“Монгол”-оос онцлох нь
2023/07/28
“17” продакшн, ДДЭШ ТВ, “Гэр комплекс”-ын хамтын бүтээл “Монгол” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны анхаарлыг татаж, монгол хүн бүрийн заавал үзэх киногоор тодроод буй.
Эрх мэдэл, эд хөрөнгөд шунасан ихэс дээдсийн балгаар амьдрал, хайр дурлал нь орвонгоороо эргэсэн Монгол хэмээх эгэл залуугийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвт эл кино гурван сар гаруйн хугацаанд кино театр руу үзэгчдийг татсаар байна. Тус киноноос онцлох зарим зүйлийг сийрүүлье.
- Монгол хүн гэж хэн бэ
Өнгөц харвал “Монгол” кино шилийн сайн эрийн түүх. Гэхдээ “Монгол” кинонд үндэсний үзэл, монгол хүний мөн чанарын талаар өгүүлсэн. Найруулагч ч “Монгол хүний мөн чанар, монгол хүний онцлог, ялгарал юу юм бэ гэдгийг л, “Бид ийм онцлогтой ийм хүмүүс шүү” гэдгийг киногоороо “хэлэх”-ийг хүсэж байна. Хаана ч, хэзээ ч хэлсэн үгэндээ байдаг монгол хүний тэр зан чанарыг кинондоо шингээхийг хүссэн” гэдгээ дурдаж байв. Тэрбээр “Монгол”-оор “Монголчууд бид чинь хэн билээ, юу билээ” гэдгийг нэлээд эх оронч өнцгөөс, гэхдээ цээж дэлдэх бус, эгэж ухаарах шаардлагаас бодогдуулж чадсан.
- Онцгой кастинг
“Монгол”-д үргэлж харж дадсан жүжигчдийг уриагүй, тэгж маркетинг хийгээгүй. Мөн дэлгэцийн уран бүтээлд ажиллаж дадаагүй жүжигчидтэй өөрөө залуу найруулагчийн хувьд тууштай ажиллахаас эмээгээгүй. Тус киноны дүрүүдэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Гавьяат жүжигчин З.Жарантав, Л.Энхбаяр, Э.Батнямбуу нараас гадна Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан нарын уран бүтээлч оролцон тогложээ. Харин тус киноны “шигтгээ” нь Т.Солонго-Уянга. Азийн супер модель эл бүсгүйн тоглосон анхны кино нь “Монгол” боловч тэрбээр Сэрчмаагийн дүрээрээ үзэгчид болон кино сонирхогчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад буй. Харцаараа ойлголцох, хэлэхгүйгээр хайрлах, нүцгэлэхгүйгээр дурлалцах, ёолохгүйгээр өвдөх, хашхирахгүйгээр тэсрэхийг “Монгол”-оос үзэж болно.
- Найруулагчийн баталгаа
Жүжигчин Б.Амарсайхан найруулагчийн дебютээ “Эргэж ирэхгүй намар” киногоор хийж, эл уран бүтээлээрээ АНУ-ын Кино академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин удаах нь “Монгол”. Эл киноныхоо талаар тэрбээр “Жүжигчин хүн бүрийн дотор хүсэл болсон мөрөөдлийн дүр байдаг шүү дээ. Зарим эрэгтэй жүжигчинд нэг тийм баатрын дүрд тоглох хүсэл ч бий. Надад ч тийм хүсэл байлаа. Миний удам угсаанд жинчин, улаач, сайн эрийн түүхүүд бий. Энэ бодол дотор явдаг, иймэрхүү кино хийх сэн гэсэн хүсэл удаан тээсэн. Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж хийлээ” хэмээн нэгэн ярилцлагадаа ярьжээ. Тэрбээр эл киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулж, мөн Монгол хэмээх гол дүрд нь тоглосон.
- Киноны чанар
“Монгол” уран сайхны кинонд үзэгч уйдахгүй адал явдалт үйл явдлуудыг байдаг л нэг, хэлбэр давамгайлсан, хуулбарлан дуурайсан жишгээс хавь илүү түвшинд гаргаж, өрнүүлж, холбож чадсан. Түүнчлэн зураг авалт, өнгө, хэлбэр хийцийн хувьд маш чимхлүүр, уран бүтээлч хандахыг эрмэлзсэн нь тод харагдана. Киноны уур амьсгал, орчин нөхцөлийг амьдруулах хүндхэн үүрэгтэй зураачийн ажил маш няхуур, зураглаач болон компьютер графикчийн гүйцэтгэл гойд, эвлүүлэг, хөгжим, дууны найруулга, микс, өнгө тавилт зэрэг пост продакшны ажил сайн болсон нь уг киног үзэгчид түүртэлгүйгээр, сатааралгүйгээр хоёр цаг гаруй үзэхэд онцгой нөлөөлсөн болов уу.
- Б.Амарсайханы чин сэтгэл
Эцэст нь, уран бүтээл бол уран бүтээлчийн эмзэглэл байдгийг жүжигчин, найруулагч, кино зохиолч Б.Амарсайхан чин сэтгэлээсээ илэрхийлэхийг хүссэн, хүссэн хэмжээндээ харуулахаар эрмэлзсэнийг “Монгол”-оос үзэх биш, мэдэрнэ. Тийм ч болохоор тэрбээр “Монгол” киногоо нэг л удаа үздэг биш, он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсжээ. Үүнийгээ “Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм” хэмээн харуулжээ.