Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар “Эм Энд ЖИ констракшн” компанийн захирал А.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хотын дарга барилга нураана гэж мэдэгдээд байна. Тиймээс хууль зөрчсөн эсэх тухай баримттай яръя. Анх 2007 оноос Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд танайх барилга бариач, үндэсний “Алтан өргөө” гээд орон сууцыг бариач гэдэг санал тавьсан.

Дүүргийн ИТХ хуралдаад манай компанид газрын эзэмшүүлэх шийдвэр гарсан. Ингэхдээ газрыг Засгийн газрын 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгоорой гэсэн. Үүгээр усан парк зориулалтаар авчхаад, усан парк нэрийдлээр орон сууц барьсан гэдэг асуудал эцэслэгдэж байна гэж ойлгож болно. Ийм зүйл огт биш шүү гэдгийг баримттайгаар та бүхэнд үзүүлж байна.

Цаашлаад 2011 онд газрын гэрчилгээг цуцалсан. Бүх зүйл батлагдсан, ажил эхлэх гэж байхад цуцлаад Капитал банк руу шилжүүлсэн. Ингээд бид гурван шатны шүүхэд хандаад, 2012 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. 2013 онд Хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл гэдэг хүн шүүхийн шийдвэрийг биелүүлж, орон сууцны зориулалтаар газар олгох зөвшөөрлийг гаргаж өгөх байсан ч жил гаруйн хугацаанд гацаасан. Хэлдэг зүйл нь “Надтай ярь, ирж уулз, би зөвшөөрнө” гэдэг. Очиж уулзаагүй учраас зориулалт нь өөрчлөгдөөд ногоон байгууламж хэлбэрээр зөвшөөрөл олгосон.

2020 он хүртэл төслөө тасралтгүй үргэлжлүүлж байсан, төр засгаас дураараа гэнэт л зам тавиад, гүүр бариад эхэлдэг. Нийтийн эрх ашгийн төлөө танайх түр зам тавина, танайх газар дундуураа тавиулаач гэдэг хүсэлт тавьсан, зөвшөөрсөн, ингээд газар хуваагдаад эхэлсэн. Ингэж явсаар 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө усан парк, спорт цогцолборын зориулалтаар авч чадсан.

Тэгтэл тэр оны есдүгээр сард чоно борооноор гэгчээр Хотын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танай газрын эрхийг цуцалж байна гэсэн. Яагаад гэдгийг хэлээгүй, тайлбарлаагүй. Цуцалснаа бидэнд мэдэгдээгүй. Би мэдээж захиргааны шүүхэд хандаж, ялсан.

Усны тухай хууль зөрчсөн гэдэг асуудал ярьсан. Гэвч шүүхээс Усны тухай хуулийн 22.4-т онцгой дэглэм тогтоох эсэхийг БОАЖ болон БХБ-ын сайд шийднэ гээд биччихсэн байгаа. Үүний дагуу хоёр сайдын хамтарсан тушаал гараад, үерийн далан байгаа бол тэнд онцгой дэглэм тогтоохгүй гэчихсэн. Энэ журам өнөөдөр мөрдөгдөж байгаа.

Манайхаас бусад бүх үерийн далантай газрууд барилга бариад л байгаа. Гол хоёр эрэгтэй байдаг биз дээ. Яагаад голын хойд эрэг дээр журам үйлчлээд, урд талд нь тэгвэл үйлчлээд байгаа юм бэ. 3999 гэрчилгээ байхад нэгэн дээр нь л үйлчлэх юм яриад байгааг ойлгохгүй байна. Үерийн далантай бол онцгой дэглэм тогтоохгүй, 50 метр үйлчлэхгүй гээд хууль чинь байна шүү дээ. Ингээд бусад нь барилга бариад, намайг л барьж болохгүй гэх юм. Бид Усны тухай хууль зөрчөөгүй, тийм байтал зөрчсөн мэтээр гүтгэж байна.

Үерийн асуудал гарлаа. Өнгөрсөн зургадугаар сард болсон Дунд голын үер манай компанитай холбоотой гэж бодож байна уу. Манайх ямар нөлөө үзүүлсэн юм бэ. Бид голыг боосон байна уу. S outlet усны урсцыг боогоод, чөлөөтэй урсаж чадахгүй ус сэтэрсэн, тэгээд бүхэлдээ хальж нүхэн гарцаар гараад манай руу урсаж орж ирсэн шүү дээ. Цаашлаад голыг шахаж барьсан Шунхлайн ШТС-аас болсон юм. Нийтээрээ нийгмээрээ ойлгомжтой байхад үер ус, гамшиг танайхаас болсон нураана гээд муйхраар зүтгэж болохгүй.

Барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Бид хууль зөрчөөгүй байхад яагаад бид ажлаа зогсоох ёстой гэж. 500 айл захиалгаа өгөөд, мөнгөө төлчихсөн, тэдний 40 тэрбум төгрөг барилгын ажилд хөрөнгө оруулалт болоод орчихсон байхад бид ажлаа яагаад зогсоох юм. Шалгалтын үйл ажиллагаа дуустал барилгын ажлыг зогсооно гэнэ. Шалгалт нь явагдаагүй, бид өөрсдөө ирээд шалгаад өгөөч гээд хандаж байна. Ирж шалгахгүй байна. Хотын даргын нураах захирамж гарсан гэнэ. Үнэхээр гарсан юм уу, би олж хараагүй. Ийм захирамж байгаа юм уу. Байгаа бол би үзмээр байна.

Өнөөдөр хэвлэлд хандаж буй үндсэн гол шалтгаан танайд дулаан өгөхгүй гэнэ. Анхнаасаа өөрсдөө болно бүтнэ гэж зөвшөөрөл өгчхөөд одоо болохоор дээрээс чиглэл ирсэн болохгүй гэх юм. Манайх чиглэлээр ажилладаг улс болчихсон юм уу. Энэ чинь жинхэнэ авлига биз дээ.

Хамтрагч 4 компани 25 тэрбум төгрөгийн банкны зээлтэй. Сар болгон 450 сая төгрөгийн зээл төлж байна. Үүний ард захиалагч нар байгаа. Энэ хүмүүсийг боддоггүй юм уу. Шунхлай, S Outlet хоёртой тохирчихсон, одоо нураах юм гэнэ. Энэ хоёрыг нурааж болно, гэхдээ бидэнд тэднээс ялгаа байгаа. Бидний ард 600 хүний гэр орон, маш олон хүний хөдөлмөр, 2000 хүний эрх ашиг бий. Бидэнтэй тохирох гээд ирвэл бид шийдэж чадахгүй шүү дээ, тэр олон хүнийг манайх төлөөлж чадахгүй шүү дээ” гэлээ.