ЧУЛУУНЫ ЛХАГВА

(1940-2023 ОН)

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан, багш, сэтгүүлч, орчуулагч, волейболын спортын мастер Чулууны Лхагва 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, хэвлэл мэдээлэл, боловсрол, спортын салбарт хүнд гарз тохиолоо. 

 

Ч.Лхагва нь 1940 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уул хэмээх газар малчин ард Чулууны дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрбээр 1948-1958 онд Цогтцэций сумын дунд сургууль, аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1958-1959 онд МУИС-ийн хэлний бэлтгэл анги, 1959-1962 онд ЗХУ-ын Москва хотын Геологи хайгуулын дээд сургуульд суралцсан байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон учраас эх орондоо ирж, 1962-1963 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд багшаар ажиллаж байгаад, 1963 оноос Улсын багшийн дээд сургуульд Орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр суралцаж, 1968 онд улаан дипломтой төгссөн. 1968-1975 онд Улсын багшийн дээд сургуульд багш, 1975-1990 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлд утга зохиолын ажилтан, орчуулагч редактор, ахлах редактор, 1990-2001 онд МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний редакцад орчуулагч-редактороор олон жил үр бүтээлтэй ажиллан, гавьяаны амралтад гарч, 2001-2007 онд хэсэг нөхдийн хамт МОНЦАМЭ агентлагийн дэргэд Орчуулгын товчоо нээн ажиллуулж байв.

 

Тэрээр уран зохиолын орчуулгыг 1960-аад оны дунд үед оюутан байх цагаасаа эхлэн хийж, “Утга зохиол урлаг”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Пионерийн үнэн”, “Залуу үе”, “Залгамжлагч”, “Тоншуул”, “Намын амьдрал”, “Эдийн засаг”, “Ухуулагч” зэрэг сонин, сэтгүүлд нийтлүүлж иржээ. Мөн 1970-1980 онд Монголын радиогийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцад өгүүллэг, тууж орчуулан зохиомж бичиж өгч, хүүхдийн нэвтрүүлгийн “Алтан сан”-д 20 гаруй орчуулгын бүтээлээ хадгалуулсан, сонин, сэтгүүл, радиогоос удаа дараа оны шагнал хүртсэн бүтээлч эрхэм байв. 

 

Ч.Лхагва нь 1975 оноос “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлд ажиллах болсон цагаас тухайн үеийн МАХН, ЗХУКН-ын их, бүгд хурал, зөвлөгөөний илтгэл, тогтоол, шийдвэр, олон улсын хурал зөвлөгөөний баримт бичгүүдийг орчуулахад тогтмол оролцож байснаас гадна онол, улс төрийн 20 гаруй ном, товхимлыг орчуулж нийтлэхэд хамтран орчуулагчаар оролцсон байна. Мөн Н.Лесковын “Араатан номхотгогч”, А.Кузнецовагийн “Ачит багш”, Д.Медведевийн “Ровнод болсон явдал”, А.Бекийн “Волоколамскийн их зам”, В.Беловын “Зай ч байна, лай ч байна”, Э.Сафановын “Цэнхэр тэнгэрийн доогуур” зэрэг 20 гаруй тууж, романыг орчуулж олны хүртээл болгожээ. Түүний орчуулсан мэдээ, тойм, нийтлэлүүд 1990 оноос хойш “Үнэн”, “Ардын эрх”,“Засгийн газрын мэдээ”, “Улаанбаатар”, “Нийслэлийн сонин бичиг”, “Спортын мэдээ”, “Эрүүл мэнд” зэрэг төвийн сонинд МОНЦАМЭ агентлагийн нэрээр олон жил нийтлэгджээ.

 

Ч.Лхагва нь багш, орчуулагч, редакторын ажлын хажуугаар залуу наснаас гар бөмбөгийн спортоор хичээллэж, улс, хотын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиадад олон удаа оролцож, алт, мөнгө, хүрэл медаль 20 гаруйг хүртсэн, Волейболын спортын мастер зэрэгтэй тамирчин хүн байлаа. Тэрээр гар бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцон “Ахмад волейболчдын клуб”-ийг байгуулж, Ахмад волейболчдын холбооны тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, хэсэг нөхдийн хамт сонирхлынхоо дагуу “Нисдэг бөмбөг” спортын сонин эрхлэн гаргаж байв.

 

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг, олон нийтийн байгууллагаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус  тус шагнуулжээ. Мөн Засгийн газрын болон МАХН-ын Төв хорооны хүндэт жуух, Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн яамны Хүндэт жуух бичиг, Монголын Олимпын хорооны Хүндэт жуух бичиг, Олимпын наадмын дурсгалын “Мөнгөн медаль”-аар шагнажээ.

 

Ч.Лхагваагийн хөдөлмөрч, эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвих үлгэр дууриалал нь гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, найз нөхөд бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНЦАМЭ агентлагийн хамт олон, Ахмадын хороо