Мэргэжлийн сумогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирээд “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлтээ хийгээд байгаа юм.


-Арван наймтай хүү арлын оронд очиж үндэсний спортынх нь дохёд гялалзаж аварга болохдоо туулсан адал явдалтай замналын чинь талаар өнөөдөр тантай хөөрөлдөх гэсэн юм.

-За тэгье ээ.

-Та спортын сууриа жүдо бөхөөр тавьсан гэдэг бил үү?

-Дархан аварга Ж.Мөнхбат багш намайг бөхийн замд хөтөлсөн хүн. Бөх болгоно гээд намайг Спортын төв ордон руу дагуулж очоод нэгэн багшид шавь оруулсан нь гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв байсан юм. Тухайн үед гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Д.Төмөрхүлэг, улсын заан Д.Анар, Б.Серик нар жаахан хүүхдүүд байлаа. Бид хамтдаа бэлтгэл базаадаг байв. Одоо тэд маань тив, дэлхийд данстай сайн тамирчид болжээ.

-Та эхнээсээ л мэргэжлийн сумоч болох зорилго тавьж байв уу?

-Би бөх болно гэж огт боддоггүй байсан шүү. Спортоос хол хөндий байлаа. Математик, физикийн улсын олимпиадад оролцдог хүүхэд байв. Миний аав хувиараа хөдөлмөр эрхэлдэг, алтны уурхайтай байсан юм. Хүүхэд ахуй үеэ эргээд санахад хувийн том хаус, таван машинтай баян хүн болно л гэж боддог, гэрийнхэндээ ч ярьдаг байж. Ингээд ааваасаа 12 сая төгрөгийн зээл аваад мөсөн коток нээж анхны бизнесээ эхлүүлж байсан юм. Тэр үед 16 настай л хүүхэд байж. Бизнес маань ч амжилттай явсан шүү. Тухайн үед дундаж цалин 600-700 мянган төгрөг байв. Харин би коток ажиллуулаад сард л 6-7 сая төгрөг олчихдог байсан. Аавдаа амласнаараа хоёр сарын дараа зээлээ бүрэн төлж дуусгасан. Котокоо хоёр жил ажиллуулаад Япон руу сургуульд явсан юм даа. Ингээд л спортын замнал минь эхэлсэн.

-Мэргэжлийн сумод хөл тавиад доод зиндаануудад бол огт бүдрээгүй дээшээ гарсан санагддаг.

-Эхэлж очоод озеки болох хүртэл бүх даваа, унаа миний цээжинд байдаг. Доод зиндаануудад нэг их түүртэлгүй дээшээ гарч ирсэн. Дээд зиндаанд гарч ирээд гурван ч удаа 50-иас дээш хувийн амжилт үзүүлж чадалгүй чансаа буурсан байдаг. Дээд зиндааны 10 дугаарт эрэмбэлэгдэхэд манай дэвжээ татан буугдсан юм. Ингээд л одоогийн дэвжээндээ харьяалагдах болсон. Харумафүжи Д.Бямбадорж, Аминишики гээд бөхчүүдтэй хамт бэлтгэлээ базаах болсон доо.

Бэлтгэл дээр энэ хоёртойгоо л тулдаг байлаа.

-Жүрёо зиндаанд гараад баярлав уу?

-Жүрёо зиндаанд гараад анх цалинтай золгосон. Санхүүгийн хувьд гайгүй болж ирсэн. Сэтгэл зүйд бол нэг их өөрчлөлт гараагүй ээ. Анхнаасаа л том цолд зорьсон учраас тэгж их баярлаагүй. Туулаад өнгөрөх хэсэг л гэж бодож байлаа.

-Дээд зиндаанд дэвшээд л төд удалгүй аварга, арслангуудыг айлгаад эхэлсэн шүү дээ. Японы хэвлэлээр шинэ Асашёорюү гээд л шуугьж байсан санагдаж байна.

-Тухайн үед бол өдөр өдрөөс сайжирч байгаагаа

би мэдэрч байлаа. Өнөөдөр чадахгүй юмаа маргааш нь л чаддаг байсан юм. Эргээд харахад үүнтэйгээ зэрэгцээд хамраа сөхчихсөн юм билээ. Би архи уугаад барилдсан ч бүгдийг нь хаяна гэх аархал миний дотор байсан. Тухайн үед 20-иодхон настай хүүхэд бодлогогүй үйлдлүүд гаргасан байдаг.

