Хорт хавдраар залуу насандаа өвчлөх тохиолдол элбэг байгаа тул эрт илрүүлэгтээ хамрагдах хэрэгтэй
2023/07/27
Толгой хүзүүний байрлалтай хортой хавдартай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Манай улсад 2021 онд энэ төрлийн хорт хавдраар 222 хүн оношлогдож 113 хүн нас баржээ.
Тохиолдлын тоогоороо зургаадугаарт эрэмбэлэгддэг уг хортой хавдрын талаар Интермед эмнэлгийн Толгой, хүзүүний мэс заслын эмч Б.Батцэнгэлтэй ярилцсанаа хүргэж байна.
- Толгой хүзүүний байрлалтай хортой хавдар гэж ямар хорт хавдруудыг хэлж байна вэ?
- Толгой хүзүүний байрлалын эрхтнүүдийг хялбархан ялгаж салгаж ойлгоё гэвэл тархи мэдрэлийн систем болон бусад эрхтэн тогтолцоо гэж ангилна. Тархи мэдрэлийн тогтолцооны хавдар болон бусад өвчлөлүүд нь мэдрэлийн тогтолцооны өвчний ангилалд ордог тул энэ ярилцлагад дурдагдахгүй юм.
Толгой хүзүүний байрлалын хортой хавдарт тэр орчмын эрхтнүүд болох амны хөндий, эрүү хоншоорын яс, залгиур хоолой, төвөнх зэрэг амьсгал болон хоол боловсруулах замын эрхтнүүдэд тохиолдож буй хортой хавдрууд орно.
- Ямар шалтгаан, нөхцөлөөс болж үүсдэг вэ?
- Ихэнхдээ архи, тамхины архаг хэрэглээнээс үүсдэг гэж үздэг бол зарим улс орны соёлын өвөрмөц байдлаас шалтгаалан хавдар үүсгэгч хүчин зүйл харилцан адилгүй байдаг. Жишээлбэл Энэтхэг улс амны хөндийн хортой хавдраар тэргүүлэгч улс бөгөөд “Betel nut” гэх донтуулагч бодистой самрыг тогтмол зажилж хэрэглэдэг нь тухайн улсын хүн амын дунд тохиолдох хортой хавдрын тохиолдлын тоогоор амны хөндийн хорт хавдар тэргүүлэх шалтгаан болоод байна.
"Метал аяга нь халалт их тул халуун цай хийж уухад уруулыг температурын нөлөөгөөр тогтмол гэмтээж байдаг"
- Манай улсын иргэдийн хувьд ямар соёл, орчны нөлөөлөл зэргээс шалтгаалж уг хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг вэ?
- Монголчуудын хуучин хэрэглэж байсан одоо ч хэрэглэсээр байгаа метал аяга нь халалт их тул халуун цай хийж уухад уруулыг температурын нөлөөгөөр тогтмол гэмтээж байдаг. Өдөр тутамдаа уг халалтыг уруулдаа өгвөл гэмтэл эдгэрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Энэ нь уруулын хавдрын нэг шалтгаан болж байдаг. Түүнчлэн нарны хэт ягаан туяа, салхины нөлөөллөөс үүдэж байнгын уруул нь омголтож, хагарч цус гарч байдаг хүмүүс уруулын хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Архи, тамхины хэт их хэрэглээ нь мөн толгой хүзүүний хортой хавдраар өвчлөх гол шалтгаан болж байна.
- Удаан хугацаагаар эмчлэхгүй явсан цоорсон шүд зэрэг нь амны хөндийн төрлийн хорт хавдарт нөлөөлөх боломжтой юу?
- Шүд цоорох өвчинтэй шууд хамааралтай гэж үзэхгүй. Гэхдээ шүдний цоорол ихтэй, шүдээ ихээр авхуулсан буюу амны хөндийн арчилгаандаа муу анхаардаг хүмүүс архи, тамхины хэрэглээ өндөр байх магадлал өндөр байдаг. Энэ буруу хэрэглээ нь хавдраар өвчлөх эрсдэлтэй болгож байгаа юм.
Мөн олон жилийн хугацаанд таараагүй хиймэл шүднээс үүссэн шархнаас болж хавдар үүсэх эрсдэлтэй. Тиймээс хиймэл шүд зүүдэг хүмүүс заавал өөртөө таарсан шүдийг зүүхээс гадна эмчийн зөвлөгөөний дагуу цаг тухайд нь сольж байх хэрэгтэй. Нэгэнт дасчихсан шүдээ солихгүй гээд удаан хугацаагаар солихгүй явах нь буруу.
“18-аас доош наснаас эхэлж утаат тамхийг татаж эхэлсэн бол амны хөндийн хортой хавдраар өвчлөх магадлал эрс нэмэгддэг”
- Ямар амьдралын зуршилтай хүмүүс энэ төрлийн хавдраар түлхүү өвчилдөг юм бэ?
