Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нар хоорондоо таарамжгүй тухай яриа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн үеэр анх дэгдэж байлаа.

Энэ яриа жил өнгөрөх тусам даамжирч, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар ба Монгол Улсын Шадар Сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын зөрчил хэлбэрээр ихээхэн хурцдаж байсан юм.

 

Тэр бүү хэл Д.Сумьяабазар өөрийг нь огцруулах акцийн ард Д.Амарбаясгалан байгаа гэж хардаж буй тухай ч бид мэдээлж байв.

 

Тэгвэл Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ хэдийгээр нэрийг нь хэлээгүй боловч Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазарын үйл ажиллагааг шууд шүүмжилсэн юм.

 

Тодруулбал : ""Aqua garden" хотхоны хохирогчдын мөнгийг төсвөөс гаргана гэсэн яриа байгаа шүү дээ. Засгийн Газар үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?" гэсэн асуултанд тэрээр: "Сангийн Сайд байр сууриа илэрхийлсэн. Төсвөөс энэ хохирогчдын мөнгийг гаргах асуудал яригдаагүй, боломж ч байхгүй. Яагаад гэвэл шүүх, хуулийн байгууллага энэ асуудлыг шийдвэрлэн, эцсийн дүгнэлтийг гаргана. Хэрвээ шүүх Засгийн Газар юм уу? Нийслэл Улаанбаатар хотын удирдлага, эсвэл тухайн шийдвэр гаргасан этгээдүүдийн буруутай үйлдэл гэж шийдвэл тухайн буруутай үйлдэл хийсэн этгээдүүд үүнийг төлөх ёстой болохоос биш өнөөдөр гэнэт нураана, татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг шийдвэрийг Засгийн Газар гаргах боломжгүй, тийм шаардлага ч байхгүй.

 

Ер нь Улаанбаатар хотод холбогдох албан тушаал хашиж байсан этгээдүүд гаргасан шийдвэртээ эзэн болох ёстой.Тухайн шийдвэрээ ямар утга учиртай ямар зорилгоор гаргаж байсан гэдгээ сайн тайлбарлах ёстой.

 

Түүнээс Засгийн Газар луу юм уу? Барилга Хот Байгуулалтын Яам руу чихчихээд сууж болохгүй. Холбогдох албан тушаалтнууд нь өөрсдөө гарч ирж, тайлбараа хийх ёстой. Нэг жишээ хэлье. S Outlet гээд дэлгүүр байна. Мэдээж бүх зөвшөөрлөө аваад, барилгаа бариад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авчихсан, хүний хувийн өмч. Түүнд хэн ч халдах ёсгүй нь үнэн. Гэхдээ тэр газрыг авсан түүхийг харахаар эхлээд 200 м.кв газар авчээ. Дараа нь 400 м.кв, 800 м.кв болгон, нэмж авсан байдаг. Гурван удаа гурван өөр хотын даргын шийдвэрээр өөрчлөлт орсон. Тэгээд барилга барьсан. Тэгэхээр яагаад тэр газрыг томруулаад байсан бэ? хэн ямар зөвшөөрлөөр ямар үндэслэлээр томруулсан юм бэ? гэдгийг сэтгүүлчид ухаж хөндөх ёстой.

 

Төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан, байгаа нөхдүүд л энэ шийдвэрийн цаана байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр хариуцлага алдсан бол хууль хяналтын байгууллага хариуцлага тооцно. Маш тодорхой асуудал. Улс төр орж ирэх ямар ч шаардлага байхгүй. Энэ зүгээр л хотын өдөр тутмын ажил явж байна. Хот угаасаа л ийм аж ахуйн ажил хийдэг. Засгийн Газар нэг зүйлийг маш анхаарч байгаа. Хүний амь нас үрэгдсэн , эрсдсэн. Энэ өөрөө байгалийн гамшиг байсан уу? эсвэл хүний амь эрсэдсэн нөхцлийг үүсгэсэн нь өөрөө хүний буруутай үйлдлээс үүдсэн үү? үгүй юу гэдгийг тогтоо, хэрэв хүний буруутай үйлдлээс үүдсэн бол нэн яаралтай хариуцлага тооц гэж байгаа" гэсэн билээ.