-2015 оны “Нацу” башёд түрүүлж озеки болчихоод аархаж байсныг нь мэдэх юм.

-Бэлтгэлийн үеэр аварга арслангуудтай тулахад бүгдийг нь илүүрхдэг болчихсон байлаа. Үүндээ ирдээд л илүү хол явна гэх зорилготой аархаж байсан хэрэг. Бэлтгэлийг бол тултал хийнэ. Өдөрт л 100 барилдаан хийдэг. 100 барилдчихаад дараа нь Харумафүжи Д.Бямбадорж, Аминишики нартай үлдээд л бэлтгэл хийдэг байсан. Цээжний арьсаа зулгартал тулна шүү дээ.

-Төд удалгүй 2016 оны нэгдүгээр сараас л таны амжилт гэрлийн хурдаар буурсан. Бэртэл гэмтэлтэй холбоотой байв уу. Өөр бусад шалтгаан байв уу?

-2015 оны есдүгээр сарын башёд Кисеносато аваргатай барилдах үедээ баруун өвдөгнийхөө чагтан холбоосоо таслачихсан юм. Тухайн үед мэс ажилбар хийлгэвэл жил орчим барилдах боломжгүй болчих гээд байсан юм. Цолоо хураалгана гэсэн үг л дээ. Ингээд мэс ажилбар хийлгэхээс татгалзаж үргэлжлүүлж барилдахаар шийдсэн. Улмаар энэ оныхоо арваннэгдүгээр сард зүүн өвдөгнийхөө зөөлөн эдийг бяцалчихсан. Хоёр өвдгөө боож барилдахдаа эгэмний ясаа хугалчихлаа. Нэг бэртэл авахаар тэнцвэр алдагдаад бусад нь гэмтэх эрсдэлтэй байдаг юм билээ.

-Гэмтэл бэртлээс өөр шалтгаан танд байв уу?

-Хүмүүс бэртээд л доошоо уруудсан гэж боддог байх. Бэртэлээс илүү өөр нэг шалтгаан нь эрүүл мэнд байлаа. Сахар, элэгний чулуужилт, элэгний “C” вирус надад бий болсон. Энэ нь миний миний амьдралын буруу хэв маягтай л холбоотой. Ийм болчихоор хичнээн хичээгээд ч бяр гардаггүй юм билээ.

-Хичээгээд болохгүй болохоор зодог тайлах талаар бодож эхэлсэн үү. Дэвжээний дасгалжуулагчдаа хэлж үзсэн үү. Тухайн үед танд юу зөвлөв?

-Озеки цолноос унаад л “Би барилдахаа болилоо”

гэж багшдаа хэлсэн. Үүнийг би таван удаа багшдаа хэлж үзсэн. Тухай бүрд багш нэг л зүйлийг надад хэлнэ. “Чи сумо барилдсан, барилдаагүй эрүүл мэндийн асуудал чинь цаашдын амьдралд чинь саад болно. Эхлээд биеэ эмчлүүл. Дараа нь барилдах эсэх талаар чинь ярилцана” гэнэ. Би ч дотроо угаасаа л барилдахгүй юм чинь гэж бодоод хоёр хөлдөө мэс ажилбар хийлгэсэн. Хажуугаар нь сахар, элэгний “C” вирусээ эмчлүүлнэ. Миний жин ч -30 кг хасагдсан.

-Олон асуудлын доороос босох эрч хүчийг та хаанаас олж авав?

-Тухайн үед барилдах уу, болих уу гэх эргэлзээ миний дотор эргэлдээд л байлаа. Озеки байсан хүн бүр доод зиндаанд барилдана гэхээр их ичиж байв. Үндэсний бөхөөр жишвэл улсын аварга хүн цолтой хүн залуу бөхчүүдийн барилдаанд зодоглоно гэсэн үг л дээ. Үүнтэй л яг ижил.

