Тарваганы мах хэрэглэсэн тохиолдолд байгаа газраа зургаан хоног биеэ ажиглах хэрэгтэй
2023/08/14
Улсын онцгой комисс болон Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс тарваган тахлын талаар мэдээлэл өглөө.
2023 он гарснаас хойш улсын хэмжээнд тарваган тахал өвчний батлагдсан тохиолдол Говь-Алтай аймгийн Бугат суманд болон Улаанбаатар хотод бүртгэгдээд байгаа юм.
17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэр тарваган тахал өвчний нутагшмал голомттой юм. Үүнээс 15 аймгийн 81 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэсэн мэдээлэл байгаа аж.
Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж, тарвага агнахгүй, түүхий эд, махыг нь хэрэглэхгүй болон хот суурин газарт зөөвөрлөхгүй байхыг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү санууллаа.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвийн тархвар судлагч эмч Д.Отгонбаяр "Сүүлийн 10 жилд зургаан аймгийн 11 суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нийт 17 тохиолдол бүртгэгдсэн.
Тарваган тахал нь зоонозын хурц халдварт өвчин юм. Тарваган тахлын голомттой бүс нутгуудад баруун таван аймаг болон төвийн аймгууд ордог.
Өнөөдөр тарваган тахлын тохиолдлын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн. Нийслэл, аймаг, сум аль ч бүсэд тарваган тахлын дэгдэлт гарах эрсдэлтэй.
Тарваган тахал өвчний нууц хугацаа зургаан хоног байдаг. Иймд тарваганы мах хэрэглэсэн тохиолдолд байгаа газраа зургаан хоног биеэ ажиглах хэрэгтэй" гэлээ.