Орон сууцны айлууд олон сар, жилээр төлбөрөө төлдөггүйгээс СӨХ-д нийт ₮26 тэрбумын авлагатай байна
2023/08/24
Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ) нь нийтийн орон сууцны байшинд оршин суугчдын дундын эзэмшлийн эд хөрөнгө болон орчны газрын ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавин оролцдог ашгийн бус байгууллага юм.
Оршин суугчид аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломжоо бүрдүүлж, дундын эзэмшлийн эд хөрөнгөө хариуцуулах эзэнтэй байлгахын тулд тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг сар бүр СӨХ-нд өгөх шаардлагатай. Энэхүү төлбөр нь орон сууцны талбай, оршин суугчдын тоо, хийх ажил, онцлог зэргээс үүдэн харилцан адилгүй байдаг. Монголын Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд Зөвлөл (МСӨХДЗ)-өөс м.кв-ыг 300-600 төгрөгийн жишиг тариф тогтоож өгсөн байдаг бөгөөд үүнийг дагаж мөрдөх нь тухайн СӨХ-ны сонголтын асуудал юм.
Нийтийн зориулалттай орон сууцны иргэдийн 70 хувь нь 15-20 мянган төгрөгийн хураамжийг сард төлдөг байна.
СӨХ-ны хураамжийн ялгаа, эзлэх хувиар
Оршин суугчдаас хамаараад СӨХ-ны төлөлт ч харьцангуй байдаг аж. Тухайлбал зэрэглэл өндөртэй хотхоны оршин суугчид төлбөрөө цаг тухайд нь хоцроохгүй өгдөг бөгөөд цөөн хувь нь төлөхгүй тохиолдол байдаг ч үйл ажиллагаа хэвийн явагддаг. Гэвч хотын зах орчмын хуучин орон сууцны оршин суугчид төлбөрөө байнга хоцроодог, хэдэн сараар төлөхгүй байх нь энгийн үзэгдэл гэж холбогдох эх сурвалж мэдээлж байв. Үүнээс үүдэж ихэнх СӨХ-ны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болоод удаж буй.
Монгол Улсын хэмжээнд 100 хувь төлөлттэй СӨХ гэж байдаггүй гэнэ. Орон сууцны дундын эзэмшлийн эд хөрөнгө болон байрны гаднах орчны цэвэр, аюулгүй, тав тухтай байдал нь тухайн байрны оршин суугч бүрд хамаатай асуудал мөн. Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.
Одоо мөрдөгдөж буй "Орон Сууц Өмчлөгчдийн Холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль"-иар хуулиар СӨХ-ны төлбөрөө төлөлгүй зургаан сараас хэтэрвэл үл маргах журмаар шүүх рүү шилжүүлэх эрхтэй байдаг аж. Гэвч шүүхийн процесс удаан явагддаг учир тэр бүр СӨХ-нууд шүүхэд ханддаггүй байна.
СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 2003 оны хууль нь СӨХ болон оршин суугч иргэдийн эрх үүрэг болон хариуцлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа тул хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байгаа аж.
Гэвч зарим оршин суугчийн СӨХ-ны мөнгөө өгөлгүй хоцроодгоос болж төлбөрөө өгсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм
Тус шинэчилсэн хуулийн төсөл дээрх МСӨХДЗ-ийн санал, байр суурийг гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр "Барилга, Хот Байгуулалтын Яам дээр орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг нэгтгэн орон сууцны ашиглалтын тухай хуулийн төсөл боловсруулж байна. Нөгөө талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар дээр СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулна гэсэн хоёр тусдаа ажлын хэсэг байгаа.
МСӨХДЗ-өөс аль, аль хуулийн төсөл дээр саналаа өгөөд явна. Хуучин хууль нь тийм ч муу хууль биш боловч зөрчигдөөд байгаа асуудлыг цаг үетэйгээ холбон шинэчлэх шаардлагатай байгаа учраас төрийн хоёр байгууллага нэг талдаа гарч хуулиа боловсруулах хэрэгтэй. Учир нь яг хаашаа нь хандаж хамтарч ажиллах нь тодорхойгүй байгаа тул үүнийг нэн түрүүнд шийдвэрлэж нэг талд нь гаргах чухал байна.
Хуулийн төслөө шинэчлэхдээ зөвхөн СӨХ биш барилга орон сууцны тухай хуультай уялдуулж боловсруулах шаардлагатай байна. СӨХ-ны биеэ даасан хуультай байж гэмээн иргэдэд ойлгомжтойгоос гадна хуулийн хэрэгжилт ч хангалттай байх юм. Орон сууцны тухай хууль болон СӨХ-ны хуулийг бие даасан байдлаар боловсруулахгүй бол дунд нь үл ойлголцол бий болох талтай. Харин хоорондын уялдааг Орон сууц нийтийн аж ахуйн салбарын багц хуулиар зохицуулах шаардлагатай" гэв.
Хуулийн төсөлд СӨХ-ны хураамжаа төлөөгүй айлын зарим хэрэглээг хязгаарлах заалт тусгахаар ярилцаж байна
Улсын хэмжээнд иргэд төлбөрөө олон сар жилээр төлдөггүйгээс үүдэж нийт СӨХ-д 26 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Иргэний хууль дээрээ заавал төлөх ёстойг зааж өгсөн байдаг учир үүнээс зайлсхийх ямар ч аргагүй. СӨХ-ны хураамжаа төлөөгүй айлыг өмчин дээр нь хязгаарлалт хийхээр хуулийн төсөл дээр яригдаж байгаа аж.
