Хүү төрүүлээгүй, гурван охинтой ээжүүд сүүлийн төрөлтөөсөө хойш арав орчим жилийн хугацаанд сэтгэл зүйн хямралтай явдгийг Британийн судлаачид тогтоожээ.

Лондоны Эдийн Засгийн Сургуулийн зан үйл судлалын профессор Пол Доланы ахалсан баг 1958 онд төрсөн 17,000, 1970 онд төрсөн 17,000 хүний амьдралын турш явуулсан судалгааныхаа үр дүнг “Journal of Behavioral and Experimental Economics” сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Уг судалгаагаар ижил хүйсийн хоёр хүүхэдтэй хосууд гурав дахь хүүхэд төрүүлэхээр яардаг нь эсрэг хүйсийн хүүхэдтэй болох хүсэл сонирхолтой нь холбоотойг тогтоожээ. Эсрэг хүйсийн хоёр хүүхэдтэй хосууд энэ тал дээр төдийлөн яардаггүй байна.

Харин гурав дахь хүүхэд нь өмнөх хоёртойгоо ижил хүйстэй төрсөн бол эцэг эхчүүдийн сэтгэл зүй хямардаг нь судалгаанаас харагджээ.

Ингэхдээ гурван охинтой болсон ээжүүдийн сэтгэл зүй хамгийн гүн хямарч, дараагийн арван жилийн турш үргэлжилдэг нь тогтоогдсон байна.

Үүнд аавын хандлага ээжийн сэтгэл зүйд нөлөөлөөгүй гэж судлаачид дүгнэжээ.

Харин хоёр охин, эсвэл хоёр хүүтэй хосуудын сэтгэл зүй үүнтэй харьцуулахад илүү сайн байсан байна. Гэхдээ бас л хоёр охинтой болсон ээжийн сэтгэл зүй аавынхтай нь харьцуулахад ялимгүй дор байжээ.

“Бидний боловсруулсан мэдээллээс хүүгүй, хоёр охинтой ээжүүдийн сэтгэл санаа охингүй, хоёр хүүтэй ээжүүдийнхээс илүү дундуур байдаг нь харагдаж байна. Магадгүй энэ нь хөвгүүдийг илүүд үздэг хуучирсан үзэлтэй холбоотой байх” гэж профессор Долан дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian