Э.Мягмарханд: Гуанзны хоолны дундаж үнэ 29%, атар талхны үнэ 44%-аар тус тус өссөн
2023/08/17
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний долоон сарын статистик үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Тэрбээр "Инфляцад голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүнийг нэрлэж байна. Тухайн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 45.3 хувийг тайлбарлаж байгаа юм. Талх, гурил, будааны үнэ жилийн 32.3 хувийн өсөлттэй буюу нийт инфляцад 2.2 нэгж хувийн нөлөө үзүүлсэн" хэмээв.
Долдугаар сарын байдлаар
- ястай хонины махны килограммын дундаж үнэ 15.3 мянган төгрөг болж, жилийн 23.7 хувиар,
- ууттай гурилан боовны үнэ 6,000 төгрөг болж 29.3 хувиар,
- үхрийн цул махны килограммын дундаж үнэ 21,675 төгрөг болж жилийн 27.6 хувиар,
- үхрийн ястай махны килограммын дундаж үнэ 19,000 төгрөг болж 25.9 хувиар,
- нэг килограмм нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2,391 төгрөг болж жилийн 69.3 хувиар,
- гуанзны хоолны дундаж үнэ 9,786 төгрөг буюу 28.8 хувиар,
- атар талхны үнэ 2,443 төгрөг болж 43.5 хувиар тус тус өссөн гэдгийг танилцууллаа.
Тэрбээр "Үнийн нөлөөллийг арилгаж тооцсон буюу өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн.
500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна" хэмээв.
Харин өрхийн сарын дундаж зарлагын тухайд "Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.
Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн" гэдгийг хэллээ.
Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна. Тухайн ажиллах хүчний 94.2 хувь нь энэ оны хоёрдугаар улиралд хөдөлмөр эрхэлж байгаа аж.
Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.6 мянга буюу 0.4 хувиар буурчээ. Харин өмнөх улирлаас 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зочин · 2023/08/17
S AWN80955877