Тухайлбал дундын өмчийн эд хөрөнгө болох СӨХ-ны цахилгааны шугамаар эрчим хүчнийхэн хэрэглээгээ айлуудад хүргэчхээд СӨХ-гоор өмчөө засуулдаг. Гэтэл мөнгөө төлөөгүй айлыг биш нийтээр нь тог тасалдаг. Үүнтэй адилхан СӨХ-ны мөнгөө төлөөгүй айл дээр л хэрэглээний хязгаарлалт хийж болно. Мөн оршин суугчдад лифтээр зорчих карт олгосноор СӨХ-ны хураамжаа төлөөгүй өрхүүд өөрийнхөө зорчих эрхийг хязгаарлаад явган шатаар зорчих жишээтэй. Харин ус бол хүний анхдагч хэрэгцээ учир таслах эрхгүй гэлээ.
СӨХ-ны хураамжаа төлөөгүй иргэдээс болж төлбөрөө төлсөн бусад оршин суугч дундын эзэмшлийн талбай болон гадна орчин тойрондоо аюулгүй, тав тухтай байх боломжоо алдсаар байдаг. Тиймээс уг асуудлыг шийдэхээр нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа иргэдийн мөрдөх журмыг маш нарийн зохицуулалттай болгож өгөх юм байна.
Иргэд нийтийн орон сууцны байшинд амьдардаг бол дундын эзэмшлийн эд хөрөнгөд төлбөр төлөх нь мэдээжийн асуудал юм. Харин тухайн байрны оршин суугч санал асуулгаар хийгдэх ажил дээр саналд оролцохыг татгалзсан бол СӨХ мөнгө нэхэх эрхгүй нөгөө талаас төлбөр төлөхийг эсэргүүцсэн иргэн тухайн өмчийг ашиглахыг шаардах эрхгүй гэсэн зохицуулалт хуульдаа байдаг аж.
Харин СӨХ-ны тухайд хуулийн шинэчилсэн найруулга дээр хариуцлагыг хатуу нарийн болгоно. Хугацаандаа ажлаа тайлагнаагүй, хийсэн ажил нь шалгалтаар чанаргүй нь тогтоогдвол авах арга хэмжээ болон хариуцлага тооцох субъектийг хуулийн зохицуулалтаар маш тодорхой, нарийн болгож оруулж ирнэ гэнэ. Учир нь СӨХ хийгдэх ажлаа шударгаар чанартай хийж гүйцэтгэдэггүй гэх оршин суугчид цөөнгүй байдаг. Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1,638 СӨХ-ноос 480 гаруй нь шилэн болсон байна.
Нэмж дурдахад орон сууц хүлээн авах улсын комисст СӨХ-ны төлөөллийг оролцуулдаггүйгээс үүдэн цэцэрлэг сургуулийн төлөвлөлтгүй, тоглоомын талбай, ногоон байгууламжгүй зэрэг орчны газрын стандарт бус барилгыг хүлээж авдаг тохиолдол бий. Тухайн барилгын компанийн барьсан орон сууцыг улсын комисс нь хүлээж аваад л орхичихдог. Гэтэл тухайн өмчин дээр үлдэж, эцсийн мөч хүртэл харж хандах хүмүүс нь зөвхөн оршин суугчид болон СӨХ юм.
Уг асуудалд Ерөнхий сайд төлөвлөлтгүй барилга хүлээж авч байгаагийн цаад шалтгаан авлига байж болзошгүй учир холбогдох улсын комиссын хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулна хэмээн онцолсон билээ.
Нийтийн орон сууцны оршин суугчдын соёл, ёс суртахууны асуудлыг СӨХ-ны төлөөллүүд хөнддөг. Оршин суугчид дундын эзэмшлийн эд хөрөнгөд хувийн өмч мэт ариг гамтай хандаж сурснаар өөрсдөөс гарах СӨХ-ны мөнгө бага байх боломжтой юм. Цаашлаад амин суурь хэрэгцээ бус тав тухтай байдлыг хангах нэмэлт засварыг байрны оршин суугчид хуралдаж шийдэж болно.
Оршин суугчдыг хураамжаа цаг тухайд нь төлж, мөн байрны удирдах зөвлөлийн хуралд идэвхтэй оролцож санал гомдлоо хүргүүлэхийг СӨХ-ноос шаарддаг байна. Харин оршин суугчдын зүгээс СӨХ-г татан төвлөрүүлсэн хуримтлалаар шаардлагатай засвар үйлчилгээ, гадна талбайн тохижилтыг чанартай хийж гүйцэтгэн, эргээд иргэддээ шударгаар тайлагнадаг байвал хүндрэл бага гарах юм.
Зочин · 2023/08/25
Ганцхан СӨА ч биш бусад төлбөрөө төлөхгүй гарууд олон байдаг хууль гаргаж ямар нэг төлбөрийг төлүүлж баймаараа
Бөхчулуун · 2023/08/25
Худдаа юм бичихээ болиоч ээ ажлаа хийдэггүй, дундын өмчийг хувийн өмч гээд ойлгочихсон, шимэгчлэн амьдардаг СӨХ-ны гаж тогтолцоонд мөнгөө төлөхгүй байгаа нь зөв шүү харин ч татан буулгаж конторуудад нь өгвөл таарна. Төр яагаад ард түмний эрх ашгийг ярихгүй паризатлан амьдрагчдыг дэмжээд хүлээж аваад байгаа юм бэ.