Яг ийм эгзэгтэй үед намайг дэмждэг ах маань “Чиний барилдаад явахыг бид хармаар байна. Хүмүүс юу гэж бодох бол гэх айдсаа тархинаасаа авч хая. Чамайг дэмждэг бид байна шүү дээ” гэх зүйлийг хэлсэн юм. Үүнийг сонсоод намайг дэмждэг нэг хүн байхад л үүний төлөө барилдах ёстой юм байна гэх бодол төрсөн. Бэртэл гэмтэл дажгүй илааршаад зовиур нь гайгүй болчихсон үе л дээ. Гэхдээ л эргэлзээд байлаа. Ингээд нэг орой гэрээсээ гарч хэдэн шил архи, паачиг тамхи аваад ганцаараа буудал орлоо. Өөрөө өөртэйгээ ярих боломж гаргаж байгаа минь тэр. Хүнтэй ярихаар яг одоо байгаа дээрээ төвлөрч өгөхгүй байсан юм. Бусдад хүчтэй болж харагдах гээд л дүр эсгээд байлаа. Өнөөх буудалдаа хоёр хоногийн турш өөртэйгөө ярилцлаа. “Чи барилдах юм уу, үгүй юм уу” гэж эхлээд өөрөөсөө асуулаа. Барилдахгүй гэхлээр озеки цолтой хүн ёслолоо хийхгүй дэвжээгээ орхихлоор зугтаж байгаатай л ижил. Хулчгар зан гаргаж байна гэх бодол надад буусан. Ингээд барилдахгүй гэх сонголтыг толгойноосоо авч хаясан. Барилдахад урсгалаараа явах уу, амиа тавиад зүтгэх үү гэх сонголттой тулж байгаа юм. Бодлоо цэгцлээд бүх зүйлээ зориулж дахин дайралт хийх шийдвэр гаргасан. Тэндээс шууд гэртээ хариад л Монголоос гурван ч хүчний дасгалжуулагч дуудсан. Ингэж л бэлтгэлдээ орсон.

-Тухайн үед дэргэд тань хэн байв?

-Дээд зиндаанд түрүүлэхэд намайг бүчиж байсан олон хаашаа ч юм алга болчихсон байлаа. Багш, гэр бүлийнхэн, цөөн үнэнч дэмжигчид үлдсэн байв. Тухайн үед багш маань “Холдсон хүмүүсийг чи буруутгаад хэрэггүй ээ. Чи унаагүй бол тэд холдохгүй. Чиний л буруу” гэх зүйлийг надад хэлсэн нь их хүнд туссан. Ухаад ойлгоход би муу барилдаагүй бол тэд яалаа гэж холдох билээ дээ.

-Жонедан зиндаанд бараг үзэгч байдаггүй шүү дээ. Дахин дэвжээнд гарахад ямар мэдрэмж төрж байв?

-Их ичсэн. Ямар ч чухал, шийдвэрлэх барилдааны өмнө огт сандарч үзээгүй хүн чинь яг тэр үед л зүрх хүчтэй цохилоод байлаа. Бөхийн замналдаа ганц удаа сандарсан нь л тэр юм билээ.

-Бүр доороос дахин эхлэхэд танд ёкозуна цол харагдаж байв уу?

-Үгүй. Би жилийн дараа хаана очсон байхаа тодорхойлоод л үүндээ анхаарлаа төвлөрүүлдэг. 2020 оны гуравдугаар сард доод зиндаанаас эхлэхдээ “Би арваннэгдүгээр сард Жүрёо зиндаанд орсон байх ёстой” гэх зорилго тавиад л явсан, хүрсэн. Он гараад нэгдүгээр сар эхлэхэд “олимпийн өмнө макүүчи зиндаанд ороод түрүүлнэ” гэх зорилго тавьсан. Санаснаар минь болсон.

-Ингэхдээ та сэтгэл зүйчтэй ажилласан уу?

-Үгүй. Би өөрөө өөрийнхөө сэтгэлзүйч. Барилдаанаа нарийн тооцоолдог л доо. Тоо их бодно.

-Дахин дээд зиндаанд гараад ёкозуна болж оргилд нь гараад сэтгэл хөдлөв үү?

-Нэг догдолж хөөрөөгүй ээ. Зүгээр л тайвширсан. Сэтгэл амарсан. Чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүсийг бага боловч баярлуулсандаа сэтгэлд өег мэдрэмж төрж байлаа. Буруу хүнийг дэмжээгүй юм байна аа гэх ойлголтыг л тэдэндээ төрүүлсэндээ сэтгэл цадчихсан. Өөрөө тэгж их бахархаад, омогшоод онгирсон асуудал байхгүй.

20-иод настайдаа аархаж байсан Ганаагаас шал өөр хүн ёкозуна болсон.

-Таны ард бүтэн баг ажиллаж байна уу?

-Өмнө нь бол өөрөө бэлтгэлээ л базаадаг байлаа. Буцаж дээшээ гарахдаа бол өөр болсон. Яг одоо миний ард 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Миний дотор эрхтний өөрчлөлт, хөл, нурууны бэртлүүдэд ажиллаж байгаа хүмүүс байна. Булчин сэргээж хөгжүүлэх тал дээр ч тусдаа мэргэжлийн хүн ажилладаг. Зодог тайлахдаа энэ багаа цуглуулаад хамт зураг даруулъя гэж боддог юм.

-Таныг анзаарахад одоо ч хоёр өвдгөө баглаад л барилдаж байгаа харагддаг. Одоо хэр нь зовиуртай байгаа

хэрэг үү?

-Миний зүүн өвдөг одоо ч бүрэн тэнийж, нугардаггүй. Хүчээр тэнийлгэхэд зовиурлаад байдаг юм. Дунд нь төмрөөр тогтоогоод л барилдаж байна. Ингэхгүй бол дохьёд гараад ёсолгооны суулт хийж чаддаггүй.

-Зодог тайлах бодол төрж байна уу. Та оргил цолд нь хүрчихлээ шүү дээ.

-Өнгөрсөн оны аравдугаар сард би хоёр өвдгөндөө дахин мэс ажилбар хийлгэсэн. Энэ үеэр “больё” гэх бодол төрөх болов уу гэж байсан ч тэгээгүй. Түрүүгээ хоёр оронтой тоонд хүргэх зорилго тавиад явж байгаа. Хоёрын хооронд дуусгахад хайран байна л даа. Нэг л дутуу мэдрэмж төрөөд байгаа юм. Хийж байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байна.

-Ном бичих бодол хэзээ төрөв. Энэ хэнд ямар хэрэгтэй ном бэ?

-Би дээд зиндаанд буцаж гараад түрүүлэхэд олон хүнээс ном бичих санал ирсэн л дээ. Тухайн үед өөрөөсөө ичээд нэг их хүчилдэггүй байлаа. Олон хүний шахалт, шаардлагаар л ном бичих ажил эхэлсэн. Туулсан замнал маань олон хүнд урам зориг өгөх болов уу гэж үүнийг ажил хэрэг болгосон. Ном маань Японд хоёр жилийн өмнө хэвлэлтээс гарсан. Сая Улаанбаатарт нээлтээ хийлээ.

-Үүгээр залууст ямар мессеж өгөхийг зорив?

-Хүн хүн өөр өөрөөр л тусгаж авах байх. Гол зүйл нь амьдрал уналт, босолттой. Тууштай байх л чухал гэх зүйл. Гэхдээ хоёулаа нэг ном уншихад хоёр өөр мэдрэмж авна. Ийм зүйлийг энэ номоос аваарай гэх нь утгагүй.

-Та өнгөрсөн арванхоёрдугаар анхны хүүгээ хүлээж авсан бил үү. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Тийм ээ. Хүүдээ Тэмүүжин гэх нэр өгсөн. Миний эхнэрийг Доржханд гэдэг. Бид Японд танилцсан.

-Хүүгийнхээ нэрний тухайд тодруулахгүй юу?

-Хүүгээ бөх бол гэж хүчлэхгүй. Хэрэв бөх болбол их хааны нэрийг дуудуулаасай гэсэндээ Тэмүүжин гэж нэрлэсэн. Японы үндэсний спортод нь их хааны нэрийг зарлуулаад явж байвал сайхан биз дээ. Гэхдээ ханзаар өгсөн.