Шүүгч нар нийтээрээ чуулдаг хуультай. Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдаан буюу “Нийт шүүгчийн чуулган”-ыг хоёр жил тутамд зохион байгуулагдахаар заасан. Энэ чуулганыг Дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн Эрүү, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, Дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, ШЕЗ дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн, ийм ажлын хэсэг уг чуулганыг зохион байгуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, шүүх нь төрийн үйл ажиллагааны тодорхой үүргийг хэрэгжүүлэгч, бие даасан нэг засаглал гэдэг утгаараа  “Нийт шүүгчийн чуулган” нь уг засаглалын өөрөө удирдах ёсны хамгийн дээд тогтолцоо болж буй юм. Хууль тогтоогчдын зүгээс Шүүхийн тухай хуульд шүүхийн бие даасан байдлыг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан зохицуулалтуудын нэг нь энэ болсон хэрэг. Энэ дагуу анхны чуулган нь 2021 оны аравдугаар сарын 11-нд болж байв. Тус чуулганаар ШЕЗ болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулсан.. Нийт шүүгчийн олонхын санал авсан Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг нарыг ШЕЗ-ийн  шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм. Мөн нууц санал хураалтаар олонхын санал авсан  Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар нар Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсон. Түүнчлэн төлөвлөснөөрөө “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталсан.

Тэгвэл хоёр дахь удаагийн “Нийт шүүгчийн чуулган” 2023 оны есдүгээр сарын 28-нд болох гэж байна. Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн энэ сарын 4-нд хуралджээ. Ажлын хэсэгт Дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Тунгалагсайхан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн,  ШЕЗ-ийн гишүүн Н.Баасанжав, Л.Энхбилэг нар сонгогдсон байна. Харин ажлын хэсгийн ахлагчаар Дээд шүүхийн шүүгч М.Батсуурийг сонгожээ. Дээрх хуралдаанаар ээлжит чуулганы зохион байгуулалт, бэлтгэл ажил, чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт зэргийг хэлэлцжээ. Хэлэлцэх асуудлыг одоогоор олон нийтэд ил болгоогүй байна. Гэхдээ энэ удаагийн чуулган нь удахгүй УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Шүүх байгууллагын тухай хуулийн өмнөх болж буйгаараа онцлог юм. Мөн энэхүү “Нийт шүүгчийн чуулган”-аар шүүх зарим “дотоод асуудал”-аа хэлэлцэх мэдээлэл байна. Учир нь “Нийт шүүгчийн чуулган-ыг хуульчлахдаа зорилтыг нь “Шүүх өөрийн удирдлага, хариуцлагадаа дэвшил гаргах, шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой” хэмээсэн байдаг. Тэгэхээр шүүхэд итгэх итгэлийг сэргээх, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангахтай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх бололтой. Эдгээр дээр анхан, дунд шатны голдуу шүүгч нар ч үгээ хэлж, байр сууриа илэрхийлэхээр бэлдэж буй аж. Товчхондоо, энэ удаагийн “Нийт шүүгчийн чуулган”-аар шүүгч нар шүүхээ “аврах” талаар ярилцах бололтой.

 

Б.БАЯР

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)