Сүүлийн хоёр сарын хугацаанд хотод хоёр ч удаа үер боллоо. Уулын хормой, голын бэлчир дагаж баригдсан орон сууцнуудад амьдрах аюултай гэдэг нь тодорхой боллоо. Угтаа, хотын хамгийн үнэтэй, гоё орон сууцнууд дээрх байршлуудад бий. Сэлбэ, Дунд гол дагуу, Туулын хөвөө дагаад дахиад ч олноороо баригдаж байна. Ийм барилгыг барихдаа голын гольдролыг өөрчилнө. Бургасыг хядна.

 

 

Тэгчихээд “...Хотын хамгийн “гоё” байршилтай, цонхоороо голын чимээ сонсож, урсгал хардаг” гээд голын ай сав, бэлчирт, албан ёсоор үерийн хамгаалалтын бүсээр зарлагдсан, хуулийн дагуу амьдрах байтугай дамжин өнгөрөхдөө ч болгоомжтой байх ёстой газруудад өндөр үнэтэй орд харш олныг сүндэрлүүлсээр ирсэн. Харамсалтай нь энэ бүгд ардаа дандаа албан тушаал, эрх мэдлийн “зөвшөөрөл”-тэй байдаг.

 

 

Тухайлбал, одоогоос жилийн өмнө НОБГ-ын ажилтан ...Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй” гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байв. Мэдээж хэрэг, тийм газарт барилга, орон сууц босгоно гэдэг бол мөнгөтэй, танилтай, ер нь “ар”-тай хүний л хийх ажил юм. Олон хууль тогтоомж зөрчиж, олон даргын зөвшөөрөл шаарддаг учраас жирийн хүнд газраас эхлээд юу нь ч олдохгүй. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар “...Хотын хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж байгаа” гэдэг. Үүний нэлээдийг үнэтэй хорооллууд эзэлнэ.  Нөгөө л гол дагасан “гоё” байруудыг хэлж байна л даа.

 

 

Одоо хар даа, ус бууж, үер дохиолонгуут хамгийн түрүүнд тэнд амьдрагсад л айж мэгдэж байна. Хамгийн түрүүнд тэдгээр орон сууцны зоорийн давхар усанд автаж байна. Тэр болгонд суурь нь суларч байна л гэсэн үг. Нэг үер, хоёр үерийг ингэж давж болно л доо. Гэхдээ алсдаа аюултай гэдгийг дохиолоод байгаа хэрэг.

 

 

Зуны ийм үерээс гадна цэвдгийн гай гэж бас бий. Тэгэхээр гол дагасан гоё байруудад ирээдүй байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Явж явж уулаа л бараадах нь зөв болно. Аминд өлзийтэй. Эд хөрөнгөд ээлтэй. Ийм л ганц гарц болж үлдлээ шүү. Ингэж гэмээнэ ирээдүйн олон гамшгаас мултрах бас нэг хамгаалалт болно.

Ер нь тэгээд байгалийн хууль, араншин ч өөрчлөгдөж байна. Наймдугаар сар гараад удаагүй байна. Ийм үер дахиад хэд болохыг үгүйсгэхгүй. Энэ зундаа ч биш ирэх жилүүдэд улам л бэрх болно. Сая харсан даа, үерийн гамшгаас эрх мэдэл хамгаалахгүй, мөнгө аврахгүй гэдгийг?

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин