсэн 90 аж ахуйн нэгжийн 40-д нь шинжилгээ хийж үзсэн. Тэгэхэд 319.3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй нь батлагдсан. Энэхүү 319.3  тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасч үзэхэд 134.3 тэрбумын цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байх баримт байгаа. Мөн нэг сарын дотор 33 тэрбум төгрөгийн НӨАТ-ын хуурамч бичилттэй падаан худалдсан нь тогтоогдсон байна. 

Одоогоор татвараас зайлсхийсэн хэргээр нэлээдгүй аж ахуйн нэгж улсын мөрдөн байцаах газар шалгаглаж байгаа ба  дээрх аж ахуйн нэгжүүдийн дотор нөлөө бүхий улс төрчдийн хувь эзэмшдэг компани хамрагдаж байгаа юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарын 51% эзэмшдэг ДДСЦ ХХК нь дээрх шалгалтанд хамрагдаж улсад 480 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр улсын мөрдөн байцаах газар шалгагдаж байна.

Цагаан захтны гэмт хэргийн далайд жижиг загас л баригддаг бөгөөд том загаснууд нь мөрдөн байцаах ажиллагаанаас өөрийгөө татаж гаргах чадвартай байдаг ч нийгэм өөрчлөгдөн шинэчлэлийн төр засаг эрх барьж байгаа өнөө үед цагаан захтнуудын дээрх хууль бус үйлдлүүдийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна.                                                   Т.Гантөгс