Цагдаагийн ахмад О.Цэлмэгийг өөрийн хүсэлтээр нь шилжүүлэхээр болжээ
2023/09/06
Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд алба хаагчдаас мөнгө хураадаг, үндэслэлгүйгээр цалин хасдаг талаар мэдээлсэн юм. Тэгвэл тэрбээр Булган аймгийн цагдаагийн газраас шилжиж ажиллах хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлтийг цагдаагийн байгууллагын удирдлагууд хүлээн авч, шилжүүлэхээр болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв.
Х.Нямбаатар "Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсан. Түүний дагуу шилжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг ЦЕГ-ын өмнөх дарга буюу Ж.Болд дарга надад танилцуулсан. Одоогоор албаны шалгалт хийгдэж байгаа. Зарим талаар зөрчил гаргасан гэх мэдээллүүдийг авсан. Мөн эцсийн дүгнэлтээ өгөөгүй байгаа. Тиймээс уг асуудлын талаар удахгүй танилцуулна. Ямар нэг байдлаар ажлын байрны дарамт учруулж шилжүүлсэн болон албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэлээ.