Нээлтийн үеэр дараагийн үзүүлбэртээ амжиж орох гээд тугаа дундаа овоолсон. Төрийн далбаагаа гутаах зорилго байхгүй
2023/08/01
Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өнгөрсөн сарын 27, 28-нд боллоо.
Тус наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр морьтон баатрууд тойрч давхин төрийн далбааг газарт овоолж буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.
Энэ үйлдэл нь ямар утга учиртай байсныг Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Амартүвшингээс тодрууллаа.
Тэрбээр "Манай аймгийн наадмын нээлтэд 100 морьтон баатрын үзүүлбэр орсон. Эхлээд туг далбаатай, дараа нь сэлэм жадтай морьтон баатрууд гарсан. Морьтон баатрууд дараагийн үзүүлбэртээ орох гээд тугаа дундаа овоолж байгаа юм.
Дараагийн хөтөлбөртөө амжиж орохын тулд гартаа байгаа зүйлээ үлдээх шаардлага байсан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар төрийн далбаагаа гутаах, хүндэтгэлгүй хандах зорилго байхгүй.
Энэхүү морьтон баатруудыг Улаанбаатар хотоос хөлсөлж авч ирсэн. Нээлтийн үйл ажиллагаа дэс дараатай учир цаг хугацаандаа амжих гээд явж байгаа нь муухай харагдсан байх. Наадамчид нээлтийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун буцсан. Гэхдээ жаахан болхи харагдсан зүйл байгаа" хэмээн тайлбарлалаа.