Ногдол ашгаа авахын тулд Монгол улсын ерөнхийлөгчөөс дэмжлэг хүснэ сэдвээр иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Иргэн Г.Хажидмаа "Иргэдээ ядуурлаас гаргахын тулд ногдол ашиг болох хоёр сая төгрөгийг олгодог байгаач ээ гэж өнөөдрийг хүртэл ярьсаар байна. 

Өнгөрсөн сард ногдол ашгийг шаардаж байгаа иргэдийн төлөөлөл "Эрдэнэс Таван толгойн" байгаа нөхцөлтэй очиж танилцсан. Тэнд бүтээн байгуулалт хийгдэж угаах, баяжуулах үйлдвэрүүд баригдаад 40-50 хувьтай явж байгаа юм байна. 

Ногдол ашиг шаардаад явах үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс дарамт ирж, цагдаагаас дуудуулж байна. Иймд бид энэ асуудалд Монгол улсын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэж байна. Ерөнхийлөгч болон МАН анх төр барьж эхлэхдээ мөрийн хөтөлбөртөө баялагтаа эзэн монгол иргэнийг бий болгоно гэсэн. Манай улсын хүн амын дийлэнх нь нэн ядуу байгаа энэ үед баялагтаа эзэн иргэнийг хэзээ бий болгох юм бэ? Одоо аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой"-н онцгой дэглэм зогсоно. Үүнтэй холбоотойгоор бид урьдчилж ногдол ашгаа шаардаж эхэлж байна" гэлээ. 

Иргэн н.Адьяасүрэн "Одоо Хятадаас коксожсон нүүрс оруулж ирж турших асуудал яригдаад байна. Хэнтийгээс гарч ирсэн удирдлагуудаа тэр туршилтаа Хэнтийн вант улсдаа очиж хий. Улаанбаатарчууд туршилтын хархнууд юм уу? Монголын ард түмний өмнөөс салаавч биш зангидсан хоёр гараа өгье. Монголчууд бүгдээрээ бухимдаж байна. Сайжруулсан түлшийг хортой байсан юм байна гээд болиод үнэгүй зөөсөн нүүрснийхээ хариуд хортой нүүрс оруулж ирэх гэж байна" гэв.