- Жилдээ 500-с илүү хайрцаг буюу өдөрт нэг хайрцаг болон түүнээс дээш утаат тамхи хэрэглэж байгаа хүн толгой хүзүүний хортой хавдраар өвчлөх магадлал нь тамхи огт хэрэглэдэггүй хүнээс 5-25 дахин их гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн байдаг.
Түүнчлэн 18-аас доош наснаас эхэлж утаат тамхийг татаж эхлээд олон жил болсон бол амны хөндийн хортой хавдраар өвчлөх магадлал эрс нэмэгддэг.
- Энэ төрлийн хавдраар хэдэн насанд голцуу өвчилдөг вэ?
- Хүүхэд насанд оношлогдож байгаа хорт хавдрууд ихэвчлэн удамшлын шалтгаантай байдаг. Толгой хүзүүний хорт хавдрын хувьд амьдралын хэв маягтай холбоотойгоор үүсдэг учир 50-60 насны эрчүүд голцуу өвчилдөг. Энэ нь эрчүүдийн дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Эмэгтэй хүйсэнд 2-3 дахин бага тохиолддог.
Энэ төрлийн хавдрын онцлог нь дийлэнх нь ил байрлалтай байдаг. Нармай, төвөнх зэрэг эрхтнүүдэд заавал багажаар шинжилгээ хийх шаардлагатай ч амны хөндийн хавдар бол амаа ангайхад л харагдаж байдаг. Тиймдээ ч олон улсын жишгээс харахад энэ төрлийн хавдрын эрт илрүүлэг шүдний эмнэлэг дээр оношлогддог. Учир нь амны ёроол, буйлны салст дээр ургаж байгаа болон хэл, завьж, уруул зэргийн хавдрууд энгийн амны хөндийн үзлэгээр л эрт илрэх боломжтой байдаг.
- Манай улсын хувьд толгой хүзүүний байрлалтай хорт хавдар хэр элбэг тохиолдож байна вэ?
- Манай улсад 2021 оны байдлаар 222 шинэ тохиолдол бүртгэгдэж тухайн жилд 113 хүн нас барсан байна. Энэ нь 222 хүнээс 113 хүн өнгөрчихсөн гэсэн үг биш гэдгийг анхаараарай.
Уг тоон баримтаас харахад жилдээ 200 гаруй хүн оношлогдож 100 гаруй хүн энэ төрлийн хорт хавдраас болж нас барч байна.
Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж байдаг хөхөнцөр вирусын зарим төрлүүд нь толгой хүзүүний байрлалын хорт хавдрын шалтгаан болж байгаа гэсэн судалгаанууд сүүлийн үед их гарах болсон
- Энэ төрлийн хорт хавдруудаас бамбай булчирхайн хорт хавдар түлхүү тохиолдож байгаа нь ажиглагддаг.
Толгой хүзүүнд байрлалтай бас нэгэн төрлийн түгээмэл тохиолдох хортой хавдар бол бамбай булчирхайн хавдар.
Дэлхийн хүн амын дунд бамбай булчирхайн зангилаат эмгэг нь тохиолдол ихтэй өвчний тоонд ордог ба ихэвчлэн хоргүй буюу шууд амь насанд аюул учруулахгүй өвчин юм.
Тэдгээр зангилаат эмгэгтэй хүмүүсийн дунд 5-6% нь хортой хавдартай байдаг ба санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Учир нь бамбай булчирхайн хортой хавдар эрт үедээ бараг л зовиургүй байдагтай холбоотой. Бамбай булчирхайн хортой хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эдгэх магадалал 90-с дээш хувьтай.
Тархалтын хувьд эмэгтэй хүйсэнд давамгай бөгөөд 30-40 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдож байгаа нь онцлог байна. Манай улсад эрт илрүүлэлтэд хамрагдаж байгаа хүмүүсийн дийлэнх нь ахмад насны хүмүүс байна. Гэтэл бамбай булчирхай зэрэг залуу хүмүүс өвчилж байгаа хавдрууд олон байгаа учир залуучууд эрт илрүүлэгтээ идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна.
- Хортой хавдраар өвчлөгсөд залуужиж байгаа гэсэн шалтгаан нь юу вэ?
- Дэлхий улс орнуудад зөвхөн архи, тамхины хэрэглээнээс гадна вирусын халдварын шалтгаант толгой хүзүүний хортой хавдрууд сүүлийн 20-30 жилийн хугацаанд эрс нэмэгдэж байгаа нь сонирхолтой. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэж байдаг хөхөнцөр вирусын зарим төрлүүд нь толгой хүзүүний байрлалын хорт хавдрын шалтгаан болж байгаа гэсэн судалгаанууд сүүлийн үед их гарах болсон. Тухайн вирусын шалтгаант толгой хүзүүний хортой хавдар нь амьжиргааны түвшин дээгүүр, дээд боловсролтой, архаг хууч өвчингүй, эрүүл амьдралын хэв маягтай, насны хувьд харьцангуй залуу хүмүүст ч тохиолдож байгаа нь онцлог байгаа юм.
30-40 насны ялангуяа эмэгтэйчүүд бамбайн хортой хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж байх нь зөв юм.
- Хүмүүс шинжилгээг үнэтэй гэж бодож өвдсөн ч тоохгүй явсаар өвчнөө хүндрүүлдэг шүү дээ. Энэ төрлийн хорт хавдрын шинжилгээний хувьд ямар байдаг вэ?
- Бамбай булчирхайн хортой хавдрыг эрт илрүүлэхэд зөвхөн ЭХО байхад л бараг хангалттай гэж хэлж болно. Зардал болон цаг хугацаа бага зарцуулдаг, хор нөлөөгүй шинжилгээгээр илрүүлэх боломжтой тул 30-40 насны ялангуяа эмэгтэйчүүд бамбайн хортой хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж байх нь зөв юм. Хэлний хавдрыг эрт илрүүлэхэд бодит үзлэгээр хараад тэмтрээд үзчихдэг бол нармай төвөнх зэрэг эрхтний хавдрыг заавал компьютер томографаар эсвэл дурангийн шинжилгээ ЭХО гэх мэт багаж ашиглаж байж оношилдог байх нь.
Илт шинж тэмдэг илэрч хүн өөрөө өөрийгөө оношлох хэмжээнд хүрсэн байвал тухайн хавдар хүндэрсэн байна гэсэн үг
- Ямар шинж тэмдгүүд удаан хугацаанд түлхүү ажиглагдаж байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй вэ?
- Зарим толгой хүзүүний байрлалтай хавдар нь хүзүүнд овгор зүйл мэдэгдэж оношлогддог. Тэгэхээр толгой хүзүүний байрлалтай хортой хавдрыг иргэд өөрсдөө анзаарч чадвал эрт оношлогдож эмчлүүлэх боломжтой байдаг. Энэ төрлийн хавдруудын зарим тохиолдолд хүзүүний тунгалгийн булчирхай руу үсэрхийлэл өгдөг. Энэ нь гарт баригдах болон нүдэнд харагдах хэмжээнд томорсон байвал хавдар хүндэрсэн байна гэсэн үг.
Аман дотор шархлаа үүсэх, хавдаж томрон өвдөлт өгөх, эвэршсэн салст эдгэхгүй удах, зэрэг хэвийн бус маш олон шинж тэмдгүүд илэрнэ. Ер нь илт шинж тэмдэг илэрч хүн өөрөө өөрийгөө оношлох хэмжээнд хүрсэн байвал тухайн хавдар хүндэрсэн байна гэсэн үг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлж эрт илрүүлэлтээ хамрагдах нь чухал. Мөн амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй. Архи, тамхины хэрэглээнээс болж толгой, хүзүүний байрлалын хавдрууд зонхилон тохиолдож байгааг анхаарах хэрэгтэй.
“Хэлэн дээрх хавдар хүндэрвэл хэлийг бүтнээр нь тайрах шаардлагатай болдог”
- Нэгэнт оношлогдсон бол ямар аргаар эмчилдэг вэ? Эмчилгээний эрсдэл өндөр байдаг уу?
- Мэдээж хэрэг эрсдэлтэй. Жишээлбэл хэлэн дээр 1 см орчим хавдар байлаа гэж бодоход тухайн хүний хэлний 20-30 хувийг тайраад 70 хувийг нь үлдээнэ. Харин хавдар 4 см байвал хэлийг бараг бүтнээр нь тайрна. Улмаар тухайн хүн ярианы болон хоолоо залгиж чадахгүй болох зэрэг бэрхшээлтэй болно гэсэн үг.
Мөн хавдар хожуу шатандаа оношлогдох тусам хийгдэх эмчилгээний хувьд ч сөрөг нөлөөтэй болж эхэлнэ. 4 см хүртэл томорсон хавдар дараачийн үсэрхийлэх үе шатандаа орсон байж таарна. Улмаар хүзүүн дээр хагалгаа хийгдэнэ. Хагалгааны дараа химийн туяа зэрэг маш хүнд эмчилгээнүүдийг хийх хэрэгтэй болно. Тиймээс 1 см хүрэхгүй хэмжээний бага дээр нь оношилчих юм бол хагалгааны дараах хүнд эмчилгээнүүдийг хийлгүүлэх шаардлагагүйгээр бүрэн эдгэрэх боломжтой гэсэн үг. Эрт илрүүлэлтийг сайн хийж чадвал толгой хүзүүний байрлалын хавдруудыг бүрэн эмчлэх боломжтой.
zochin · 2023/07/27
eh buu uzegd !